Эх орончдын хэлхээ тасрах ёсгүй. Эр цэргийн тангараг няцаагдах учиргүй

Twitter Print
2021 оны 04-р сар 11-нд 17:37 цагт
Мэдээний зураг,

Эх орончдын хэлхээ тасрах ёсгүй

Сүүлийн хэд хоног Зэсвэгт хүчин, Хилийн цэргийн ангид цэрэг эр амь үрэгдэж, зарим нь даргаа буудан хороогоод зэвсэглэн оргосон тухай мэдээ сэтгэл сэмлэх боллоо. Арваннаймхан настай хүү минь Улаанбаатар хотоос алс хол хугацаат цэргийн алба хааж байгаа болохоор эхийн сэтгэл зовинож хаа холын цэргийн анги руу давхиж хүрмээр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хилийн цэргийн командлагч руу орилж хашигармаар санагдан үе үе нулимс зангирна. Миний хүү зүгээр байгаа даа гэсэн аминч бодол ягууухан зүрх урна. Надтай адилхан мянга мянган ээжүүд хүүдээ санаа зовон нойроо хулжааж байгааг ч би мэдрэнэ.

Гэвч эр цэргийн тангараг няцаах, цэрэг эрсийн сэтгэлийг урвуулах алхам хийхгүй. Цэргийн албанаас хөвгүүдээ татна гэж тэнэгтэхгүй. Яагаад гэж үү... Одоогоос 18 жилийн тэртээ хүүгээ яасан ч цэрэгт явуулахгүй гэж би боддог байлаа. Тэр байтугай Цэргийн албанд бүү яв гэж нийтлэл хүртэл бичин адарсан үе надад бий. Ай даа, либерал үзлээр тархиа нүдүүлж явсан тэнэгхэн залуу нас минь...

Харин хүү минь сургуульд хараахан ороогүй байхад Улаан уулын застав дээр хэдэн цэрэг мөн л даргаа буудан хороож онжавуудаа барьцаалан зэвсэглэн оргосон аймшигт мэдээ сонссон тэр цагт л “хүүгээ заавал цэрэгт явуулах юм шүү...” гэж хатуу шийдсэн юм. Яагаад гэвэл энэ эх орон минь чин үнэнч сэтгэлтэй цэрэг эрсээр дутагдаж байгааг, эх орноо хамгаалах эх орончийн хэлхээ тасарч мэдэх болсонд сэтгэл хөндүүрлэн ийм шийдвэр гаргаж байлаа. Тэр цагаас хүүгээ эр цэргийн албанд явах нь зөв гэсэн хүмүүжлээр өсгөсөөн... Тэгээд л хүү минь дөнгөж 18 нас хүрээд 10 ч хонолгүй өөрийн хүслээр цэргийн албанд морьдсон билээ...

Би бодож байна. Өнгөрсөн намар хугацаат цэргийн албаа хаагаад халагдсан нэг залуутай Халхын голд уулзсан минь сэтгэлд хоногшин үлджээ. Хүүгээс минь ганцхан ах тэр хүү “82 жилийн өмнө энд Халхын голд бидэнтэй нас чацуу залуус дайнд оролцож амиа өгсөн бол 82 жилийн дараа бид ирж Халх гол сумыг тэдний дурсгалд зориулан шинээр барьж дуусгасан. Бахархаж байна, онжавуудаа санаж байна” гэж инээмсэглэн ярьсан нь өнөө хүртэл сэтгэлд хадаатай.

Өргөсөн тангараг, сөгдсөн тугандаа үнэнч эр цэргийн хэлхээ, эх орончийн удам тасраагүй нь энэ. Таслах ч ёсгүй юм. Ингэх тусам нь бид хөвгүүдээ эх орондоо өгөх ёстой. Харин бидний хөвгүүдийг авч алба хаалгаж байгаа батлан хамгаалах салбар шинэчлэгдэж, боловсон хүчнээ гэгээрүүлэх үүрэгтэй. Энхийн цагт цэрэг эр амь үрэгдэх ёсгүй. Хүүгээ цэрэгт үдсэн эхийн нулимс урсах ёсгүй... Эх орончийн хэлхээ тасрах ёсгүй. Тийм ч учраас эх хүний хувьд бүх цэргийн хар сүлдэнд өглөө бүр залбирч сууна.

Хэрэв хүү минь миний бичиж байгааг унших аз тохиовол, цэргийн албаа итгэл төгс хааж буй дайчдад энэ үг очих болвол би ингэж хэлмээр байна. “Хүү минь чи бол дэлхийн дайдыг хэмжиж, зарлиг тушаалынхаа өмнө хорвоог сөгтгөсөн эзэн Чингисийн удам шүү. Эх орныхоо ширхэг чулуу , сөөм газрыг амиараа нөхөж, цусаараа тамгалсан эх орончдын хэлхээ шүү. Алтан соёмбот туг чинь хазайвал ясаараа чи тулах ёстой. Арслантай тамганых нь дардас хатвал цусаараа чи дэвтээх ёстой... Амиа таслаж төрүүлсэн ижий чинь чамайг хүлээж байгааг, алтан урагтаа багтааж өсгөсөн аав чинь чамд итгэж байгааг мартах ёсгүй. Миний хүү эр цэргийн албаа нэр төртэй хаагаад “би цэрэгт яваад ирлээ“ гээд ханхалзаад ороод ирээрэй...” гэж хэлмээр санагдана.

Харин хүү төрүүлсэн эх хүн бүр хүүгээ цэргийн албанд үдэх ёстой. Ингэж гэмээнэ гуран сая хоёр зуухан монголчууд бид эх оронтойгоо, тусгаар тогтнолтойгоо үлдэх учиртай юм. Тийм ээ, эх орончдын хэлхээ тасрах ёсгүй. Эр цэргийн тангараг няцаагдах учиргүй.

Дугаар ангид алба хааж буй байлдагч Маргад-Эрдэнийн ээж Л.Мөнхбаясгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.