Натураль болон Аналог бяслаг гэж юу вэ

Twitter Print
2023 оны 02-р сар 10-нд 08:37 цагт
Мэдээний зураг,

Натураль болон Аналог бяслаг гэж юу болохыг тайлбарлая.

Өнөөдөр хүн төрөлхтөн БЯСЛАГ (сыр - cheese) & БЯСЛАГ ТӨСТ (сырные продукты - analog cheese) БҮТЭЭГДЭХҮҮН-ийг хэрэглэж байна.

1. БАЙГАЛИЙН НАТУРАЛЬ, ЖИНХЭНЭ БЯСЛАГ - дээд зэрэглэлийн сүү, сүүнхүчлийн бактер агуулсан хөрөнгө, ээдүүлэгч фермент, хоолны давс зэрэг түүхий эдийг тусгай технологи, горимын дагуу боловсруулж, бойжуулж үйлдвэрлэдэг, хүний бие махбодид микро, ультрамикро шим тэжээлийн эх үүсвэр болдог хүнс.

2. АНАЛОГ буюу БЯСЛАГ ТӨСТ БҮТЭЭГДЭХҮҮН – бяслагны технологиор үйлдвэрлэдэг. Гэхдээ сүүний тос болон аль нэг хэсгийг нь ялгаж аваад өөр ижил төстэй түүхий эдээр орлуулдаг - жишээ нь – сүүний цөцгийг нь ялгаж аваад оронд тос орлуулагч хийх... Бүр 1 грамм сүү ч оруулалгүй үйлдвэрлэдэг бяслаг төст бүтээгдэхүүн ч бас байнаа...

Натураль бяслаг үйлдвэрлэх түүхий сүүнд онцгой шаардлага тавигдахаас гадна үйлдвэрлэхэд мэргэжлийн өндөр ур чадвар, сэтгэл, уйгагүй хөдөлмөр шаарддаг. Туршлагатай мэргэжилтэн - бяслаг урлаач эгч “бяслаг хийхэд дан өглөөний саамын сүү хэрэглэдэг, оройн саамын сүүгээр нэг л болж өгдөггүй” гэж ярьж байхыг сонсож байлаа. Тиймээс бяслагийг боловсруулах нь маш их ур чадвар, ялангуяа бойжуулах явцад онцгой анхаарч, тодорхой горимын дагуу маллаж авч явдаг.

ЕХ-ны зарим улсад аналог бяслаг зардаг. Гэхдээ жинхэнэ бяслагны орцонд орж байгаа сүүний тодорхой хэсэгт нь хуурай сүү, сүүний тос орлуулагч зэргийг нэмдэг, эдний экспертүүд – “бяслаг үйлдвэрлэхэд хуурай сүү, ургамлын тос ашиглах нь бүтээгдэхүүний өртгийг 30% бууруулан, хадгалалтын хугацааг уртасгаж, амт, үнэрийг сайжруулдаг боловч натураль бяслагтай харьцуулбал шим тэжээл, биологийн үнэт шинж чанар нь багасдаг” гэжээ.

Ийм бүтээгдэхүүнээ натураль бяслагтай нэг лангуун дээр тавьдаггүй, тус тусад нь өөр лангуун дээр байрлуулж, хэрэглэгч өөрийн авахыг хүссэн барааг сонгоход хялбар болгох стандартыг мөрддөг.

Гэтэл манай улсад шим тэжээл, биологийн үнэт шинж чанарын тухай бус аюултай хүнсний нэмэлтийг ч тоохгүй байгаа нь харамсалтай.

Манай дэлгүүрийн лангуун дээр байгаа бүх төрлийн бяслагны орц найрлагыг нь харахад дан “бяслаг төст бүтээгдэхүүн” л оруулж ирж байна.

Та бүхэн анзаарсан бол аналог бяслагны найрлаганд фосфорын давс их байгаа. Энэ нь муудсан бяслагныхаа уургийг задлах зорилгоор нэмдэг нэмэлт юм. Мэдээж хүн идэхэд таатай болгохын тулд тэр олон нэмэлтийг нэмдэг.

Манай хойд хөрш ОХУ-д энэ чиглэлийн бүтээгдэхүүний зааг ялгааг гаргасан хуулийг (Холбооны Хууль – 88) 2008 оноос мөрдөж эхэлсэн. Хэрэглэгчидийн боловсролд зориулсан мэргэжлийн эрдэмтдийн хөтлөн явуулдаг хуудсанд “Зах зээл дээр зарагдаж байгаа хуурамч бүтээгдэхүүнийг ялгах”-ад дараахь зөвлөгөөг өгснийг орчууллаа.

1. Үнэ – нэлээд ялгаатай байх ёстой. Хямд бяслаг худалдан авахаас татгалзах хэрэгтэй.

2. Бяслагны бүтцэд сүүний тос орлуулагч – төрөл бүрийн ургамлын тос, хуурай сүү, хуурай шар сүү орох ёсгүй.

3. Үйлдвэрлэгч болон хадгалах хугацааны мэдээлэл тодорхой байх ёстой.

4. Дэлгүүрт байрлуулсан “Люминоскоп гэдэг багажин дээр энэ 2 төрлийн бүтээгдэхүүнийг хялбархан ялгаж болно” гэсэн байна.

5. Өнгө болон гадаад байдал – хэт тод өнгө нь будагч бодистой байгааг илтгэдэг, бяслагны өнгө нь сүүнд агуулагддаг будагч бодис каротины хэмжээнээс хамаардаг учраас цагаан цайвраас – цагаан шаргал – шаравтар өнгөтэй байна.

6. Өнгө нь жигд биш байвал энэ гүйцэт болоогүй чанар муутай гэдгийг илтгэнэ.

7. Хэрэв бяслагны гадаргуу овгор товгор эсвэл хагарал, цуурал үүссэн байвал бяслагийг буруу хадгалсан, эсвэл үйлдвэрлэлийн горим алдагдсан гэж үзнэ.

8. Натураль бяслагийг бойжуулах үед пропион хүчлийн бичил биетнүүдийн нөлөөгөөр их биед нь жигд зөв хэлбэртэй, хүрээ нь гөлгөр цэвэрхэн нүхнүүд үүсдэг, харин хуурамч бяслагны нүхнүүд нь гол хэсэгтээ том, зах руугаа жижгэрсэн, бүр нүхгүй байдаг гэжээ. Гэхдээ бяслагны нэр төрлөөс хамаарч нүхгүй бяслаг ч бас байдаг.

За тэгээд хамгийн гол нь шошгоо уншиж чаддаг л байх хэрэгтэй.

Манай дэлгүүрүүдэд том бяслагийг зүсээд энгийн хүнсний скочоор ороогоод зөвхөн жингий нь бичсэн байна лээ, ийм бүтээгдэхүүний гарал үүсэл болон бусад мэдээлэлийг нь худалдагчаас заавал асуугаарай.

Бяцхан хошигнол хэлэхэд “хулгана бяслагны чанарыг маш сайн мэддэг, зөвхөн натураль бяслаг л иддэг” гэнэ шүү.

Х.Орломжав

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.