Худлаа шүү, хоёр оо...

Twitter Print
2021 оны 03-р сар 26-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

Нэмээд 437 шүү дээ, сүүлийн 24 цагийн дотор хагас мянган хүн үндсэндээ нэмэгдчихлээ. Халдварын хүрээ улам бүр тэлж байна гэсэн үг. Өдрөөс өдөрт өснө, өнөө голомт тоолоод барьж авдаг ч худлаа болсон. Вакцинд дугаарласан, ээлжээ хүлээсэн, хайсан, сурагласан иргэд олон байна.

Гэтэл ганцхан Монгол эмимпекс л вакцин оруулж ирэх зөвшөөрөлтэй. Тэгэхдээ бүр үнийг нь хэд нугалж байна. Яагаад ийм хүнд, нүсэр, аминчхан юм бэ. Ковид-19 гэдэг вирус чинь хэн нэгний өмч биш, хөрөнгө биш. Ард түмний эрүүл мэнд, амь нас гэдгийг ойлгож байна уу? Та нарын тэр эхнэрийнхээ дам хамаатанд яам өгч байдагтай адил юм биш, тэрбумтны амьдралаас тасарчихсан охинд салбар бэлэглэдэгтэй чинь ч адилгүй, Оюун-Эрдэнэ ээ. Хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтрахгүй бол ард нь гарахад хэцүү адармаатай замын эхэнд бид гацчихаад байна. Иргэн болгон хоёр тун хийлгэх ёстой. Эхний тунгаа хийлгэсэн хүмүүсийн дараагийн хамрагдах хугацааг хол сунгасан мессэжүүд ирж байна.

Тун хоорондын зайг дураараа өөрчилж болдог юм уу? Вакцин оруулж ирэх, тарих, дээр нь шинжилгээ авах гээд энэ нүсэр гүйцэтгэх ажлыг хэдэн эмнэлэг, эмч сувилагч нар маань яаж гүрийгээд ч амжихгүй. Одоо хугацаа хожиж вакцинжуулах ч чухал болчихоод байна. Ойрын хавьтлын иргэн дуудлага өгөөд байхад хоёр хонож байж ХӨСҮТ очиж шинжилгээ авч байна. Тэдний буруу биш, хаа хаанаа хүн хүч, нөөц бололцоо хүрэлцэхгүй байгаагийн шинж шүү дээ. Байгууллага, компаниуд Монгол эмимпекс гээд тэр монцойсон ганц монопол газарт чинь захиалгаа өгчихөөд хүлээцгээж байна. Өчнөөн эм тариа импортлодог газрууд байхад яагаад ганцхан сувгаар, ганцхан газрын царай хараад дугаарлаж суух ёстой юм бэ? Нөгөө бүх харилцагчаа үнэгүй вакцинжуулна гэж мэдэгдсэн ХХБ одоо болтол ЭМЯ-аас вакцин оруулж ирэх зөвшөөрлөө авч чадаагүй байна. Моносынхон наад Энхболд гэдэг балчир сайдтаны чинь үүдийг сахиад, албан бичиг нь төөрөөд нам суучихаад байна. Одоо тэгээд яаж дараа, дараагийн өдрүүдийг туулах юм бэ, халдварын тоо удахгүй хоногтоо мянгаар тоологдоно.

Төр удирдана гэдэг тоглоом биш шүү, залуус аа. Түрүүчийн ах нар чинь, Хүрэлсүх, Содбаатар нар гайгүй хөрс үлдээсэн тулдаа та нарт багахан хугацаа, боломж олдсон. Одоо тэгээд яах уу? Гишүүн асан Ундармаагийн ганц Монгол эмимпекс гэдэг компанид амь амьдралаа, улс орноо даатгачихаад энд тэнд гар бариад, үлгэр яриад алхаад байх юм уу? Сурталчилгаа мөрөөдөл хоёр чинь хөөсрөөд, сураг, ажил хоёр чинь сулраад байна. Бусад хувийн хэвшлийн компаниудын олон жилийн гадаад харилцаа холбоо, түншлэлийг яаж ашиглах юм? Хүч, нөөц бололцоо, орон даяар чадан ядан олон жилийн турш бий болгосон сүлжээг яаж ашиглаж болох вэ? Хөдөө газар вакцины сураг ч алга. Яагаад ийм хувьчхан, худлаа юм бэ? Наяад оныхон гарч ирж байж төр тунгалаг болно гэсэн яалаа, тэр тунгалаг байдал чинь бас л ганц компанийн эрх ашиг, үнэтэй вакцин байсан юм уу? Шуудхан хэлэхэд Амарсайхан чинь Содбаатарынхаа хаана ч хүрэхгүй, Энхболд чинь Мөнхсайханыхаа хаана ч бараадахгүй, Оюун-Эрдэнэ өөрөө он залуу хэрнээ орилоод газар ахидаггүй суудлын тэрэг шиг сул байгааг бүгд харж байна.

Ам л нээвэл засгаараа тоглоно, төрөө түйвээнэ гэж орилоод байдаг хүмүүс ч бас нэгийг тунгааж, хоёрыг бодох цаг ирсэн байна. Залуу үеийнхэнд итгэж, найдаж өнөөг хүртэл хүлээсэн ард түмний итгэлийг үүрч яваагаа мартах эрх Оюун-Эрдэнэ гуайд лав байхгүй. Улс төрд хол л зорьж байгаа байлгүй. Угаасаа удирдах албаны хүн бус гэдгээ алхам болгондоо таниулж байгаа Энхболдыгоо дагаад энүүхэнд бүдрэв дээ, тэрүүхэнд үнэ цэнэгүй болдог хорвоо шүү. Яг одоогийн байдлаар есөн хүн өнгөрсөн, биеийн байдал нь маш хүнд долоо, хүнд 18, хүндэвтэр 197 өвчтөн байна. Маш хүнд байдалтай, амьсгалын аппаратанд залгаатай, дээр нь суурь өвчтэй хүний тоо цаашдаа нэмэгдэж, ар араасаа амьдралаас буцаад эхэлбэл та хоёр хариуцна гэдгээ мэдэж байна уу? Алдсан хоног болгон чинь хүний амиар хэмжигдэнэ гэдгийг сана!

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.