МОНГОЛЫН НЭГ ӨДӨР төрсөн нь

Twitter Print
2020 оны 12-р сар 10-нд 10:29 цагт
Мэдээний зураг,

.... Засагт хан хошууны Арын хүрээ хийдийн бурханч лам Балдуугийн Шаравыг 17 настай байхад нь цэргийн зарлан ирж хугацаагүй цэргийн албанд явах гэж байтал гэнэт VIII богд Жавзандамба хутагтын зарлиг ирж өөрийн ордонд дууджээ. Арын хүрээ хийдэд нэг мундаг зураач хүү байна гэдэг мэдээ Богдын чихэнд хүрдэг байжээ. Шарав гэрээс гарч Богдын хүрээ орох аян замд амьдралын элдэв сониныг таньж мэдсээр явсан гэдэг.

Зураач Шараваас гадна Лувсан хэмээх дарханыг дуудсан тул хамтдаа Богдод бараалхжээ. Богд гэгээн “та хоёр надад нэг, нэг сайн бүтээл хийж үзүүл” гэжээ. Лувсан дархан арвайн үрэн дээр туулай сийлээд түүнийгээ амьд цохон дээр тавиад томруулдаг шилээр Богдод харуултал “туулайны хамар жаахан мархайжээ” гэж өөлөөд “чамайг марх Лувсан гэж нэрлэе” гэсэн гэдэг. Богд гэгээн өөрөө их алиа марзан, сэргэлэн хүн байжээ.

Дараа нь Богд хаан, Дондогдулам хатны хамтаар Шаравын зургийг үзжээ. Тэгтэл тэр зурагт элдэв янзын үйл явдал харагдаж гэнэ. Үүлэн борооны ажил хүртэл гарч ирэхэд хаан, хатан хоёр нэг нэгнээ ёворсон гэдэг. Богд “энэ их сайхан зураг болж, бас жаахан марзан зураг болж, чамайг марзан Шарав гэж нэрлэе” гэжээ. Богд Шараваас “энэ зурагтаа ямар нэр өгсөн бэ” гэж асуухад “нэр хайрлаагүй, нэр хайрлаж чадахгүй байна” гэжээ. Тэгтэл Дондогдулам хатан тэр дор нь “Монголын нэг өдөр” гэжээ. Ийнхүү Богд хааны өгсөн хоч “Марзан Шарав”, “Монголын нэг өдөр” бүтээл хоёр салшгүй холбоотой нэрээр алдаршжээ. Марзан гэдэг нь алиа марзан зантайд нь бус харин зураг дээрх хошин шог үйл явдлуудад зориулж өгсөн нэр юм.

Монгол орноо нэгэн хавтгай дээр дүрсэлсэн Монголын нэг өдөр зурагт нарийн хар зураас бүрийг тодруулан орон зай үүсгэж, тэрэн дотроо ураг холбох, бэр буулгах, бүсгүй хүнийг богтлох, эсгий хийх, оршуулга үйлдэх, нүүдэл суудал, мал аж ахуй, газар тариалан эрхэлж буй дүрслэл зэрэг 100 гаруй үйл явдлыг дээрээс нь харсан байдлаар зураглан багтаасан нь монгол зургийн хавтгайн зохиомжийг төгс илэрхийлсэн бүтээл болсон юм. Монголын нэг өдөр зургийг 1970-1980 онд ЗХУ-д сэргээн засварласан. Харин 1995 онд “хосгүй үнэт өв” зэрэглэлд бүртгэж 100 сая төгрөгөөр үнэлжээ.

Ч.Буянбадрах

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.