
Төрийн хошой шагналт СГЗ, нэрт зохиолч Донровын Намдаг
Үрэгдсэнийг хүлээгч
1939 оны намар говь нутагт суудлын задгай ногоон машинтай цэргийн нэг дарга Нямаа өвгөн гэгчийнхийг эрж сурсаар очив.
Тэрбээр Халхголын байлдаанд баатарлаг байлдсан нэг бага даргын тухай яваа боловч, очсон тэр айлдаа баяр баясгалан өгч даанч чадсангүй.
Гэрийн баруун хоймор өргөн нүүртэй, шанааны үс буурал, янхигар цээжтжй, тавь эргэм настай Жамьян гэгч гүнээ санаа алдаж “Ээ хөөрхий эхээс бид гурван хүү төрсөн юм сан” гэж нүднээсээ ганц боловч нулимс гаргахгүйг хичээн шүд зуув. Цааш өгүүлэхдээ Жамьян: Дундах мааньтээр жил...одоо бага дүү маань! Улс орныхоо төлөө баатарлагаар байлдаж байгаад гавьяа байгуулсан боловч, нэгэнт амь бие үрэгдсэнээс хойш үлдсэн бидэнд ямар баяр баясгалан байх билээ дээ гээд нулимсаа барьж эс чадан асгаруулж гарав.
Доодтойд суугаа минчгэр хүрэн царайтай, цээжин бие нь дан хөх даалимбан тэрлэгтээ багтаж ядсан авгай,
-Ээ тийм! Энэ хорвоо гэдэг чинь яасан хэцүү вэ? гэж өгүүлэнгээ говь нутгийн халуун хуурай агаарт гандан борлохын зэрэгцээгээр сааль сүүнд зөөлөрсөн гараа нүүрэндээ аваачин енгэнэв.
Нөгөөтэй нь үнсийг нь хаясан том тулганы хажууд ээжийнхээ дээлийн үлдэцээр хийсэн өмднөөс өөр хувцасгүй борхон ходоодтой лантгар жаал аав, ээж хоёрынхоо уй гашуу болж байгааг гайхан нүд бүлтэлзүүлэн ширтэнэ. Түүний дээдтэй Нямаа өвгөн 80 насныхаа найрыг гурван жилийн өмнө их хүүгээрээ хийлгэсэн бөгөөл амь үрэгдсэн баатар эрийн хойноос хамгийн гадшуудах ёстой хүн байлаа. Гэвч чих баахан хатуу, нүдний хараа муу аж. Анх муу мэдээ авчрагчийн орж ирэхэд хүү минь ороод ирэв үү гэсэн байдлаар нэг сайн харж аваад, ихэвчлэн нүд анин уруул хөдөлгөж суудаг хэвдээ орсон байв. Тэгээд эцэст нь өвгөн эмэгтэй хүний гэнэт дуу алдан енгэнэхийг сонсоод нүд нээн энэ тэрийг ажив.
Гэлээ ч хүү бэр хоёрын нүүрний хуиралт уйлах, инээхийн чухам алин дээр байгааг ялгаварлаж үл чадна.
-Ээ хүүхдүүд, та нар минь юу болов, юун тухай хөөрөлдөөн инээдэм шуугиан болов? гэж асуусанд цөм дуугаа хураан чимээгүй болов.
Үнэндээ өвгөн амна нь үг ярианд ийнхүү хөндлөнгөөс орж байсан удаагүй билээ. Иймд эр эм хоёр “Аав бидний яриаг дуулчихав уу? Аль зөн совингоор тааварлаж байна уу” гэж шивнэлдэн, юу гэж хэлэхээ олохгүй сандарцгаав. Үнэндээ тэд ил гунигт явдлыг мэдэгдэхийг чин сэтгэлээсээ эмээнэ. Учир нь гэвэл өвгөн хэдэн сарын өмнө тэр хүүдээ: Чи цэрэгт мордсоор даруй таван жил болов бус уу? Энд би үхэх маань өнөө маргаашгүй болсноор барахгүй хэдэн жилээр хожимдож байна. Өөрт маань ч амьд яршиг болж гүйцэв. Ганцхан хоргодох маань чи! Чамтай уулзахгүй нүд анивал сүнс маань хоргодон, зуурдын зовлон эдлэх тул арга буюу түүнээс айж, амин судас цохиж байна. Иймд чи энэ жил заавал ир! Сэтгэлийг минь амраа! Сүнсийг маань хоргодох юмгүй болго! гэж өгүүлэн захиа бичүүлж явуулсан юмсанж.
Үүнийг нь одоо Жамьян ам нээн дурдмагц эхнэр нь нэмэн нэмэн давтаж, үүдэн хоймор суугаа даргын зүрхийг шимшрүүлэв. Гэтэл өвгөний сэтгэлд ямар нэг сэнижш төрөв бололтой, гал нь барагдж, гадуур цэнхэр хүрээ тогтсон улбар нүдээ цавчлан хүн бүрийн нарийвчлан ажиглана.
-Үгүй та нар юугаа ярилцана вэ? Юунд миний асуусныг тоохгүй байна вэ? гэж гоморхсонд Жамьян өөрийн эрхгүй босон дэргэд нь очиж, чихэнд нь ам тулган,
-Аав минь, энэ жил дүү маань ирж чадахгүй гэнэ гэв. Үүнд өвгөн ихэд цочиж:
-Яагаад тэр билээ? гэж өөдөөс нь ширтэв.
-Халхын голын байлдаанд гарамгай байлдаж, баатар болж тушаал дэвшсэн гэнэ. Тэгээд ажил их, энэ жил ирж чадахгүй болоод энэ даргыг нааш явуулж шүү дээ гэсэнд өвгөн баясаж “Ээ” гэж бахдан инээмсэглэснээ,
-Үгүй, тэгээд хэзээ ирэх юм бэ? гэж царай хувиргав.
-Хойтон өдийд ирнэ гэж хэлүүлж шүү дээ гэсэнд өвгөн царай үрчийлгэн бодолхийлээд,
-Нэг жил гэдэг надад тун урт хугацаа. Би амьд байж чадах уу? гэж өөртөө асуулт тавиад, ингэхэд чухам өнөөдөр аль сарын хэдэн бэ?
-Намрын дунд сарын 15 гэж Жамьян хариулав. Энэ нь бол худлаа. Амандаа орсныг л өгүүлсэн нь тэр байлаа.
Өвгөн намрын дунд сарын 15 гэж давтаад,
-За яах вэ, би тэсье гэх нь хажуугийн хүмүүст үхэх амьдрах хоёрыг өөрийн санааны хэрэгт боддог байхнээ гэсэн мэт бодогдуулав. Тэр мөртлөө бас “Хүүд минь хойтон өдийд ирнэ гэснээрээ заавал иэрхийг хэлүүлье” гэлээ.
Тэр нэгэн өдрөөс эхлэн Нямаа өвгөн өдөр нэг бүрийг алдалгүй тоолох болсон бөгөөд орж ирсэн бүхэнд “Миний бага хүү баатар! Бас тушаал дэвшсэн, их дарга болсон. Энэ жил ажлын завдалгүй аргагүй эрхэнд нааш ирж чадаагүй юм гэнэ” гэж баяр бахдал болон ярина. Их хүү, бэр хоёр нь өвгөнийг аль болохоор аятай тавтай байлгахыг хичээнэ. Тийнхүү ярих бүрт нь өрөвдөн зүрх шимширнэ. Гэлээ ч нэгэнт хуурснаа буцаах нөхцөл алга. Харин ч улмаар итгүүлбэл дээр гэж үзэх тул,
-Ээ тийм энэ жилдээ ирэхгүй, хойтон ирнэ гэж өвгөний чихэнд дуулдахуйц чанга өгүүлээд дараа нь уг явдлыг нам дуугаар нэг нэггүй ярин халаглана.
Иймд тэр явдлыг орчны хүмүүст дорхноо тархан учир тодорхой болов. энэ үед хүмүүс өнгөрсөн тэр эрийн аль сайн сайхан талыг нь дурсахынхаа зэрэгцээгээр амьд мэндэд тооцон, хүлээгч хөөрхий өвгөнийг мөн мундахгүй өрөвдөн шогширно. Гэвч юм бүхэн хуучирч, хүч тэнхлээ алддаг гэдэг. Тэр ёсоор хүмүүсийн өрөвдөн шогшрох нь аяндаа замхарсан төдийгүй, өтлөн зөнөгсдийн жишээ, инээдэмт үзэгдэл болон яригдах тийшээ хандав.
Гэтэл өвгөн өнөөх хоосон итгэлд гүнээ автсан хэвээр “Төрийн их дайнд орж баатар болох нь ер, жирийн хүний хэрэг биш шүү дээ” гэж бодох тусам сэтгэл нь сэргэх бөгөөд тэгээд хүнгүй ганцаараа байлаа ч гэсэн ам нээн ярихаас өөр аргагүй байдаг аж.
Түүнийхээ дээр бас үлгэр омгийн баатруудыг үнэнхүү хэрэг дээр тодорсон түүхийн гайхамшигт хүмүүсийн явдлуудтай хутгалдуулан нэмэн нэмэн ярьж, шоолон тохуурхах маягаар хэлэлцэгчдийн яриаг улмаар дэврээнэ.
Эрүүл мэнд нь гэвэл бас доройтсон зүйлгүй. Өглөө босох нь эртсэж, шөнө унтах нь орйтсноор барахгүй, малын захад шилбүүр барин “хаая хүүе” гэж хашхиран зогсох дуртай болсон нь өвгөн санаа сэтгэл сэргэснийхээ хэрээр бие махбд нь сайжирсан байлаа.
Үүнд хүү, бэр хоёр нь нэг талаар баярлаж байвч, нөгөө талаар нэгэнт хууран мэхэлснээ мэдэгдчих вий гэж ямагт гэмшин болгоомжилсоор.
Гэлээ ч энэ ертөнцөд элэгдэн хуучирдаггүй юм даанч байхгүй шигээ тэдний тэр болгоомжлол ч аяндаа сулрах тийшээ хандлаа.
Ямагт ээлжлэх өдөр шөнийн урсгалыг саатуулагч хэн байдаг билээ. хүн амьтан аль ч өөрцгүй амьдрахын хойноос ийн зүтгэж байх зуур тоот сар дэс дараалан өнгөрч, ээлжит улирал аяндаа ирэх тул нэг мэдэхэд мөн л намар, намрын урь ирсэн байв. Энэ зуур өдөр хоногийг хэн чухам нэг нэгээр нь тоолж байна гэвэл гагцхүү үл эргэж ирэгчийг хүлээгч өвгөн! Тэрбээр босож, суухдаа багагүй тамирдах атал айраг бүлэхэд бүх хүч тэнхлээ өгөх болж эхлэхийнхээ зэрэгцээгээр тогоотой сүү рүү өнгийн өрөм загсаж аль хэр байгааг талын зэрэглээг ажих мэт гараа магнайдаа аваачиж, саравчлан ширтэнэ. Энэ бол түүний хувийн тооллоор намрын дунд сарын арван таван ойртсоны шинж тэмдэг мөн.
Энэ үед хүү, бэр хоёр нь дахин яаж аргалахаа аль хэдийн бодож амжсан байлаа. Нэг өдөр Жамьян малын эрэлд явахыгаа өвгөнд аймгийн төв орж, дүүгийн хэзээ ирэхийг сураглана гээд гарчээ. Тэгээд эргэж ирэхдээ дүү одоо холын хол сургууль хийж, агаараар нисэх онгоц жолоодон сурч байгаа гэнэ ээ гэсэнд өвгөн “Хэ” гэж дуу алдан баярлав. Энэ нисэх онгоц жолоодох нь яавч ерийн хүний хэрэг биш гэж боддогийнхоо хувьд хүүгээ мөн ер бусын хүнд аваачин бахархсан нь тэр байлаа. Дараа нь Жамьян ингээд дүү маань энэ жилдээ бас ирж чадахгүй болж шүү гэсэнд өвгөн “Пээ” гэж дуу алдан бараг муужрахад хүрч, хураасан амьсгалаа арайхийн эргүүлэн авч, тэгээд хэзээ ирэх нь вэ? гэж асуухад Жамьян Хойтон гэж өгүүлэнгүүтээ “Явуулсан захидал нь энэ байна” гээд сургуулийн хүүхдийн дэвтрийн тасархай гаргав. Тэгээд унших нь мөн хуурамч бөгөөд, санан сэтгэх талаар хүүхэд шиг болсныг нь хэрхэн далимдуулахаа чадамгай боловсруулсан аж. Иймд өвгөн үг нэг бүр дээр инээмсэглэж, эцэст нь “Энхрий хайрт аав минь би хойтон намрын эхэн сарын нэгэнд очно. Тэр болтол энх тунх сайн сууж байхыг хичээж үз” гэсэнд өвгөн “Хэ” гэж дуу алдан баярлав. Энэ нь чухамдаа дунд сар биш эхэн сар, тэр мөртлөө нэгэнд гэсэн нь тийм ч холын хугацаа биш шиг бодогдсоных байлаа.
-За яамай, тэр болтол аав чинь амьд мэнд байж чадна гээд хариу захиа явуул гэлээ.
Жамьян хэдийгээр хөнгөн хийсвэр хүн биш боловч, эцгээ эвтэйхнээр мэхэлж чадсанаа бусдад багахан дурсахгүй байж хараахан чадаагүй учир орчны хүмүүс өвгөнийг мөн л өрөвдөх дооглох хоёрыг хослуулан шагшин хэлэлцэж гарлаа. Тэр дундаас намрын сайхан дулааныг архи айраг эргүүлэн өнгөрүүлэгч зарим нэг саваагүй этгээдийн зориуд сонжин сонирхохоор очиход өвгөн өөртөө бахдан сэтгэл хөдөлснийгөө илчлэхгүй байж үл чадна.
-Баатар хүү маань одоо нисэх онгоц жолоодохыг сурч байгаа шүү дээ гэж эхлээд дараа нь үлгэр домогт гардаг хангарди хэмээх шувууг өнөө цагийн нисэх онгоцтой зүйрлүүлэн ярьж, улмаар элэг доог боллоо. Өвгөн ахин нэг жилийг эсэн мэнд давлаа. Өөрийнхөө тооллоор зуны сүүл сар юу юугүй шувтрахад эгээ л ноднингийнх шигээ айраг бүлэх ба тогоотой сүүний өрөм загсаалтыг анхаарах болов. гэтэл түүнийг ньонцлон анхаарах хүн үгүй. Орчны хүмүүс элдвээр сонирхон хэлэлцэх нь аль хэдийн өнгөрсний адил дэргэд нь халамжлагч хүү бэр хоёртоо мөн төдийлөн ойшоогдохгүй болсон байлаа. Жамьян дэргэд нь эхнэртэйгээ хэрхэх тухай дүнгэр дангар хэлэлцээд чихэнд нь очиж,
-Аав та тайван байж үз. Энэ жилдээ дүү мөн ирэхгүй байж мэднэ гэсэнд өвгөн цочиж:
-Яагаад гэж нүүрийг нь цоо ширтэв. Хариуд нь Жамьян,
-Ер хүний үйл хэрэгт ямар нэгэн саад учрахыг хэн байг гэх вэ гээд цааш бас хэдэн үг хэлэх гэтэл өвгөн,
-Заавал ирнэ гээд уцаарлан буруу харав. Ингэснээрээ өвгөн Жамьянг дахин үг хэлүүлээгүй бөгөөд, өөрөө ч дуугарсангүй. Сэтгэл нь хүү ирнэ, заавал ирнэ гэхийн дээр, ирэхгүй байж мэднэ гэж хэлсэн их хүүдээ гомдон байж ядна.
Тэр өдөртөө өвгөн нэг ч үг дуугарсангүй, ямагт санаа алдан газар гиртэв. Хүү, бэр хоёр хэрхэх билээ гэж нэг үе тэвдсэнээ “За яах вэ, ингэж байгаад аяндаа тайвшрах биз. Юу ч атугай одоо аргадахаа байя” гэж хэлэлцэв.
Тэр шөнө өвгөн огт унтаагүй ч байж мэднэ. Өглөө эрт нь аргагүй босож гэрийн зүүн хаяанд хөмрөн хаясан хэмхэрхий араг сандайлан, тэнгэрийн хаяа ширтэн суужээ. Энэ өдөр бол өөрийн тооллын намрын эхэн сарын шинийн нэгний өдөр мөн бөгөөд, өнөөдөр хүү ирнэ, заавал ирнэ гэж бат итгэх аж. Бэрийнхээ үнээ малаа сааж дуусаад “Орж цай уухгүй юу” гэснийг уцаарлан хөөв. Аягүй бол хүүгээ иртэл хэлэн дээрээ юу ч тавихгүй гэж бодсон ч байж мэднэ.
Бэр нь сандран гэртээ орсон боловч, нөхөртэйгөө за яах вэ, ингэж байгаад аяндаа тайвшрах биз гэж ярилцав.
Өвгөн суусаар л байв. “Хүү ирнэ, заавал ирнэ. Хүү маань надтай хамгийн түрүүнд золгоно. Хүү маань надтайгаа золгоод тэврэн авч, араг дээрээс босгож, гэрт оруулна.” Гэж бодно. Тэгээд бас гэртээ ороод их хүү, бэр хоёртоо гомдсон гомдлоо нэгмөсөн гаргах гэж хэлэх үгээ бэлтгэнэ. Нар дээр хөөрч, халуун илчээрээ төөнөж эхлэхэд хүүгээ дөөр дундын үеэр ирэх нь гэж бодов. Өдөр өнгөрөн нар баруунаа хэлбийхэд орой ирнэ гэж болов. бодвоос ирэх нь өглөө, өдөр дундуур ч биш орой байх нь гарцаагүй аж.Үдшийн бүрэнхий болов. өвгөний тэнхэл аль хэдийн алдарсан учир, тэнгэрийн хаяа ширтэхийнхээ оронд эрүү өвдөг нийлүүлэн атирсан байлаа. Гэтэл хүү, бэр хоёр ингэж байгаад аяндаа тайвшрах биз гэж бодохынхоо оронд тунирхаж байна гэж үзээд хоорондоо аргадахгүй байя гэж хэлэлцэн гэдийх аж.
Шөнө тээр орой өвгөн гэртээорж, харанхуй дундуур тэмтчин байж, орондоо орж хэвтэв. Хүү минь ирнэ, заавал ирнэ гэдэг итгэл нь хэвээр. Чихний сонор муугаа мартан чимээ чагнан хэвтэж байхад нөгөөтээгүүр хүү, бэр хоёр сэтгэл тавин “Аав үнэхээр зөнөжээ. Зөнөх зөнөхдөө бүр буруугаар шүү. Ийм болсон хүнийг чинь одоо чухам яавал таарах вэ?” гэж хэлэлцсээр нам гүм унтав.
Гэнэт өвгөний чихэнд хүнгэнэх их авиа сонсогдсонд хүү минь ирэв гэж яаран босон харайв. Энэ бол зүүд. Өдрийн энгээр хоол ундгүй суусандаа хийрхэн чих нь дүнгэнэсэн нь тэр. Зүүд цааш үргэлжлэхдээ өвгөнийг гэрээс гарахад шөнө биш өдөр байх бөгөөд эрээн тарлан үүлэн дундуур аварга том шувуу шунгинан бууж ирснийг өвгөн нисэх онгоц мөн гэж бодов. Тэгээд тэр шувуун онгоцноос хүүгээ бууж ирэхийг нь ажихад төрөлх байдал хэвээр байвч, өнгө зүс маш тунгалаг, өмссөн хувцаснаас нь хүртэл гилбэгээн өнгө гялалзана. Үүнд өвгөний баярласан нь маш их, хүн болсоор тийн баярлаж үзээгүй бөгөөд ингээд ч зүүд дуусав. Амьсгаа нь ч хураагдсан аж.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(102.89.2.157) 2022-03-23 02:09БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах