Сэрүүн зүүднээсээ сэрцгээе

Twitter Print
2014 оны 07-р сар 24-нд 17:58 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатрын одонт, Нобелийн шагналт Михаил Шолоховын “Донын өгүүллэгүүд”-ийг уншаагүй хүн бидний үеийнхэнд ховор бизээ.  “Голоош” хэмээх нэгэн бяцхан өгүүллэг тэнд бий. Уг өгүүллэгт Семка хэмээх тийнэжэр найз охин Марускадаа бусдаас дутуугүй ганган харагдахын тулд эцгийн үлдээсэн үхрийг зарж шинэхэн голоош авч өмсөн гангаран, үүндээ хөөрүүтэн согтуурхаж яваад хамгаа алдан эцэст нь тавхан копейктай гэртээ ирдэг гунигт түүх гардаг билээ.

Капитализмын прогрессив эрин гэж нэрлэгддэг аж үйлдвэржилтийн эрч гаарч байсан 19, 20-р зууны заагт Америкийг залж байсан Теодор Рузвельт ерөнхийлөгчийг манайд олон хүн сайн мэдэхгүй. Гэвч түүний дүрийг америкчууд Өмнөд Дакода дахь Рашмор ууланд Вашингтон, Жефферсон, Линкольнтой цуг зүгээр нэг хаднаас товойлгон сийлээгүй юм. Теодор Рузвельт бол Conservation буюу байгаль хамагаалалын жинхэнэ дайчин нь байжээ. Тэрээр Америкийн Үндэсний Паркийн системийг үндэслэгч билээ. Аж үйлдвэржилт уурхайжилтын эхэн үед түүнийг олон капиталист шүүмжилж байсан ч 100 жилийн дараа түүний зөв байсныг бүгд ойлгосон. Аж үйлдвэржилт бол түр зуурынх, аялал жуулчлал бол өнө мөнхийн орлого гэдгийг хамгийн түрүүнд олж харсан капиталист бол Теодор Рузвэльт юм. Түүний зөвийг батлах мэт өнөөдөр аж үйлдвэржсэн Детройт дампуурч, Америкийн ган хайлуулалт, химийн үйлдвэрлэлийн төв Охайод ажилгүйдэл гаарч байхад Гранд Канион, Рашмор, Ёшимит, Елловстоун зэрэг үндсэний паркууд сая сая жуулчдыг татан соронздож үйлдвэржиж, уурхайжаагүй муж улсаа тэжээгээд байж байх юм. Байгалийн тогтоц дутуу ч түүнийг орлох хүний гараар бүтээсэн атракцион америкийн олон мужид хожим нь үүссэний хамгийн том нь Орландо дахь Диснейлэнд, Невада дахь Лас-Вегас хоёр билээ.

1973 оны Араб-Израилийн дайн дэлхийд нефтийн үнийг өсгөх дохио өгсөнөөр Араб, Персийн булан гэдэг үгсийн албан бус орчуулга нь нефть болон хувирах шахав. Энергетикийн кризис болон нефтийн үнийн өсөлтөөс аль 38 оноос нефть олборлосон ч хөгжиж шалиагүй байсан Сауди Араб, Ирак, Иран зэрэг улсуудад хүчирхэгжин өндийх боломж гарч ирэв. Тэд нефтийн олборлолт, боловсруулалт, борлуулалтыг өөрсдөө хийн дэлхийн нефтийн зах зээлд хяналтаа тогтоох хэмжээнд хүрч очлоо. Нефть химийн аж үйлдвэрийн комплексууд эдгээр орнуудын хөгжил цэцэглэлийн дүр зураг нь болж байсан түүх саяхан.  Персийн булангийн томчууд хүчирхэгжихийн хэрээр Кувэйт, Эмиратс, Катар зэрэг булангийн багачуудын ирээдүй бүрхэг болж ирлээ. Булангийн үзүүрийн Кувэйт Ирактай нефтийн зах зээлд илт өрсөлдөх замыг сонгосон бол Эмиратс өөр зам сонгов. Эмиратсын сонгосон замаар Катар хожим нь орлоо. 91 онд өрсөлдөгч Кувэйтэд Ирак сургамж өгч дайран эзлэж баахан сүйтгэв. Арабын Нэгдсэн Эмиратс 1985 онд 10 сая ам доллараар нэгэн бизнес эхлүүлсэн нь өдгөө тус улсын үндэсний бахархал, тусгаар тогтонолынх нь хамгийн том баталгаа болж байна. Эмиратс Эйрлайнзыг байгуулахаас өмнө хэн ч булангийн тэр жижигхэн ванлигуудыг мэддэггүй, мэдсэн ч тоодоггүй байсан цаг саяхан билээ. Тэд байрлалаа ашиглан өөрийнхөө нэрийг дэлхийд цээжлүүлж, тугаа дэлхийд нүдлүүлэн, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх мэргэн арга сэдсэн нь агаарын хамгийн том хаабыг байгуулсан явдал байлаа. Түмэн газрын олон зуун мянган хүнийг нэгэн зэрэг нутагтаа байлгаж байх, тэднээр халхавч хийн хүчирхэг хөршүүдийнхээ болзошгүй түрэмгийлэлээс сэргийлэх боломжийг зөвхөн маш ухаалаг алсын хараатай хөгжүүлсэн агаарын хааб, түүнийг түшиглэсэн аялал жуулчлал, тэмцээн наадам, худалдаа арилжаа, үзэсгэлэн яармаг, хурал цуглаан, санхүү зээлийн төвүүд л олгоно гэдгийг тэд аль 85 онд гайхамшигтай мэргэнээр олж харжээ.  Тэд нефтийн үйлдвэрлэлийг хөгжүүлж зах зээлд түрэмгийлсэнгүй. Зүгээр л байгаа нефтээ байгаагаар нь арилжиж орлогоор нь түүнээс хэд дахин зөв байнгын их орлоготой бизнесийг л хөгжүүлж чаджээ. Өнөөдөр Дубай, Доха цэцэглэж хөрш томчууд нь гүн хямралд орцгоож, зарим нь дундад зуун руугаа эрчимтэй буцан нүүдэллэж байна. Нефть зарсан нь биш нислэг зарсан нь, аж үйлдвэржсэн нь биш аялал жуулчлалаа хөгжүүлсэн нь тасраад түрүүлээд алга болцгоожээ.

Монгол улс социалист лагерь дотроо л хамгийн хоцрогдсон телефон холбоотой улс нь байж билээ. Сая таван зуун хавтгай дөрвөлжин километр талбайгаар 18 аймаг, 300 гаруй сум, 1000 гаруй бригадын төв, тоймгүй олон өвөлжөө, зуслангуудаар тархан суусан Монголчуудыг холбоожуулах нь амар зорилт байсангүй. Тав таван жилийн төлөвлөгөөнд багтаагаад улс орон даяар шонгийн мод татан төмөр утасны мончер ажиллуулж байсанчиг төв шуудангийн кабинаас Мөрөнд байх гэр рүүгээ 3 минут ярих гэж 2 цаг хүлээн сууж 5 төгрөг төлдөг байсан маань саяхансан. Мөрөн 10 жилээс маань холбоо-электроникийн сургуулийг ЗХУ-д онц төгссөн нэлээн хэдэн ах 90-д оны эхээр ганзгын наймаа руу орцгоож байсан нь уг салбарын ирээдүй туйлын бүрхэг байсантай ч холбоотой гэж би бодож явдаг. Тэгэж байтал 90-д оны дундуур технологийн шинэ давалгаа гарч ирэв.  Онцчууд нь гараад явсан холбооны салбарыг сахиж үлдсэн хэдэн шинэхэн залуу энэ давалгаанд саятан тэрбумтнууд болцгоолоо.  5000 хэрэглэгчтэй болох асар зоримог бизнес план хийж байсан Мобиком компани сая хол давсан хэрэглэгчтэй болов. Гар утасны операторууд хоцрогдсон монголыг 10хан жилийн дотор дор нь холбоожуулж уулын аман дахь өвөлжөө бууц бүрд гар утасны дуу хангинах болов. Үүрэн телефоны эдийн засгийн шууд нөлөө ДНБ-ийг дээд тал нь 3 хувь өсгөдөг бусад орны туршлага Монголд бараг 10 хувьд дөхөж туссан үр дүн үзүүлэв. Холбоожилт жигдэрсэнээр бизнес асар эрчимжив. Ялангуяа гадаад харилцаа, гадаад худалдаа цоо шинэ шатанд гарах боломжийг холбоожилт олголоо. Монгол улс холбоожуулалтын талаар социализмыг манлайлж байсан олон олон зөвлөлтийн БНУ-г хол орхичихов. Өнөөдөр сая хүнтэй Улаан-Үд хотод л гэхэд манай багахан сумын төвөөс ч цөөхөн хүн гар утас хэрэглэж байна. Монголын энэ амжилт бол хөгжлийн хуучин технолгийн араас нь хөөх биш шинэ технолгийг угтан амдаж урд нь орох загварын том жишээ болж макро-эдийн засгийн сурах бичигт бичигдэх кэйс юмаа.

Энэ жилээс наадмын амралтыг 5 өдөр болгосоноор миний өссөн төрсөн онгон зэрлэг Хөвсгөл нутгаар маань хөгжин цэцэглэсэн Улаанбаатраасаа зугатаасан хотынхон, дээр нь нэмээд Улаанбаатраас ч өндөр хөгжилтай азийн барууд, америкийн шонхоруудаар пиг дүүрэв. Ойрхон шиг шинэчлэлийн засгийн газар маань ч хөгжил цэцэглэл, бүтээн босголт, шинэчлэлийн нүргээнээсээ дайжин Хөвсгөлд цуглан чуулах сураг гараад явчихлаа.

Энэ чинь юу болоод л саяхан нөгөө хүсээд тачаадаад, эх оронч эрлийзээрээ хуваагдан хоорондоо алалцахдаа тулаад байсан хөгжил цэцэглэлээсээ зугатаан дайжаад унав даа. Таминь ээ? Хүмүүс яахаараа хөгжил цэцэглэл нь оргилж, аж үйлдвэр нь боргилсон орчин үеийн диваажингуудаасаа зугатаан хоцрогдсон бөглүү хязгаар нутаг руу минь хог чирэн шавнам бээ?

Би бол Хөвсгөлийн унаган хүү. Унасан газар минь Гурван Бадрах уул өссөн дэнж минь Дэлгэрмөрний хөвөө. Эцгийн ясыг дагавал Эрчимийн өврийн халх, эхийн цусаа хөөвөл Батхаан уулын өвөр бэлээс нүүдэллэн ирж хойд хил сахин суусан Архан Харуул. Буурал дэлхийн залуугийн зураг шиг өссөн төрсөн үзэсгэлэнт хязгаараа хар нүднээсээ ч илүү хайрладаг ийм л хүн. Товчхоноор хэлэхэд би бол байгаль сүйтгэгч аж үйлдвэржилтийн фээн биш юм.  

Мэдээж хэрэг хөгжил дэвшил бол техник технологигүйгээр үл гүйцэлдэх зорилт. Техник технологи яаж бий болдог вэ. Гар утас хэмээх зүйлээр технологийг тайлбарлах гэж оролдьё.

Түүхий эдийн олборлолт: хөгжлийн түүхий эдийг олборлон гаргаж авдаг үйлдвэрлэлийг бид уул уурхай  хэмээн нэрлэдэг. Хоёр үндсэн чиглэлийн олборлолт байдаг. Нэгдүгээрт үйлдвэрлэлийн материалын түүхий эд олборлолт. Хоёрдугаарт энергетикийн түүхий эд олборлолт. Материалын түүхий эдийг бэлэн бүтээгдхүүн болгоход олон дамжлага шаардлагатай бол энергетикийн түүхий эдийг боловсруулалтгүй, эсвэл ганцхан дамжлагын боловсруулалтаар бэлэн бүтээгдхүүн болгон хэрэглэх боломжтой.  Монголд бол аль аль нь байна. Уурхай бол байгал орчны төрхийг алдагдуулж, усны нөөцийг хомсдуулдаг асар муу үр нөлөөтэй. Тэхдээ үүний дараагийн шат болох боловсруулах үйлдвэртэй харьцуулахад хор хохирол хамаагүй багатай ч аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уламжлалт соёлыг устгахад гол хүчин зүйл нь болдог билээ. Гар утас хийхэд шаардлагатай метал, ховор элементүүд, хагас дамжуулагч, нийлэг материалын түүхий эдийг байгаль дээрээс энэ дамжлагаар гарган авдаг.

Түүхий эд хагас буюу бүрэн боловсруулах үйлдвэрлэл: бол бүх аж үйлдвэрлэлийн дотроос хамгийн хортой үйлдвэрлэл бол энэ. Асар их хорт бодис, хортой технологи хэрэглэх ба байгаль орчин, хүн амын удмын сан, хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, усны нөөц гээд хордуулахгүй, хохироохгүй зүйл энэ үйлдвэрлэлд үгүй. Энэ үйлдвэрлэлээс гаргаж авдаг бүтээгдхүүнийг дараагийн шатны үйлдвэрлэлд хэрэглэхээр хил давуулан илгээх ба хор хохирол гай гамшгийг нь нутгийн иргэд, буурай улс орнууд шингээгээд үлдээдэг. Өндөр хөгжилтэй орнууд өөрийн нутагт ийм төрлийн үйлдвэрлэл явуулахыг тас хориглох болсон ба ийм үйлдвэрүүдээ голдуу хүн амын бодлого муутай, байгаль орчны шаардлага сул ази, зүүн өмнөд азийн орнууд руу нүүлгэж орхисон байдаг. Өнөөдөр хятадад л гэхэд дэлхийн анхан шатны үйлдвэрлэлүүд тэр чигээрээ нүүгээд ирчихсэн гамшиг тариад байж байна. Австрали хамгийн сүүлчийн уул уурхайн боловсруулах үйлдвэрээ өнгөрсөн зун хаасан бөгөөд, хонины нэхийгээ ч хятад руу ачуулж боловсруулах болжээ. 2 жилийн өмнө Австралиас машины үйлдвэрүүд ганц нь ч үлдэлгүй гарч явсан байна.  АНУ, Европын олон муж, олон улс орнуудад энэ төрлийн хүнд үйлдвэрүүдээ ази руу нүүлгэж орхитол байгал орчин, амьралын нөхцөл нь сүүлийн жилүүдэд эрс сайжирч соёлтой өндөр технологийн хөрөнгө оруулалтууд нэмэгдсэнээр өмнөхөөсөө ч их орлого ашигтай ажиллах болсон байна.

Гар утасны үйлдвэрлэлд шаардлагатай металуудыг уурхайн хүдрээс ялган баяжуулж, түүнд шаардлагатай металыг хайлуулан, метал хайлуулах нүүрсийг угаан, коксжуулан, нийлэг материал болон тээвэрлэлтэнд хэрэглэх шатахуудыг гаргаж авах нефтийг нэрж ангилан гаргадаг үйлдвэрлэл бол энэ юм.

Бэлэн бүтээгдхүүний үйлдвэрлэл: бол түүхий эд, хагас боловсруулсан түүхий эдийг багаж тоног төхөөрөмж, эрчим хүчний тусламжтайгаар бэлэн бүтээгдхүүнд хувиргах үйлдвэрлэл юм. Голдуу бэлэн бүтээгдхүүнийг худалдан борлуулах зах зээлийнх нь ойр, бас ажиллах хямд хүчийг түшиглэн хөгжүүлбэл амжилт олдог салбар юм.  Олон олон бэлэн бүтээгдхүүний үйлдвэрлэл нь механикжсан, роботжсон, эсвэл хүний хөдөлмөрийг робот шахуу болгосон монотонный үйлдэлтэй байх бөгөөд зах зээлийн нөхцөл байдалд тааруулан хүссэн үедээ татан буулгаж, хүссэн үедээ сэргээн эхлүүлэх боломжтой байхаар зохион байгуулагдсан байдаг.

Гар утасны эд анги үйлдвэрлэх, угсрах үйлдвэрлэлүүд үүнд хамаарна. Тухайн үйлдвэрүүдийн ажил орлоготой байх эсэх нь үйлдвэрлэж байгаа гар утасны загвар, эрэлт хэрэгцээнээс шууд хамааралтай бөгөөд ширүүн өрсөлдөөн дунд өрнөдөг зах зээлийн тэмцлийн орчинд хувь заяа нь савчин байдаг билээ.

Инженерчлэл, багаж, зэвсгийн үйлдвэрлэл: бол үйлдвэржилтийн оргил цэг нь юм. Чухамхүү энэ төрлийн үйлдвэрлэлээ хөгжсөн орнууд хэзээ ч гадаад руу гаргадаггүй. Доод шатны үйлдвэрлэгчидийг энэ бизнес рүү орох замыг амар тавьж өгдөггүй юм. Tooling буюу багаж тоног төхөөрөмж бол ямар ч үйлдвэрлэлийн үндэс, инженерчлэл бол тэр үндэсийнх нь үндэс, зэвсгийн үйлдвэрлэл бол инженерчлэлийг тэтгэх тэжээл, технологи хөгжүүлэх хөшүүрэг, хөрс суурь нь болж байдаг.  Гар утас үйлдвэрлэгч компаниуд энэ үйлдвэрлэлээ зөвхөн өөртөө, маш нууц байлгах ба хаашаа ч гаргаж ил болгодоггүй билээ. Купертино дахь Аппл кампусын ихэнх орон зай ийм л үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэдэг.

Гэвч хамгийн сонирхолтой нь гар утсыг зардаг, худалдаг, үйлчилгээ үзүүлдэг бизнесүүд уурхай, боловсруулалт, угсралтаас ч илүү ашиг орлоготой байдаг. Бусад бүх бүтээгдхүүний хувьд ч энэ зарчим давтагддаг.

Монголчууд бид бол хөгжих чин эрмэлзлэлтэй байгаа улс. Харин яаж, ямар салбарыг барьж авч хөгжих вэ?

Мэдээж уул уурхай эхний ээлжинд санаанд буудаг. Олон олон бодлого тодорхойлогчид Сайншандын аж үйлдвэрийн паркийг хөгжлийн гарц хэмээн батлах тулгах хоёрын дундуур хэлж байна.

Миний бодлоор би уул уурхайгаар хөгжих биш харин жинхэнэ хөгжилд хэрэгтэй бэлэн мөнгийг л уурхайгаасаа  зардал чирэгдэл багатайхан шиг гаргаад авчихмаар байгаа юм. Учир нь олборлолтын тоос л бидэндээ хангалттай уршиг тарих болно. Илүү нэмж хор хохирол хүлээх хэрэг байна уу.

Сайншандын аж үйлдвэрийн парк гээчийн талаар багахан мэдээлэл цуглууллаа. Өнгөц харахад л дуу алдмаар түүхий, хор хохиролтой, ашиггүй ёстой нөгөө голоошийн үлгэр тэр чигээрээ байж байх юм. 2009 оны байдлаар нийт 9.3 тэрбум ам долларын санхүүжилттэйгээр зэс хайлуулах үйлдвэр, хорголжин төмрийн үйлдвэр, коксын үйлдвэр, цэментийн үйлдвэр зэргийг тэдгээрт зориулсан дэд бүтцийн хамт барьж босгохоор төлөвлөсөн юм байх. Ер нь бол өнөөдөр бариад 5 жилд багтаан ашиглалтанд оруулъя гэвэл эскалаци, инфляци тооцвол 17-18 тэрбум руу дөхөх өртөг гарахаар юм байна. Үйлдвэрүүдийг түүхий эдээсээ бүгд хол бөгөөд бүхнийг усгүй цөлд, түүхий эдийн олборлолтуудаас нь олон зуун километрийн алсад байгуулахаар төлөвлөжээ. Ганц авах юм нь байрлал нь юм байх. Шавар дээр байрлалсаад байх ч юу байхав. Төмөр зам дээр тул энэ байрлалыг сонгосон бололтой.

За үйлдвэрүүдийг шинжье

Зэсийн үйлдвэр: Сайншандад зэсийн үйлдвэр ашиглалтанд орвол одоо ч зэс үйлдвэрлэж байгаа Эрдэнэтийн ашиг орлого, хувьцаа үнэлгээнд сөрөгөөр нөлөөлж дотоодын үр ашиггүй өрсөлдөөн үүсэх нь гарцаагүй. Багахан зардлаар Эрдэнэтийн хажууд нэмж байгуулж болох цэвэр зэс ялган авах үйлдвэрлэлийг хаа хол баяжмал тээвэрлэн хийх нь ашгийн мааржинг үлэмж бууруулах бөгөөд илүү тээвэрлэлтээс үүдсэн өртөгийн өсөлт уг үйлдвэрт өрсөлдөх чадварыг буй болгохгүй байдал харагдаж байна.  ROI (Return of Investment) буюу хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаанууд нь үнэмшилгүй бөгөөд хамгийн зохиомол байдлаар татаж тооцлоо ч 10-15 жил болж харагдаж байгаа нь бодит ROI хэзээ болох нь улам бүрхэг болж байна. Санхүүгийн маш ярвигтай схемээр олдсон зээлээр санхүүжигдэж барих энэ үйлдвэр миний харж байгаагаар ашгаа хэзээ ч өгөхгүй бөгөөд хэвийн бизнесийн адилаар хэзээ ч ажиллаж чадахгүй. Хамгийн хорлонтой нь энэхүү зэс боловсруулах үйлдвэрийн экологийн сөрөг импакт гамшгийн хэмжээнд байх болно. Зэсийн үйлдвэрлэлт хүхрийн хүчлийг асар ихээр хэрэглэх бөгөөд үйлдвэрлэлийн явцад хүчлийн нуур үүсдэг. Хүчлийн уур хүн, байгалийн эрүүл мэнд, амьдрах орчинд асар хортой нөлөөлөлтэй бөгөөд энэ хүчлийг саармагжуулахын тулд асар их фосфор шаардлагатай. Байз байз! Фосфороо хаанаас авах уу? Мэдээж Хөвсгөлөөс. Ингээд фосфорын олборлолт гээч бас л нүсэр хөрөнгө оруулалттэй үйлдвэрлэлийг аялал жуулчлалын сор бүсдээ буй болгохоос өөр аргагүйд хүрэх болно. Фосфор олборлолтын явцад Хөвсгөлийн байгал экологи яаж сүйрэх талаар дэндүү аймшигийн тоо баримттай шинжилгээ, судалгааний ажлууд маш олон байна. Товчхондоо бид зэс ялгаж мөнгөтэй болж авах гэсэн биш түмэн жилдээ нөхөгдөхгүй хор хохирол амсах болох нь.

Хүн ам зүйн хувьд ч зэс бол аймшигтай үйлдвэрлэл. Өнөөдөр Эрдэнэтэд дөнгөж 40-тэй ч цал буурал залуус зөндөө байна. Зүрх судасны өвчлөл Эрдэнэтэд гамшгийн хэмжээнд хүрчээ. Ялангуяа нялхсын төрөлхийн зүрхний согог Эрдэнэтийн гэр бүлүүдийн нийтлэг зовлон болсон байна. Тэрбум хятад хүнээ хайрладаггүй байж болох ч бидний цөөхөн Монголчууд ингэж хордон хорогдож байх нь зөв үү? Ингэж хөгжих хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу. Нухацтай бодох л асуудал. Нэг зүйл баталгаатай хэлэхэд Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулъя гээд байгаа нөхдүүдийн хэн нь ч Сайншандад суурьшин төвхнөхгүй. Учир нь тэд уг үйлдвэрийн хор хохиролыг дэндүү сайн ойлгож байгаа.

Хорголжин төмрийн үйлдвэр: Энэ бол төр ашигтай ажиллуулж хүчрэлгүй хувийн мэнэжментэнд саяхан шилжүүлсэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг л шууд шаагаад унагааж буй хэрэг юм. Тэр үйлдвэртэй хүдэр, зах зээл, боловсон хүчин зэрэг олон зүйлийг нь булаалдах болно. Жинхэнэ харилцан сүйтгэх үр ашиггүй өрсөлдөөн үүсэх байх. Мэдээж дотоодын өрсөлдөөнтэй үйлдвэрлэл тул ашиг олж хөрөнгө оруулалтаа нөхөх төсөөлөлүүд нь ч замхарна. Экологийн хувьд ч төмөрлөгийн үйлдвэрлэл Сайншандад бүтэшгүй мөрөөдөл мөн. Шалтгаан нь ус. Усгүйгээр ямар ч төмөрлөгийн үйлдвэрлэл явдаггүй. Говьд хаанаас ус татах вэ? Зарим нь Хэрлэн мөрөний усыг говь руу татах тухай сэрүүн зүүдэлж сууна. За больж үзээрэй таминь. Хасах 40 хэмд ямар ус хоолойгоор урсаж чадах юм бол? Хөлдөөхгүйн тулд 500 км цэвэр усны траншэй татах болж байна уу? Энэ траншэйний зардал нь бүтээгдхүүний өртөгт шингэчихвэл тэр муу тэнгэрийн үнэтэй хорголжин төмрийг чинь хэн авах юм болж байнаа?    

Кокс химийн үйлдвэр: Чингис хаан Монгол усаар хирээ угаахыг ч цаазлан хориглосон билээ. Коксын үйлдвэр бол Монгол усаар хятад зууханд орох нүүрсийг угааж ариутган баяжуулж бэлдэнэ л гэсэн хэрэг юм. Асар их хорт хаягдал энэ үйлдвэрлэлээс гарна. Түүнийг хааш нь зайлуулах вэ. Бидэнд далайд хорыг нь зөөгөөд аваачих том гол мөрөн алга. Далай нь ч алга. Химийн үйлдвэрийн хог шаарыг өндөр үнээр, үнэгүй ч хамаагүй импортоор авдаг улс байдаг гэж би л лав дуулаагүй юм байна.  Химийн үйлдвэрийн хор хохирол, хог шаар нь Монголын эмзэг говьд үлдэнэ, Монголчуудын цусанд шингэж удамд нь хоцорно.  Ашиг нь?  Ашиг нь ашиггүй нааш цааш нь баахан тээвэрлэсэн тээврийн зардал, ачиж буулгасан боомтуудынхаа төлбөрт л явчихна даа. Ер нь бол нүүрсийг нүүрсээр нь л экспортлосон нь нэмүү өртөг шингээснээс ашигтай, хямд хэмнэлттэй тусах нь бий. Австрали сүүлчийн коксын үйлдвэрээ өнгөрсөн жил хаачихлаа. Тэд түүхий нүүрсний олборлогт, экспортыг боловсруулсанаас ашигтай гэж шийдсэн байна.  Харин бид?

Цементийн үйлдвэр: 200 м гүн лаг шавран дээр байрлах Сайншандад цорын ганц ашигтай байж болох үйлдвэрлэл нь бол цементийн үйлдвэр юм байна. Тэхдээ үүний тулд төр харайж ороод л өр зээл тавиад л “үйлдвэржүүлээл” байх ямар ч шаардлага байхгүй. Хувийнхан л аваад явчихна. Хөрөнгө оруулалтын эрсдэлээ тэд үүрээд, ашгаа ч тэд хүртээд явчих бүрэн боломж бий. 

Санхүү өр зээлийн асуудал: ямар ч үйлдвэрлэл эзэмшигчийн хувь хөрөнгө оруулалтгүй, өр тавьбал үндсэн үйлдвэрлэл доголдсон тохиолдолд өрийг нь төлөлцөх орлогын нөөц эх үүсвэргүй, бүтээгдхүүнийг нь авах зах зээл нь хязгаарлагдмал бол оруулсан хөрөнгөө нөхөж ашгаа өгтөл асар уддаг. 1974 онд эхэлсэн Эрдэнэт л гэхэд 90-д он гарч байж л ашиг ярьж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл ашигтай ажилтлаа 20 жил болжээ. 20 жилийн дотор технолги нь хуучирч шинэчлэл шаардлагатай болсон тул ашгийн 1/3-ийг үйлдвэрлэлийн шинэчлэлд зориулсан хөрөнгө оруулалтанд тогтмол буцаан зарцуулж байсан байдаг. Ер нь бол Н.Энхбаярын их өр тэглэсэн ажиллагаа яваагүй бол өнөөдөр ч бид Эрдэнэтийг босгосон өрнөөс салаагүй, оросуудынхаа гүн зуултанд хэвээрээ л байх байсан гэж боддог. Сайншанд бол 2009 оны байдлаар бараг 10 тэрбум долларын хөрөнгө оруулалтын асуудал яригдсан бизнес. Түлээ хагалахад зомгол гарна гэгчээр тус бүтээн босголтыг найруулсан хүнд өлхөн тэрбум доллар унахаар үрэлгэн төсөв. Escalation тооцвол хөрөнгө оруулахад шаардагдах хөрөнгийн хэмжээ жилд 13 хувь дунджаар нэмэгднэ. Дүнд нь нийт хөрөнгө оруулалт 17-18 тэрбумд дөхөж эргэн төлөлтийн нөхцөлийг бүүр ч хүндрүүлэх болно. Нэгэнт нүүрсний экспортоо царигийн хэрүүлээр цаламдаад унагаачихсан тул энэ хөрөнгийг банкны зээл, хүнд нөхцөлүүдтэй хөрөнгө оруулалтын гэрээнүүдээр л санхүүжүүлж таараа. Ер нь бол баригдахаасаа өмнө Оюу Толгой шиг бусдын гарт орчих ч боломжтой. Бусдын гарт орсон тохиолдолд Монголчуудад үйлдвэрлэлийн хорт нөлөөлөлүүд нь л үлдэж ашиг нь гараад алга болох нь ойлгомжтой билээ. За өөрсдөө эзэмшнээ гээд өр тавиад хийе гэвэл өрөө хэзээ ч төлж барахгүй хүнд нөхцөлтэй схемээр л санхүүжүүлэх шаардлага гарна. Оюу Толгой дээр бид өр, хүү, хүүгийн хүүгийн хэзээ ч дуусахгүй өрийн барьцаанд орчихоод байгаа нь нууц биш. Сайншанд бол яг баялаг биш тул үүнээс хөнгөн нөхцөлтэй санхүүжилт олдох нь юу л бол. Ер нь бол энэ аж үйлдвэрийн паркийн өгөөжийг өнөөгийн Монголчуудын ихэнх нь энэ насандаа хүртэхгүй л болов уу. Өөрөөр хэлбэл та бид нар энэ мөрөөдлийн үйлдвэрээс ашиг хүртэхгүй. Харин үйлдвэр барих процесоос цөөн хэдэн эрх мэдэлтнүүд цөм бурзайх нь бараг тодорхой.  Тэд энэ хулгайн олзоороо төрийг худалдан авч “Ирээдүй рүү буцсан нь-2” киноны Бифф-ын лотерейны дэглэмийг тогтооно. Өнөөдөр шиг тэнсэн ялтай шүүхийн туслах МИАТ-ын захиргааны дарга болж шударга инженерийг шүүхээрээ яллуулж, хөлсний сэтгүүлчдээр чичлүүлэх хажууд нь юу ч биш болно. Ингээд Монголын ардчилал нүд аних болно.    

Нэгэнт үр ашиг нь харагдахгүй удах, дээр нь хөрөнгө оруулалт нэмж авсаар байх нь бараг тодорхой энэ лай ланчигаасаа салахын тулд хувьчлах замыг яваандаа сонгох л болно. Авах эзэн нь ч бараг тодорхой шахуу. Ард түмний мөнгөөр аварга үйлдвэр бариулаад ашиггүйгээр нь миалж байгаад хямдхан цохиод унагааж гаршсан их замын дээрэмчид хаанаас ч, хэзээ ч олддог юм.

Сайншандын аж үйлдвэрийн парк баригдвал Монголчууд хөрөнгө оруулалт, зээл, зээлийн хүү, хүүгийн хүүгийн дор хаяж 25-30 орчим тэрбумын өрөнд орох болно. Баахан баялагаа хайранчиг байгалаа хордуулан байж боловсруулаад банкны зээл барагдуулахад өгөөд л дуусах байх. Бид өгөөл байна, тэд аваал байна. Энэ цикл дуусахгүй. Өр ч дундрахгүй.

Монголчууд бид асар их өгөөжтэй өөр олон олон бизнес босгох боломж, хөгжилд зарцуулах хайран хөрөнгө, цаг хугацаагаа Сайншанд хэмээх сэрүүн зүүдэндээ шавартай зуураад л дуусгах гэж байна.  Сэрцгээе. Сэрүүн зүүднээсээ сэрцгээе Монголчуудаа. Монголчуудын энергийн төв, Данзанравжаагийн нутагт хорт үйлдвэр барихыг эсэргүүцэцгээе. Өөрөөр амьдрах арга сэтгэцгээе. Боловсруулах үйлдвэрлэл бол яавч зөв сонголт биш.

Анхны хөрөнгө оруулалт гэж яригдаад байгаа 10 тэрбум доллар гэдэг бол бөөнд нь авбал 80 ширхэг Boeing 787 Dreamliner онгоцны үнэ юм шд.  Бид энэ хөрөнгөөр 300 суудалтай 80 ширхэг онгоцоор жилд 10-15 тэрбум долларын орлоготой, 1-2 тэрбумын ашигтай ажиллах глобал авиакомпани байгуулах боломж бий. Энэхүү ашигтай авиа бизнесийн зарим ньюансын талаар дараагийн нийтлэлдээ бичэмз.  

За энэ удаадаа ингээд дуусгая.

Хотоос зайдуу Жаргалантад хоёр хөгшин байх бүлгээ. Хүүхдүүд нь хотод. Социализмын үед гавшгайч явсан хөгшид туйлын ажилсаг. Хажууханд нь том компаниуд талаар дүүрэн төмс тарьчихаад байхад л  хашаандаа газар хагалж төмс тарина. Хаврын тариалалтдаа хүүхдүүдээ хотоос дуудна. Багаж, бордоо, үрийн төмс зөөлгүүлнэ. Хаврын “тариалалт” дуустал хүүхдүүд нь дор хаяж 2-3 хагас бүтэнд ирж тусална. Зуны амралтаар багачуудаа явуулж ногооны талбайг нь арчлуулна. Хэдэн балчир хөвгүүн горзойтлоо ус түрж усална. Намар ургац хураалтанд хүүхдүүдээ дуудна. Эхний удаад бороо ороод болц оройтсон тул хойшлуулна. Сургуулийн хүүхдүүд ч хот руугаа буцна. Дараагийн удаа 2 машинтай бөөндөө ирж байж 3 шуудай төмс хураана. Гурвын гурван шуудай дүүрэн үнэгүй төмс!  Бөөн баяр. Даанч намрын ургацнаар Жаргалантад тэднийхний 3 шуудай төмс тариалсан нийт зардлаар нь 3 машин төмс худалдаж авч болохоор үнэ нь доош унана. Арай л дэндүү гомдмоор...

Ц.Бат /Бат инженерийн блог/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Amberly

      (188.143.232.27) 2016-12-21 13:52
      • 0
      • 0

      Legg Mason is hedtuqaraered in Baltimore, Maryland, and its common stock is listed on the New York Stock Exchang the moment sweetie bracelets are extremely favorite; they can be a example of items of fun jewelry which might be expressed by brands renowned for quality

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.189) 2014-07-25 13:25
      • 0
      • 0

      хаа холын сайншанд ч яамай гандангийн гудамжаа бондын мөнгөөр ганган болгож байгаа шдэ хохохохо

      Хариулах