Мянган хүний болгоомжлол буюу ҮАБЗ-д илгээсэн захиас

Twitter Print
2014 оны 07-р сар 24-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

Үндэсний тагнуулын академийн Тагнуул судлалын төвөөс “Үндэсний аюулгүй байдал ба гадаад бодлого” сэдэвт социологийн судалгааг явуулжээ. Судалгааг Улаанбаатар хот, Замын-Үүд болон 21 аймгийн иргэдийн нийт 1180 иргэнээс 30 асуултад хариулт авах хэлбэрээр авчээ. Монголын төрөөс олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж, улс төрийн намууд гадаад бодлогын нэгдмэл байр суурьтай байхыг эрмэлздэг. Тэгвэл туурга тусгаар Монгол Улсынхаа гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын талаар жирийн иргэд ямар бодолтой явдаг вэ. Энэ удаагийн судалгааны дүн дээрх асуултад хариулснаараа онцлог ажээ. Судалгааны дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Тагнуул судлалын төвийнхөн хүргүүлсэн байна.

Судалгаанд оролцогчдын 81 хувь нь том гүрнүүдийн нөлөө болон нэг улсаас хараат байдалд орохыг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох гадаад хүчин зүйл гэж үзжээ. Харин 13 хувь нь даяарших үйл явц аюул дагуулж мэднэ гэж болгоомжилж явдгаа хэлсэн байна. Иргэд өмнөх жилүүдийн судалгаанд ч дээрх хүчин зүйлүүдийг өндөр хувьтай нэрлэж байсан.

Өөрөөр хэлбэл, иргэдийн болгоомжлол энэ удаа ч өөрчлөгдөөгүй хэвээр байгаа юм. Санал асуулгад оролцогчдын 94 хувь нь хүнсний аюулгүй байдал баталгаагүй гэж нэгэн дуугаар зөвшөөрчээ. Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд импортын бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй гэж оролцогчдын 57 хувь нь, хилийн боомтууд болон улсын хэмжээний хэмжээний лабораторио байгуулах шаардлагатай гэж 41 хувь нь үзжээ. Монголчууд хэрэглээний хүнсээ өөрсдөө үйлдвэрлээд, лабораторийн хяналтаа сайжруулбал тустайг судалгааны дүн харуулсан байна.

Манай улсад иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал дунд зэрэг хангагдсан гэж иргэдийн 55 хувь нь үзсэн байх юм.. Судалгаанд оролцогчдын 64 хувь нь Монголын эдийн засгийн аюулгүй байдал баталгаа муутай, 28 хувь нь хангагдаагүй гэж хариулжээ. Үүнээс үзэхэд, иргэдийн 92 хувь нь эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа муу байна гэж дүгнэж болохоор байна. Харин экологийн аюулгүй байдлыг өөрийн оршин суугаа нутагтаа муудаж байгааг 67 хувь нь, хэвийн байгааг 20 хувь нь, маш хүнд байдалд орсныг 12 хувь нь хэлжээ.

Судалгаанд оролцогчдын 71 хувь нь хүнсний аюулгүй байдал ба агаарын бохирдлыг хүн амын удмын санд ноцтой хор хохирол учруулах болсныг дурдсан байна. Гадаадын тусгай албадын үйл ажиллагаа манай улсад ямар байдалтай байгаа гэж төсөөлдөг вэ гэсэн асуултад иргэдийн 52 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна. Жирийн иргэд гадаадын тусгай албадын талаар төдийлөн ойлголт тааруу байгааг дээрх судалгаа харууллаа. Гэхдээ тэдний үйл ажиллагаанд өртвөл тагнуул, цагдаагийн байгууллагад хандахаа иргэд ухамсарлаж байгаа ажээ.

Санал асуулгад оролцогчдын 51 хувь нь Хятадын нөлөө Монгол Улсын аюулгүй байдалд сөрөг нөлөө ихтэй, 47 хувь нь маш аюултай гэжээ. Эндээс харахад манай иргэд бүхэлдээ Хятадын нөлөө Монгол Улсын аюулгүй байдалд сөрөг үр дагавартай гэж үзсэн байна. Хятадаас хараат болохгүйн тулд өмнөд хөршөөс импортолж буй өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг дотоодын нөөц бололцоогоо ашиглан үйлдвэрлэх хэрэгтэй гэж иргэдийн 38 хувь, Хятадаас аль болох ажиллах хүч авахгүй байх хэрэгтэй гэж 32 хувь, тус улсын зээл тусламжаас аль болох татгалзах хэрэгтэй гэж 23 хувь нь үзсэн байна. Гаднын шашны урсгалууд манай улсын аюулгүй байдалд зохих нөлөөтэй гэж 48, нөлөө ихтэй гэж 32 хувь нь хариулжээ. Жилээс жилд гадны шашны сөрөг нөлөө ихэсч байгааг дээр судалгааны дүн харуулж байгаа юм.

Таатай гэмээр нэг үр дүнг судалгаанаас харж болно. Үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэн бүрийн оролцоо чухал гэж оролцогчдын 84 хувь нь хариулжээ. Эх орныхоо төлөө монголчууд нэгдмэл санаатай байгаагийн нотолгоо энэ боллоо. Шаардлага гарвал эх орноо хамгаалах босох эх орончдын удам тасраагүй байгаа юм байна. Иргэдийн 42 хувь нь Монголын ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлээр хэт намчирхалыг, 30 хувь нь шударга бус байдлыг, 16 хувь нь баян хоосны ялгааг нэрлэжээ.

Хэт намчирхал ард түмнийг талцахад хүргэж байгаа гэх үзэх иргэдийн тоо 2012 онд судалгаанд оролцсоноос 10 хувиар өссөн нь улс төрийн намууд, улстөрчдөд нэгийг бодогдуулах биз ээ. Үндэсний аюулгүй байдлыг хангахад шинээр өргөн төмөр замыг тавих нь ашигтай гэж иргэдийн 24 хувь нь, нарийн нь ашигтай гэж 11 хувь нь, аль аль нь гэж 31 хувь нь үзжээ. Үүнээс харахад, манай улсад шинээр ямар төмөр зам тавих нь ашигтай талаар иргэд нэгдсэн ойлголт, төсөөлөлгүй байгаа юм. Монгол Улсын Шанхайн хамтын ажиллагааны байгууллага дахь статусын тухайд 35 хувь нь ажиглагч хэвээр байх, 39 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.

Монгол Улсад учирч болох аюул заналыг судалгаанд оролцогчдын 38 хувь нь хүний наймаа, 27 хувь нь шашны нөлөө, 15 хувь нь тусгай албадын ажиллагаа, 11 хувь нь терроризм гэж нэрлэжээ. Өдрөөс өдөрт арга, хэлбэр нь нарийсч буй хүний наймаа хүрээгээ тэлэхээс монголчууд болгоомжилж байна.  Манай улсад Хятадын нөлөө хамгийн их байна гэж судалгаанд оролцсон иргэдийн 75 хувь үзсэн бол, 10 хувь нь Оросыг, долоон хувь нь Солонгосыг нэрлэсэн байна. Гадаадаас авах зээл тусламжид тооцоо судалгаатай хандах хэрэгтэй гэж иргэдийн дийлэнх буюу 66 хувь үзжээ.

Мөн аль болох авахгүй байх нь зөв гэж 31 хувь нь хариулжээ. Гадаадын зээл тусламжаар бүтээн байгуулалтаа ахиулж, айлчлал бүртээ “мөнгө гуйдаг” төрийн түшээд үүнийг анхааралдаа авах биз ээ. Гадаадад буй манай иргэдийн аюулгүй байдалд ямар ч баталгаа алга гэж судалгаанд оролцогчдын 57 хувь нь хариулсан байна лээ. Гадаадад ажиллах хүч гаргаж болно, гол нь гаргахдаа л зохион байгуулалттай байх ёстой гэж иргэдийн 64 хувь нь хэлсэн байна. Харин гадаадаас ажиллах хүч авах нь буруу гэж иргэдийн 43 хувь нь үзжээ.

Заяагаар учирсан хоёр хөрштэй манай улсын хувьд аль нэгнээс нь хэт хараат болох вий гэсэн болгоомжлол иргэдэд байсаар ирсэн. Болгоомжлол илүүдэхгүй гэдэг. Зөвхөн визийн асуудлыг хөндөхөд, БНХАУ-ын иргэд манай улсад визгүй зорчиж хэзээ ч болохгүй иргэдийн 44 хувь нь, визтэй зорчдог хэвээр байх нь зөв гэж 39 хувь нь хариулжээ. Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцогчдын 83 хувь нь Хятадын иргэд манай улсад визтэй зорчих хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

Худал үнэнийг мэдэхгүй ч хоёр хөршийн төрийн тэргүүнүүд Монголд ирэх чимээнээр харилцан визгүй зорчих асуудлыг шийднэ гэсэн мессеж яваад байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэхүү судалгаа очиж байгаа учраас шийдвэртээ тусгах байх. ОХУ, Монголын иргэд харилцан визгүй зорчих асуудлыг маш зөв гэж 15, зөв гэж 41, буруу гэж 29 хувь нь бичсэн байна. Эндээс харахад, “ах дүүгийн найрамдалт харилцаатай улс” гэж оросуудад итгэдэг монголчуудын үзэл урваагүй, иргэд нь харилцан визгүй зорчихыг дэмжиж байгаа юм байна.

Монголчууд гурван сая дахь иргэнээ хүлээж байна. Хятадууд манай улстай хил залгаа суурингийнхаа гурван сая хар тамхичнаа базан ядаж байна. Оросууд зэвсгийн наймаа, хар тамхи, гэмт бүлэглэлээ барихыг хичээж байна. Дундаас нь нүүгээд явчихаж болохгүй хоёр хөршөөсөө бид мууг нь уудлан болгоомжилж байгаа хэдий ч эдийн засаг, геополитикийн хувьд ашигтай байрлалд аж төрдөг. Гэхдээ болгоомжлол илүүддэггүй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.