Түдэвгүй Алтай, түүчээгүй Монгол...

Twitter Print
2020 оны 04-р сар 14-нд 09:39 цагт
Мэдээний зураг,

Эгэл амьдралын дундуур эгэл бус аялаад энэ их хүн буцлаа. Буцахдаа ч бас эглээс эгэл орчлонгийн гүнд эгэлхэн шингэв. Түүний мөн чанар энэ юм.

Амьдралын мөн чанар, алд биет хүмүүний мөс чанарыг насан туршдаа шинжлэн судалж, ширвэн туурвин явсан түүний оюун санаа, ончтой үгсийн далайд сэлүүр өргөөгүй монгол хүн, сэлж дийлээгүй эрх мэдэлтэн, сэхээрч туулсан энгийн ард үгүй. 25-хан насандаа "Нүүдэл суудал" анхны романаа туурвиж, "Хорвоотой танилцсан түүх"-ээр нэгэн үеийнхний ертөнцийг бүтээж, "Зэрэг нэмэхийн өмнө" киногоороо ноёд, ард хоёрын аль алиныг шоглож, "Уулын үер"- ээр цаг үеийн ээдрээ, цадахаа мэдэхгүй хүмүүний хорвоо, мөнх бус амьдралыг мөнх мэт туулаад гардаг зүрх зоригийн тухай өгүүлж...

Лодонгийн Түдэв өөрөө хамгийн гүнээс соёолдог үндэс, хамгийн харанхуйгаас гэрэлтдэг бамбар, хамгийн алсаас тодордог од хамгийн хатуугаас өндийсөн зөөлөн... өнөөдөр тэр үгүй болжээ. Мөнх бус орчлонгийн дайдад мөнх шингэв. Түдэвгүй Алтайн тэнгэр дор түүртэж явахад минь энэ мэдээ ирэв. Түүчээгүй Монголын газар дээр түргэдэж алдсан минь хэчнээн билээ гэж бодоход хүргэв. Түүний "Дээр хөх тэнгэр, доор бор дэлхий" гэдэг зохиолын агуу хэрнээ амьдралын үнэнд бид багтан амьдардаг. Түүний улс төрийн хурц нийтлэлүүд гал мэт хурц, улс ард түмнийхээ тухай утга зохиолын бүтээлүүд усны урсгал мэт зөөлөн. Үг бүртээ утга, таслал болгондоо санаа, цэг болгондоо агуулга зангидаж, бичгийн их хүний билэг танхай, бэлчээр сунгуу, ухаан далай, уурга сунгуу тавиланг элээхдээ Л.Түдэв өөрөөрөө оршиж, өөрөөрөө буцав.

Ихэмсэг хэрнээ идэрхэн, энгүй их хэрнээ эглээс эгэл...төрийн тугаа бөхийлгөлгүй, түмний гунигийг хөлөглөлгүй, инээд нулимс хоёр нь л үнэн байдаг хорвоод ирсэнтэйгээ адил буцахыг хүсэв. Ирэхдээ хэн байсан, буцахдаа тийм л байхыг хүсэв. Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт, тэртээ 85 жилийн өмнө эгэл ард Лодонгийн гэрт хожим Монголын утга зохиол, сэтгүүлзүйн нэрт төлөөлөгч, ард түмнийхээ оюун санааны түүчээ болох хөвгүүн төрснийг хэн ч мэдээгүй юм. Харин өнөөдөр Л.Түдэв амьдралаас буцсаныг ард түмэн нь бас л мэдэлгүй өнгөрөв.

Орчлонгийн үнэн энэ юм. Өмссөн дээл, өргөсөн нэр алдар, туурвисан бүтээл, туулсан тавилан, хураасан хөрөнгө, хуримтлуулсан мэдлэг, төрүүлж өсгөсөн үр хүүхэд, төөрөг таарсан хүн зон... бүгдийг орхиод, бүгдийг тайлж үлдээгээд...нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоогийн гүйцэгдэшгүй үнэнийг ховорхон энэ хүн дахиад л тунхаглалаа. Хуурамч байж чадаагүй Түдэв, худлаа байж чадаагүй Түдэв... Түдэвгүй Алтай, түүчээгүй Монгол үлдэв... түүчээлэх нэгэн байваас түүний үхэхдээ ч сонгож үлдээсэн үнэнээс суралцагтун!

Р.Эмүжин 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.