Бадрах Энержи компанийн Франц иргэн халдвар авснаас орон нутгийн замын хөдөлгөөнийг дахин хаалаа

Twitter Print
2020 оны 03-р сар 10-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

Шуурхай мэдээ: 03 дугаар сарын 02-ны өдөр "Аэрофлот"-оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг Францын иргэн урьдчилсан байдлаар коронавирусийн халдвартай гарчээ. Давтан шинжилгээ хийж, баталгаажуулна гэж Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ.

Онгоц, зочид буудал, галт тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсаныг олж тогтоож байна. 

Хууль хүчний байгууллагынхан Франц улсын иргэнийг явсан маршрут, байрласан, орж гарсан газруудыг нь тогтоосон. Нэгдүгээр хавьталтай байсан 500 орчим хүний нэр, хаягийг тогтоосон. Тэдгээр хүмүүс эхний ээлжинд хяналтад байгаа. Шинжилгээ авах ажлыг ойрын өдрүүдэд зохион байгуулна. Цаашид үргэлжлүүлнэ.

Сар шинийн дараагаар Улаанбаатар хот, аймаг, сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэг хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Үүнтэй холбоотойгоор, нэгдүгээр хавьтлын хүмүүс ийш тийш тархсан байж магадгүй тул хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг 2020.03.10-ны 07 цагаас 2020.03.16-ны 07 цаг хүртэл хааж хориглолоо. Одоо замд явж байгааг хот руу оруулна.

Нийтийн тээврийн үйлчилгээг 3-р сарын 16-ныг хүртэл тусгай маршрутаар явуулах НОК шийдвэр гарч байна, маршрутыг удахгүй гаргаж танилцуулна.

Онцгой комисс, холбогдох байгууллага шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Иргэд айж сандралгүй, тайван байж, маскаа зүүн, гараа байнга угааж байгаарай хэмээн Улсын онцгой комисс мэдээллээ.

Бидний авсан мэдээллээр уг иргэн Монгол Улсад 03 дугаар сарын 02-нд нисч ирэхэд нь авсан шинжилгээгээр илрээгүй ч 14 хоног ажиглалтад байлгаж, буудалласан Баянгол зочид буудалдаа өөрийгөө сайн дураар тусгаарлахыг үүрэг болгосон юм байна. Гэсэн ч тэрбээр Ариг, КФС, Веранда гэх мэт рестораноор үйлчлүүлээд зогсохгүй Дорноговь аймаг руу галт тэргээр явж өөрийн ажилладаг компанийн ажилчидтайгаа хурал хийсэн гэх мэдээлэл байна.

Нэгдүгээр хавьтагч буюу Аэрофлотын нислэгээр 120 хүн хамт ирсэн. Одоо 57 настай тэрбээр манай улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй. Францад 10 гаруй хоночихоод ирсэн. Гуравдугаар сарын 07-ны оройноос халуурч өчигдөр шинжилгээний хариу нь гарчээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.