Оросууд хүмүүнлэгийн тусламжийн цувааг замаас нь зогсоожээ

Twitter Print
2022 оны 03-р сар 23-нд 10:31 цагт
Мэдээний зураг,

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдэгдсэнээр ОХУ-ын зэвсэгт хүчний бүслэлтэнд байгаа Мариуполь хотод ойролцоогоор 100 мянган хүн маш хүнд нөхцөл байдалд байсаар байна. 

Оросууд агаараас болон тэнгисээс  тасралтгүй бөмбөгдөж байгаагаас байгаатай холбоотойгоор тус хотод гацсан иргэдэд хоол хүнс, цэвэр ус, эм тариа хүрч чадахгүй байгаа аж. 

Түүнчлэн Владимир Зеленскийн мэдээлснээр хотоос иргэдийг гаргах ажиллагаанд Оросын тал санаатайгаар садаа болж байгаа гэнэ. 

Өнгөрсөн мягмар гарагт л гэхэд Мариуполь хотыг чиглэж байсан хүмүүнлэгийн тусламжийн цувааг оросууд зогсоож, цуваанд автобустай зорчиж байсан Украины төрийн албан хаагчдыг, автобусных нь жолоочтой хамт барьцаалжээ. 

Гэсэн ч хүнд хэцүү нөхцөл байдлыг үл харгалзан өнгөрсөн мягмар гарагт Украины зэвсэгт хүчнийхэн Мариуполь хотоос 7026 иргэнийг гаргаж чадсан гэжээ. 

Украины өмнөд зүгийн Херсон хотод 300 мянга орчим хүн мөн л хоол хүнс, эм тарианы хомстолд ороод буй талаар Украины Гадаад хэргийн яамнаас мэдээлж байна. ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн өнгөрсөн сарын 24-нд Украины нутаг дэвсгэр лүү халдсаны дараа Херсон хот оросуудад эзлэгдсэн анхны том хот болсон билээ. 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдэгдсэнээр Украин улс өнгөрсөн 2 долоо хоногийн хугацаанд 100 мянга гаруй тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авсан ба энэ долоо хоногт Брюссельд болох НАТО-гийн чуулга уулзалтын үеэр барууны орнууд ОХУ-ын шинэ хориг арга хэмжээнүүдээ танилцуулна гэжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт Брюссель болон Варшавт айлчилж, Вашингтоны зүгээс ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээг танилцуулах аж. 

Ж. Байден Бельгийн нийслэл Брюссельд  НАТО болон Европын холбооны удирдлагуудтай уулзахаар төлөвлөсөн ба түүнийг АНУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа Ллойд Остин дагалдаж явах аж. 

Энэ долоо хоногт зохион байгуулагдах НАТО-гийн чуулга уулзалтанд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский цахимаар оролцох гэнэ. 

Брюссельд айлчилсныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгч Ж. Байден Польшийн нийслэл Варшав хотод айлчлах аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.