Оросын хотуудад болсон жагсаалын үеэр цагдаа нар 3500 гаруй хүнийг баривчилжээ

Twitter Print
2021 оны 01-р сар 25-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг суллахыг шаардсан жагсаал Оросын 100 гаруй хотод болж, цагдаа нар нийт 3500 гаруй хүнийг баривчилсан тухай ажиглагчид мэдээлж байна.

Нийслэл Москвад болсон жагсаалд хамгийн олон хүн хамрагдсан байна. Оросын Дотоод хэргийн яам Пушкины нэрэмжит талбайд болсон жагсаалд 4000 хүн оролцсон гэсэн бол Ройтерс агентлагийн мэдээлснээр Москвад 40 мянган хүн сөрөг хүчний удирдагч А. Навальныйг суллахыг шаардан гудамжнаа жагссан байна. Харин А. Навальныйгийн төв штаб жагсаалд 50 мянган хүн оролцсон хэмээн мэдэгдэж байна.

Санкт-Петербург хотод болсон жагсаалд 10-20 мянган хүн оролцсон хэмээн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн бол Екатеринбург, Нижний Новгород зэрэг хотуудад тус бүр 10 мянга орчим хүн жагссан байна. Якутск хотод иргэд хүйтнийг ажралгүй гадаа - 48 хэмийн хүйтэнд жагссан байна. А. Навальныйг суллахыг шаардсан жагсаал гадаадын улс орнуудад ч мөн болсон ба Берлинд болсон жагсаалд 3000 хүн оролцжээ. ОХУ-ын эрх баригчид эдгээр жагсаалуудыг барууны улс орнууд турхирсан хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Navalny protests: EU to consider 'next steps' after Russia carries out mass  arrests | Russia | The Guardian

Москвад цагдаа нар жагсаалын үеэр иргэдийн эсрэг хүч хэрэглэж, жагсагчдыг цохиж, газраар чирж байгаа нь гэрэл зургууд болон бичлэгт буусан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений засгийн газар ОХУ-ын эрх баригчид жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн явдлыг буруушааж, жагсаалын үеэр баривчлагдсан иргэдийг даруй суллахыг шаардсан байна. Францын Гадаад хэргийн сайд Жан Ив Ле Дриан жагсагчдыг баривчилсан явдлыг "авторитаризм руу ухарсан алхам" хэмээн тодорхойлж, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлэхийг шаарджээ.

Эстони, Латви, Литвийн Гадаад хэргийн сайд нар "жагсагчдыг баривчлах явдалд хариуцлагатай Оросын албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авах ёстой" гэжээ. Европын холбооны зүгээс энэ даваа гарагт хуралдаж, уг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.