Айдсыг дарснаар нээлттэй, ухамсартай амьдарч чадна

Twitter Print
2021 оны 07-р сар 29-нд 11:06 цагт
Мэдээний зураг,

Скандиновын орнууд болон германы боловсрол, улстөр, нийгмийн олон талт асуудлын хэлэлцээрт сонсогчоор сууж байхдаа би нэг зүйлийг бодолхийлж байв. Энэ орнуудад хүмүүс яагаад ухамсартай, нээлттэй амьдарч чадаж байна вэ?

Олон асуудлыг багасгах гарцуудын нэг нь "Айдас"-ыг багасгах, хязгаарлах аж. Үүний төлөө төрийн бүх төрлийн байгууллага санаа тавина. Тэр айдас гэгч хаана орших вэ. Бидний дунд, бидний амьдралд. Гэр бүлд эцэг эх, хэн нэгнээс айх айдас.

Үгээ, бодлоо чөлөөтэй хэлж ярихгүй байдал, томчуудын дэргэд ийм юм ярьж болохгүй гэсэн ойлголт. Үүнийг гэр бүлд байхгүй болгосноор хүүхэд илүү нээлттэй хүн болон төлөвшдөг аж. Хуулиар хүүхдийн эрхийг маш өндөр түвшинд хамгаалж өгснөөр хүүхдээ цохих, алгадах, зодоход зэрэг гэр бүлийн таагүй харьцаа огцом багасчээ.

Сургуульд: Багшаас айх айдас. Багш уурлана, багш загнана, багш муу дүн тавина. Буруу хариулбал намайг муулна. Дээрх хөгжилтэй орнуудад энэ байдал бүр мөсөн устжээ. Сурагч, оюутнууд багш, профессоруудтай нээлттэй харилцах аж.

Ажил дээр: Захирлаас айх айдас. Ажлаас халагдах айдас. Хэн нэгэн дээд албан тушаалтнуудаас айх айдас. Цалингаа суутгуулах айдас. Цалин авахгүй байх айдас. Энэ бүхэн маш нарийн чанд хуулиар зохицуулагдана. Тэр байтугай ажил дээр, өөр хоороноо ажилчид цалингаа ярихгүй байх үүрэг гэрээгээр хүлээдэг. Энэ нь таагүй байдал үүсгэдэг учраас. Доромжлох, эелдэг бус харьцах, цалингүй ажиллуулах, цалин дутуу олгох, амралтгүй ажиллуулах энэ бүхнийг аль 80 жилийн өмнөөс шийдсэн байх юм.

Гэр бүл салалтын айдас, хүүхдээ ганцаараа өсгөх айдас гэх мэт олон төрлийн айдасыг эдийн засаг, санхүү, хууль эрхзүйн орчингоор зохицуулсан байна.

Хөршөөс айх айдас: Хулгайд эд зүйлээ алдах, хөршийн эмх цэгцгүй, дуу чимээтэй төвөгтэй амьдрал өөр хэн нэгний тайван байдал яршиг төвөг учруулах, хамтын хашаа эзэмших, хог хаягдлаа хамтдаа зохицуулах энэ нарийн эрхзүйн зохицуулалтыг жишээ бүр дээр ямар нэг асуудал гаргахаас урьдчилан сэргийлж тодорхой бичсэн байх юм. Жишээ нь хашаатай айлууд байлаа гэхэд айл бүр хашааныхаа баруун талыг хариуцна. Баруун талын хашаа нурвал аль айлын баруун тал байна тэр айл засвар үйлчилгээг хариуцна. Нэг айлын баруун хашаа нь нөгөө айлын зүүн хашаа болдог учиртай.

Аливаа жижиг маргаан, айдас хүйдсийг нийгэмд хууль журмаар, байгууллагын үйлчилгээгээр шийдэж чадсанаар хамтын эв нэгдэлтэй амьдрал үүсдэг. Бүх төрлийн айдсыг, хүний харилцаанаас улбаатай амьдрлын шат бүрт үүсч байгаа айдсыг хаа хаанаа дарах, хязгаарлах нь эргээд аз жаргалтай орчныг бүрдүүлдэг аж.

Б.Чимэдлхам

Герман улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.