
Шөнө оройн цагаар хүүхдийг гадагшаа авч гарахаар бол хамар дээр нь хар хөө түрхэж домнодог. Үүнийг бид бор халзан туулай гэж нэрлэдэг. Зарим хүмүүс баатарлах гэж ч ярьдаг.
Нэгэн домгийг сонирхуулъя. Нэгэн залуу хос гэрлэж тун удалгүй үрийн зулай үнэрлэжээ. Гэтэл хоёр чөтгөр хүүхдийг нь авахаар санаархаж. Тэднийх дөрвөн нүдтэй нохойтой бөгөөд түүгээр гэр орон болон малаа харуулдаг байжээ. Үдэш орой болохоор нөгөө нохой нь хуцсаар байгаад чөтгөрүүдийг гэртээ ойртуулдаггүй байсан аж. Чөтгөрүүд хүүхдийг гэрээс яаж авч гарах арга хайсаар нэгэн арга сэджээ. Нэг чөтгөр нь би эхнэр, нөхөр хоёрыг хооронд нь хэрэлдүүлье. Тэгээд эхнэр нь гомдоод төрхөм рүүгээ хүүхдээ аваад явангуут чи хүүхдийг нь аваарай гэж нөгөө чөтгөртөө захижээ. Чөтгөр ч эхнэр нөхөр хоёрыг хэрэлдүүлж, эхнэр нь төрхөмдөө буцлаа. Санаснаар нь болсон чөтгөр нөгөө чөтгөр дээрээ ирээд "за яасан, хүүхдийг авсан уу" гэхэд "миний өмнүүр хүүхэдтэй хүүхэн гараагүй, харин бор халзан туулай үүрсэн эмэгтэй явсан" гэжээ. Иймд хүүхдийг шөнө оройн цагаар гадагш авч гарахдаа айж эмээхээс сэргийлэн бор халзан туулай болгон чөтгөрийн нүдийг хуурдаг домтой аж.
Хүүхэд хөлсвөл гал дээр давс цацаж домно.
Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлагнахыг бид хүүхэд хөлсөх гэдэг. Хүүхдийн хөлсөхийг арилгахын тулд монголчууд олон янзын аргаар домнодог. Тухайлбал, аягатай усанд лааны тос дусаахад тухайн хүүхдийн айсан, цочсон амьтан нь гарч ирдэг. Үүнд мөн тугалгыг ч ашгилдаг. Айсан хүүхдийг зарим хүмүүс нүцгэн байхад нь малгайг нь буруу харуулан өмсгөж гал юмуу, цогон дээр давс цацан түүн дээр нар зөв эргүүлэн домнодог. Ингэхдээ "гал ширэг суухаа, гангаа ширэг суухаа" хэмээн шивнэдэг бол Сосорбарам бурхны зүрхэн тарни болох "Сосорбарамаасаа чанцаало, ум даари базарни махаа хум хум, пад пад суухаа" хэмээн уншиж, аягатай усаа 3-7 удаа үлээдэг.
Зальт шарыг урладагын учир
Хүүхдийг элдэв гай барцдаас сэргийлэхийн тулд уламжлалт арга болон домуудыг хэрэглэдэг. Үүний нэг нь эсгийгээр үнэг урлах юм. Дөнгөж төрсөн хүүхдээ тайван унтуулахын тулд, мөн сэрүүн байхад нь саатуулахын тулд аав нь үнэг хайчилдаг заншилтай. Яагаад заавал үнэг гэж та бодож байна уу?
Үүний тухай нэгэн аман яриа байдаг. Хүүхдийг унтаж байхад нь үнэг ирээд "ээж чинь үхсэн, ээж чинь үхсэн" гэж хэлдэг. Гэтэл хүүхэд айгаад уйлах гэтэл үнэг "худлаа, худлаа" гэж тайвшруулахад баярласандаа нойрон дундаа инээмсэглэдэг. Иймээс хүүхдийг унтаж байхдаа инээмсэглэхийг үнэгчлэх гэдэг байна.
Бараа, бараа...
Хүүхдийг хахахаар "Бараа, бараа" гэж дууддаг. Яагаад гэвэл бар бол хахаж үхдэггүй амьтан гэдэг. Хүүхдэд шүр, маргад хамгийн ээлтэй. Иймд эдгээр чулууг хүзүүнд нь зүүвэл аливаа муу мухайгаас хамгаална. Мөн ногоолин чулуу хүүхдийг шөнө цочиж сэрэхээс хамгаалдаг. Харин галын чулуу буюу тунгалаг шар чулуу тайван амраадаг байна. Уулын болор хүүхдийг аливаа өвчнөөс сэргийлдэг.
Буруу энгэртэй дээл
Хүүхэд тогтдоггүй айл эсвэл өвчин зовлонд өртөмтгий энхрий хүүхэдтэй айл элдэв зүйлийг цээрлэсээр ирсэн. Энхрий хүүхдэд нэр өгөх, хувцас өмсгөх, хоол унд өгөх нь бүгд учиртай. Тухайлбал, хүүхэд тогтдоггүй айлын хүүхдийг тусгайлан барьсан гэрт эр хүн эх барьж авдаг. Төрөнгүүт нь нохойн идүүрэнд тосч аваад, дараа нь эцгийх нь дээлний баруун ханцуйнд боож авдаг. Мөн ширмэн тогоо хөмөрч авах, гүзээнд боох, хэдэн долоо хоногоор айлд хонуулах, эсвэл хэдэн сараар хөл хорьдог байна. Энхрий болон хүүхэд тогтдоггүй айлын хүүхдүүдэд Ухна, Майхантай, Овоохой, Хэнчбиш, Тэрбиш зэрэг элдэв нэр өгдөг бөгөөд түмэн даавууны өөдсөөр дээл, өлгий хийж өгдөг. Ялангуяа эрэгтэй хүүхдэд эхнэр мөртэй дээл өмсгөж, зориуд "хүүхэн" хэмээн нэр өгч, баруун чихэнд нь ээмэг зүүн зүсийг нь хувиргадаг.
Хүүхдийн эдлэх ёстой алба буюу ам гэмтэх
Ам нь гэмтсэн хүүхдийг эдлэх ёстой албаа эдэлж байна гэдэг. Учир нь хүүхдийн ам нэг удаа л гэмтдэг. Өнөө цагт хүүхдийн ам гэмтэхэд олон янзын аргаар эмчилдэг болжээ. Харин манай уламжлалд хүүхдийн ам нь гэмтсэн бол нагац ахынх нь морины халуун амгайг зуулгадаг байна. Хол ч бай, ойр ч бай хурдтай давхиж ирсэн морины амгайг авч хүүхдэдээ зуулгавал амны гэмтэл тэр дороо арилдаг.
Хүүхдийн адыг дарах дом
Үргэлж орилж бахираад, уур уцаар ихтэй болоод ирэхэд үйл явдал болж байгаа үед нь толгой дээр нь ус хийж уур омгийн нь ариусгалын дом хийдэг.
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.