Хууль, хүчний байгууллагаас дуудаж мэдүүлэг авах болбол та яах ёстой вэ

Twitter Print
2021 оны 06-р сар 05-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

Юмыг яаж мэдэх билээ. Хэрэв таныг цагдаа, тагнуул, Авлигатай тэмцэх газрын мөрдөгч дуудаж мэдүүлэг авах болвол та дараах зүйлийг мэдэж байхад илүүдэхгүй юм.

1. Мөрдөгч таныг харилцаа холбооны хэрэгсэлээр дуудаж болно. Гэхдээ та ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дуудсан хугацаанд нь очиж чадаагүй бол хууль сахиулах байгууллагаас танд албадлага хэрэглэх, хариуцлага тооцох үндэслэл болохгүй юм.

2. Мөн мөрдөгч нь таныг прокурорын мэдэгдэх хуудсаар дуудаж магадгүй. Прокурорын мэдэгдэх хуудас гэдэгт таныг хэзээ, хаана хүрэлцэн ирэхийг дурьдсан бичиг юм. Та прокурорын мэдэгдэх хуудсыг гардаж авчихаад заасан хугацаанд нь очихгүй бол одоо харин таныг албадан ирүүлэх эрх, мөрдөгчид нээгдэнэ гэсэн үг. Ийм учраас хэрвээ та мэдэгдэх хуудас авсан бол зүгээр очсон нь дээр шүү.

3. Мөрдөгчийн дуудаж байгаа хүн нь насанд хүрээгүй хүүхэд байвал мөрдөгч нь заавал эцэг, эх зэрэг насанд хүрсэн хүнээр дамжуулан дуудах ёстой байдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу.

4. Мөрдөгч нь танаас мэдүүлэг авах гэж дуудсан бол мэдүүлэг авах хугацаа насанд хүрсэн хүний тухайд 4 цагаас хэтэрч болохгүй. Хэрэв 4 цагаас илүү хугацаагаар мэдүүлэг авах шаардлагатай бол дундаа 1 цаг завсарлаад дахиад 4 цаг мэдүүлэг авч болно. Өөрөөр хэлбэл нийт хугацаа 8 цагаас хэтрэхгүй гэсэн үг. Гэхдээ дундаа 1 цаг завсарлах ёстой гэдгийг сайн санаарай. Харин насанд хүрээгүй хүний тухайд мэдүүлэг авах хугацаа 2 цаг хүртэл байна. Үүнээс илүү хугацаагаар мэдүүлэг авах шаардлагатай бол дундаа 30 минут завсарлаад дахиад 2 цагийн хугацаанд мэдүүлэг авч болно. Нийт хугацаа 4 цагаас хэтэрч болохгүй.

5. Практикт ихэвчлэн мөрдөгчид тухайн хүнээс эхлээд гэрчийн мэдүүлэг авдаг. Хохирогч байсан ч гэрчээр, сэжигтэн байсан ч гэрчээр мэдүүлэг авч байгаа. Эхэндээ тухайн хэргийн бүх хүнийг гэрчээр асуудаг гэсэн үг. Гэрч ч гэсэн өөртөө өмгөөлөгч авах эрхтэй байдаг гэдгийг та мэддэг байх хэрэгтэй. Таныг тухайн тодруулж буй хэрэг дээр гэм буруутай, гэмт хэрэг үйлдсэн гэдэг байдлаар мэдүүлэг авч байвал та үүнийг мэдсэн дариудаа мэдүүлгээ зогсоох эрхтэй. Ингэж мэдүүлэг өгөх ажиллагааг дундаас нь зогсоогоод та өмгөөлөгч авч байгаад дараа дахин мэдүүлэг зогссон үеэс нь үргэлжлүүлэн мэдүүлгээ өгч болно. Амьдрал дээр ихэвчлэн хүмүүс өөрийг нь гэрчээр асууж байгаа юм чинь гэж ойлгоод өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгчихдөг. Дараа нь таны гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх хурал дээр прокурор таны эсрэг ашигладаг тохиолдол маш элбэг байдаг.

Гэтэл та, хуулиар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хэргийн нөхцөл байдлыг заавал нотлох үүрэг хүлээхгүй гэсэн эрхтэй байдаг юм шүү дээ. Таны гэм бурууг мөрдөгч, прокурор хоёр нотлох баримтаар нотолж байх ёстой.

6. Мөрдөгч мэдүүлэг авах явцдаа, танаас тулгаж бас хөтөлсөн асуулт тавьж болохгүй, энэ нь хуулиар хориотой байдаг. Хөтөлсөн асуулт гэдэг нь танаас ямар хариулт авах гээд байгаагаа асуултаараа илэрхийлж байдаг асуулт юм. Жишээ нь ямар цохиурыг, ямар зорилготой биедээ авч явсаныг хэлүүлэхийн тулд:

"та хэрэг гардаг өдөр цагаан өнгийн иштэй, бэйсболын цохиурыг хохирогчийн толгойн тус газар нь цохих зорилгоор биедээ авч явсан юм байна тийм үү?" г.м

Харин тулгасан асуулт гэдэг нь таныг хэрэг хийснийг, аль эсвэл тухайн үйл явдалд холбоотой гээд шууд урьдчилан дүгнэчихсэн асуулт байдаг. Та тулгасан асуултад хариулах хэцүү, хариулахгүй байх хэцүү байдаг. Жишээ нь:

"Та иргэн Д.Доржийг зодож гэмтээсэн үйлдлийнхээ талаар ярина уу" г.м

7. Мөрдөгч таны мэдүүлгийг үгчлэн бичиж байх ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө таны хэлсэн үг бүрийг бичиж байх ёстой гэсэн үг юм. Таны ярианаас үг хасч болохгүй, бас үг нэмж болохгүй.

8. Хэрэв та хоёр дахь удаагаа мэдүүлэг өгч байгаа бол урьд өмнө өгсөн мэдүүлгийн тэмдэглэлтэй танилцаж болдог. Урт хугацааны дараа дахин мэдүүлэг өгч байгаа хүн, урьд өмнө юу гэж ярьж байснаа нэг бүрчлэн санадаггүй. Ийм учраас та, мөрдөгчөөс өмнө нь өгсөн мэдүүлгээ уншмаар байна гэж хүсч болно. Өмнөх мэдүүлгээ харчихаад хоёр дахь удаагаа мэдүүлэг өгье гэж хэлэх эрх танд бий.

9. Бас мэдүүлгийн явцад тайлбарлахад төвөгтэй нөхцөл байдал, дүрслэхэд хэцүү содон шинж тэмдэг, газар орон, гудамж талбай зэргийн талаар ярьж байгаа үед та цаасан дээр хүснэгт зурах, зураглал үйлдэх эрхтэй. Таны энэ зурсан зураглалыг мөрдөгч нь заавал мэдүүлгийн тэмдэглэлд давхар хавсаргаж байх ёстой.

10. Эцэст нь хэлэхэд хамгийн чухал эрх бол та өөрөө хүсвэл мэдүүлгээ өөрийн гараар бичиж өгч болдог юм шүү. Энэ бол танд өөрийн хэлэх гээд байгаа санаагаа өөрийн үгээр бүрэн төгс илэрхийлэх боломжийг олгож буй хэрэг юм.

Өмгөөлөгч О.Анхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.