Охиноо өсвөр насны хямралаас хэрхэн зөв авч гарах вэ

Twitter Print
2020 оны 06-р сар 19-нд 18:46 цагт
Мэдээний зураг,

Өсвөр насны охинтой ээж та охинтойгоо ойлголцохгүй байгаа юм биш биз? Тэд маань их ууртай, бухимдуу, гэртээ оройтож ирээд, танаас ямар нэг зүйл нуугаад, харилцахад их хэцүү болсон юм шиг санагдаж байна уу? Хэрвээ тийм бол бяцхан охин чинь том болж байна гэж ойлгоорой. Энэ үед нь түүнийгээ хамгийн сайнаар ойлгож, зөв зам руу нь чиглүүлж чадах хүн бол ээж та л юм шүү.

Өсвөр нас гэдэг нь 10-18 насны залуусыг хэлдэг ба хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолтой насанд хүрсэн бие хүн болох хүртэлх шилжилтийн үеийг хэлдэг. Энэ үед охидын маань сэтгэлзүй огт өөр болдог. Хүүхэд наснаас насанд хүрэх шилжилтийн үеийн хямралд санаа сэтгэл тогтворгүйтэх, ааш зан нь хувирах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Үүнээс гадна хамгийн хүнд байдлаар дараах шинж тэмдгүүд илэрдэг.

Эцэг эхээсээ зай барьж эхэлдэг. Эцэг эхийн орон зайг үе тэнгийнхэн нь эзэлнэ. Тэд эцэг эхээс найз нөхдийн дүрэм журмыг илүүд үзэж, эрхэмлэдэг. Би ямар ажил хийх вэ? Би өөрийгөө хэрхэн авч явах вэ? Өсвөр насныхны ажил мэргэжилтэй холбоотой сонголт нь тэдний өөрийн бие хүнээ хэрхэн мэдэрч ухамсарласантай шууд холбогддог. Тэд биеийн болон бэлгийн хөгжлийн өөрчлөлт, эсрэг хүйстэндээ татагдах зэрэг шинэ мэдрэмждээ сэтгэл нь тавгүйтэж, ичиж, эргэлзэнэ.

Өсвөр насныхан гадаад үзэмжиндээ анхаарал тавих нь ихсэж, удаан цагаар толины өмнө эргэлддэг болно.Үүнийг өөрөө өөртөө дурлах гэж нэрлэх нь бий. Мөн өөрийгөө бусдаас дээгүүр тавих, бусдаас өвөрмөц гэдгээ батлах, хэн нэгнийг шүтэн дуурайх, олны анхаарлын төвд байхыг эрмэлзэх, хүлээн зөвшөөрүүлэх зэрэг зан үйлийн шинж тэмдгүүд энэ насанд дахин давтан илрэх тохиолдлууд байдаг.

Аливаа зүйлийг өөр өнцгөөс харах чадвар нь хөгждөг. Мөн ширэв татах , далд хоёрдмол утгатай үг хэлэх, хорон үгээр шүүмжлэх, юу ч хийхгүй байх гэх мэт зан үйлээр эсэргүүцлээ илэрхийлнэ. Тэгэхлээр өсвөр нас бол хамгийн их тусламж хүсдэг үе байдаг. Тэднийгээ ойлгож, энэ хямралын үеэс нь амжилттай гаргахын тулд эцэг эхчүүд хамгийн том үүрэг гүйцэтгэдэг.

ТЭДЭНД ӨСВӨР НАСНЫ ТАЛААР ОЙЛГУУЛААРАЙ

Энэ үедээ хүүхдүүд өөрийгөө том хүн болсон гэж боддог тул аливаа асуудлыг өөрөө шийдвэрлэхийг хүсэж, эцэг эхтэйгээ үзэл бодлын зөрчилд орж, эцэг эхээсээ улам хөндийрдөг. Тиймээс хамгийн эхний алхам бол охиндоо өсвөр нас гэж ямар үе байдаг, ямар шинж тэмдэг илэрдэг болоод үүнийг даван туулахын тулд ээж ааваасаа ичиж санаа зоволтгүй ярилцаж байхыг ойлгуулаарай.

БҮХ СЭДВЭЭР НАЙЗ ШИГ НЬ ЯРИЛЦААРАЙ

Өсвөр үеийнхэн эрүүл мэнд ялангуяа бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг муутай, тэд энэ талаар үнэн зөв мэдээлэл авах боломж хязгаарлагдмалаас шалтгаалан хүсээгүй жирэмслэлт, эрт бэлгийн харьцаанд орох, архи тамхинд донтох зэрэг асуудлууд үүсдэг. Тиймээс эцэг эхчүүд охидтойгоо бүх сэдвээр ярилцаж боловсрол олгоорой. Ялангуяа охидын эрүүл мэндийн талаар ээж та охиндоо маш сайн хичээл заах ёстой хүн шүү. Дотуур хувцасны сонголт, ариун цэврийн хэрэглэл гээд бүхий л зүйлийг тулган шаардалгүй ярилцаж, зөвлөж байгаарай.

ЯРИАГ ТА ЭХЛҮҮЛЭЭРЭЙ

Магадгүй охин чинь яриагаа эхэлж чадахгүй танаас айгаад эсвэл санаа зовоод байгаа юм биш биз. Охинтойгоо 2-уулахнаа байхдаа та яриаг эхлээд үзээрэй. Өсвөр насандаа юу тохиолдож, ямар асуудал тулгарч байснаа түүнд ярьж өгөөрэй. Тэд дуртайяа сонсоно гэдэгт итгэлтэй байна. Харин тэднээр яриулах гэж битгий шаардаарай.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.