
Эртний Хятадын их сэтгэгч Күнз улс түмний хоорондын харилцаанд зохирол нийцлээс илүү амин чухал үгүй хэмээн үзэж, хойч үеийнхэнд хандан хэд хэдэн чухал зарчмыг дурдсан байдаг.
Тухайлбал, “Зохирол бүхнээс эрхэм”, “Эрдэмт сайд бусад лугаа санаа зохирох агаад сохроор эс дагалдах”, “Өөрийн үл хүсэхийг өрөөл бусдад эс тулгах”, “Өөрийн биеийг тэтгэн босгосугай хэмээвээс өөр бусдыг тэтгэх, өөрийн биеийг аливаад нэвтэрхий болгосугай хэмээвээс өөр бусдыг нэвтэрхий болгох”, “Сайн сурталт хүмүүн ер үл ганцаардах, санаа нэгтэй хөрш лав байх” зэрэг олон чухал үзэл зарчмыг дурджээ.
Эдгээр үзэл номлолыг “Хүн төрөлхтний ёс суртахууны алтан дүрэм”, “Хятадын уламжлалт соёлын шилдэг өв” гэхчлэн нэрлэх нь буй. Тэдгээр сэтгэлгээ, үзэл сургаал нь цаг үеэ даган уламжилж, цаг үетэйгээ хамт урагшлан, шинэ шинэ агуулга хэлбэрээр тэлэн баяжиж байдаг ажгуу. БНХАУ-ын дотоод, гадаад бодлогын үзэл баримтлал, чиглэл, санал санаачилгууд нь тэрхүү Хятадын шилдэг уламжлалт соёлын өв дээр суурилсан байх нь нэн элбэг. Тийм үзэл баримтлалын нэг бол “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга” юм.
Орчлон ертөнц дээр олон соёл иргэншил эе найртай, энх амгалан зэрэгцэн оршиж, харилцан нэвчиж, харилцан хөгжих нь хүн төрөлхтний нийгмийн оршин тогтнож, урагшлан хөгжиж цэцэглэхийн бодит зүй тогтол, өнөөгийн дэлхий ертөнцийн үндсэн дүр төрх юм.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2022 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр Боаогийн Азийн форумын 2022 оны хурлын нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ыг дэвшүүлж, 6 гол үзэл баримтлалыг дурджээ. Тэдгээр нь:
1.Хамтын, цогц, тогтвортой аюулгүй байдлын үзлийг баримтлан, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамтдаа сахин хамгаалах.
2.Улс орнуудын бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх явдлыг баримтлан, бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, улс орнуудын ард түмний өөрсдөө сонгосон хөгжлийн зам болон нийгмийн тогтолцоог хүндэтгэх.
3.НҮБ-ын дүрэм, эрхэм зорилго болон зарчмыг хүндэтгэн сахих явдлыг баримтлан, хүйтэн дайны сэтгэлгээнээс салж, ганц талын үзлийг эсэргүүцэх, бүлэглэсэн улс төр болон хүрээ лагерын сөргөлдөөн хийхгүй байх.
4.Улс орнууд аюулгүй байдалд зүй ёсоор санаа тавьж байгааг чухалчлан үзэх явдлыг баримтлан, аюулгүй байдлын хэсэглэж хувааж үл болох зарчмыг сахин, тэнцвэртэй, үр ашигтай, тогтвортой аюулгүй байдлын бүтцийг буй болгож, бусад улсын аюулгүй байдлын суурин дээр өөрийн аюулгүй байдлыг буй болгохыг эсэргүүцэх.
5.Улс орнууд хоорондын зөрөлдөөн, маргааныг хэлэлцэн ярилцах, зөвшилцөх замаар, энхийн аргаар шийдвэрлэх явдлыг баримтлан, хямралыг энх тайвнаар шийдвэрлэхэд ашиг тустай бүхий л хүчин чармайлтыг дэмжих, давхар стандарт хэрэглэхгүй байх.
6.Уламжлалт хүрээний болон уламжлалт бус хүрээний аюулгүй байдлыг нэгдэлтэй төлөвлөж, сахин хамгаалах явдлыг баримтлан, бүс нутгийн маргаан болон терроризм, цаг уурын өөрчлөлт, кибер аюулгүй байдал, био аюулгүй байдал зэрэг даян дэлхийн шинжтэй асуудлыг хамтдаа сөрөн зогсох зэрэг юм.
Эдүгээ хүрээлэн байгаа байгаль, орчин ахуй улам муудан, нөөц баялаг улам барагдан, хоол хүнс улам хомсдож, баян хоосны хоёр туйл улам ихсэж, аллага хядлага гаарч, дайн мөргөлдөөн тасралтгүй дэгдэн, дэлхий ертөнцийн тодорхой бус байдал улам даамжирч буй зэрэг олон асуудал хүмүүн төрөлхтний оршин тогтнож, урагшлан хөгжихөд аюул занал учруулж байна.
Аливаа нэгэн үндэстэн, ард түмэн, улс гэр тийм аюулаас дангаараа бултан зайлахын аргагүй, дэлхий даяныг нөмөрч буй тийм аюулыг дан ганц өөрийн хүчээр сөрөн зогсоно гэвэл бүр ч боломжгүй нь тодорхой. Энэ оны 2-р сарын 21-ний өдөр БНХАУ-ын ГХЯ “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга:Аюулгүй байдлын мухардлыг даван туулах Хятад улсын хувилбар” сэдэвт хөх танхимын форум зохион байгуулж, ГХ-ны сайд Чинь Ган “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилгын үзэл баримтлалын баримт бичиг”-ийг танилцуулсан билээ. БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Чинь Ган хэлсэн үгэндээ, “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга нь Хятадын “Зохирлыг эрхэм болгох” шилдэг уламжлалт соёл дээр суурилсан бөгөөд тусгаар тогтсон, бие даасан, энх тайванч гадаад бодлого хийгээд практикаас эх үндэстэй юм. Хятад улс урт хугацааны туршид хариуцлага үүрсэн их гүрэн байж, энх тайван, хөгжил, хамтран ажиллах, хамтдаа хожих тугийг өндөр өргөн, дэлхийн энх тайвны төлөө бүхий л хариуцлагыг хүлээн, даян дэлхийн аюулгүй байдлын хэрэгт чин үнэнчээр хувь нэмрээ оруулж байна” хэмээн онцолжээ. Тэрбээр үгэндээ, Хятад улс хэзээ ямагт энх тайванч хөгжлийн замаар замнахыг эрмэлздэг, дайн хийгээд мөргөлдөөнийг хэзээ ч өөрийн санаачилгаар өдөөж байгаагүй, бусад улсын газар нутгаас ямхын төдий ч газар нутаг түрэмгийлэн эзэлж байгаагүй улс гэдгийг дурдаж, эдүгээ Хятад улс нь “Энх тайванч хөгжлийн замыг баримтлах” гэсэн үзэл баримтлалыг Үндсэн хуульдаа бичиглэж оруулсан дэлхий дээрх цорын ганц улс болохыг онцолсон байдаг.
Хятад улс хөгжлийн ямарч түвшинд хүрсэн гэсэн, хэзээ ч жанжлахгүй, газар нутгийг тэлэхгүй, нөлөөний хүрээгээ өргөжүүлэхийг эрмэлзэхгүй, зэвсэглэлээр хөөцөлдөхгүй бөгөөд хэзээ ямагт дэлхийн энх тайвныг сахин хамгаалагч байх болно гэдгийг онцолжээ.
Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга нь даян дэлхийн улс түмний эрх ашигт үйлчилж, даян дэлхийн улс түмний амар амгалан байдлыг сахин хамгаалах ёстой бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэлтэй хамтран ажиллаж, хамтын хүчээр урагшлуулах учиртай ажээ. БНХАУ-ын баримтлах зарчим гэвэл: нэгд, бие биесийг харилцан хүндэтгэж, НҮБ-ын дүрмийн эрхэм зорилго, зарчмыг хатуу сахин, улс орныг том жижиг, хүчирхэг буурай, баян ядуу гэж үл ялган, тэгш хандах, тогтолцоо, шашин шүтлэг, соёл иргэншилд нэгэн адилаар хандаж, бие биесийн цөм эрх ашгийг хүндэтгэн, талуудын зүй ёсны аюулгүй байдлыг хүндэтгэн үзэх, хоёрт, нээлттэй, уужуу хүртээмжтэй байж, тухайлсан нэг улсад үл чиглэх, мөнхүү тухайлсан нэг талыг хавчин шахахгүй байх, аливаа улс гагцхүү сайн дурын үндсэн дээр даян дэлхийн аюулгүй байдлын санаачилгад нэгдэх бөгөөд дэлхийн энх тайван, хөгжлийг сахин хамгаалах чин хүсэлтэй бүхнийг дэмжих, гуравт, олон талт үзлийг баримтлах бөгөөд дэлхийн улс орнууд, олон улсын болон бүс нутгийн байгууллагын хоёр талын болон олон талын аюулгүй байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх, хамтдаа хэлэлцэх, хамтдаа бүтээх, хамтдаа хүртэх зарчмыг баримтлан, аюулгүй байдлын үзэл баримтлалын уялдаа холбоог тасралтгүй урагшлуулан, хамгийн том ерөнхий хуваагч тоог идэвхтэй эрэлхийлэх, дөрөвт, харилцан ашигтай байж, хамтдаа хүртэх бөгөөд аюулгүй байдлыг хэсэглэн хувааж үл болох зарчмыг баримтлан, өөрийн улсын аюулгүй байдлыг улс түмнүүдийн аюулгүй байдалтай уялдуулан, харилцан хэрэгжүүлэх, хамтран ажиллаж, хамтдаа хожих бөгөөд нэг нь хожиж, нөгөө нь хохирох, нэг нь ялж нөгөө нь ялагдах явдлыг эсэргүүцэн, бүх талуудын эрх ашгийн уулзварыг тасралтгүй өргөжүүлэх, тавд, нэгдмэлээр төлөвлөж, нийтэд нь харгалзан үзэх бөгөөд аюулгүй байдлын засаглалыг ахиулах явдлыг зохицуулах, уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдалд учирч байгаа аюулыг сөрөн зогсох явдлыг нэгдмэл байдлаар төлөвлөх, аюулгүй байдал болон хөгжлийг адилхан чухалчлан үзэж, аюултай байдал үүсэн төлжих хөрс суурийг арилгахын тулд идэвхтэй чармайлт тавьж, тогтвортой аюулгүй байдлыг уг үндсээр нь засах бодлого, өнө бат ёс журам тогтоох явдлыг эрж сүвэгчлэх зэрэг багтаж байгаа ажээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ойрын жилүүдэд “Даян дэлхийн хөгжлийн санаачилга” “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ыг тус тус дэвшүүлсэн бөгөөд энэ оны 3-р сарын дундуур бас “Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга”-ыг дэвшүүлээд байна.
Эдгээр санаачилга нь эртний их сэтгэгчдийн “Зохирлыг эрхэм болгох”, “өөрийн биеийг тэтгэн босгосугай хэмээвээс өөр бусдыг тэтгэн босгох”, “санаа зохирон нийлэх”, өөрийн үл хүсэхийг өрөөл бусдад эс тулгах” зэрэг үзэл сургаал, уламжлалт шилдэг соёлын бодит илрэл, хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа энх тайван хийгээд хөгжил гэсэн хоёр том асуудлыг шийдвэрлэх Хятад улсын хувилбар, оюун ухаан хэмээгдэж байна. Эдүгээ даян дэлхийн 100 гаруй улс болон НҮБ зэрэг олон улсын байгууллага дээр дурдсан томоохон санаачилгуудыг дэмжиж, “Даян дэлхийн хөгжлийн санаачилгын найрамдлын бүлэг”-т дэлхийн 70 гаруй улс орон нэгдэн ороод байгаа ажээ. Дэлхий ертөнц урьд өмнө үзэгдээгүй олон янзын эрсдэлтэй учирч, хүн төрөлхтний аюулгүй байдал урьд өмнө байгаагүй олон янзын мухардалтай тулгарч байна. “Дэлхий ертөнцөд аюулгүй байдлын ямар үзэл баримтлал шаардлагатай вэ, дэлхийн улс орнууд хамтын аюулгүй байдлаа хэрхэн хэрэгжүүлэх буй” гэсэн асуудал хүн төрөлхтний өмнө тулгарч, эрин үеийн гол сэдэв болж байна. БНХАУ-ын удирдагчийн дэвшүүлсэн “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга” нь хамтын, цогц, тогтвортой аюулгүй байдлын үзлийг дэвшүүлж, сөргөлдөх бус харилцан ярилцах, эвсэн нэгдэх бус түншлэн хамтрах, дангаараа завшин хожих бус хамтдаа хүртэх шинэ маягийн аюулгүй байдлын арга замыг, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалын гол цөм утга агуулгыг илтгэн харуулж байна хэмээн судлаачид онцлон тэмдэглэж байна. Эдүгээ дэлхийн 80 гаруй улс орон, бүс нутгийн байгууллага уг саналыг талархан хүлээн авч, дэмжиж байгаа ажээ.
Хятад судлаач, орчуулагч, доктор
М.Чимэдцэеэ