“Урган наран” хорооллын бохирын асуудлыг шийдэх хугацаа өглөө

Twitter Print
2014 оны 07-р сар 24-нд 08:45 цагт
Мэдээний зураг,

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Урган наран” хорооллын бохир хальж тус хороололд амьдарч байгаа 432 өрхийн 1700 гаруй иргэн тун хэцүүхэн орчинд нөхцөлд амьдарсаар байгаа юм. Тус хорооллын бохир хальснаас өвөл мөсөн бүрхүүл тогтож,  зун нь хөрсний бохирдолтой болж халдварт өвчин гарах эрсдэлтэй байдалд хүрсэн. Тухай бүр нийслэл болон дүүргээс тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж бохирыг соруулах, хөрсийг халдваргүйжүүлэх ажлыг хийдэг ч бохирын систем төвийн шугамд холбогдоогүйгээс эргээд л нөхцөл байдал хүндэрдэг. Тиймээс цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцахаар нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа  Ургах наран хороололд ажиллаа.

Тус хорооллын хөрснөөс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дээж авч шалгалт хийхэд хороолол орчмын 9 га талбайн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гэсэн дүгнэлт гарчээ. Мөн Улаанбаатар хотын цэвэр усны эх үүсвэрийн худаг, шугам хоолойн ойролцоох газрын хөрс, агаар, орчинг бохирдуулж байгаа нь маш ноцтой асуудал гэж үзсэн байна. Тус хорооллын 400 орчим өрхийн бохирын асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй “Блью Скай Партнерс” компани үүргээ биелүүлээгүйгээс ийм нөхцөлд байдалд хүрчээ. Түүнчлэн тус компанийн охин компани болох  “УНК” компани 2011 оноос Ургах наран хорооллын дэд бүтэц, засварын ажлыг тусгай зөвшөөрөлгүйгээр хүлээн авч, бохироо ч соруулалгүй өдийг хүрсэн юм. Тиймээс Мэргэжлийн хяналтын газраас хариуцах аж ахуйн нэгжид хэд хэдэн удаа албан шаардлага хүргээлсэн ч хариу аваагүй учраас цахилгаан, цэвэр усаар хязгаарлах саналыг хотын удирдлагуудад хүргүүлжээ.

Хариуцсан компанийн удирдлагуудын хэлж байгаагаар Налайхын 500 мм-ийн голчтой бохирын шугам өнгөрсөн жил дууссан ч Монгол шилтгээнээс Улиастайн гүүр хүрэх 8,9 км шугам, Улиастайн гүүрнээс Дүнжингарав худалдааны төв хүртэлх 7,1 км, Өмнөдийн 1000-ын коллектроос Гурвалжингийн гүүр хүртэлх 6,8 км шугамын тавих ажил дуусаагүй байгаагаас ийнхүү холбож чадахгүй байна гэлээ. Тэд бохирын асуудлыг ирэх 9-р сарын 15 гэхэд бүрэн шийдэхээ амлав.   

Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн хариуцсан орлогч С.Батаа, 9 сарын 15 гэхэд байдал энэ хэвээр байвал тус хорооллын ус, цахилгааныг хязгаарлах хүртэл арга хэмжээ авч, тухайн орчны хөрс, агаарын бохирдлыг бууруулах талаар цогц ажил эхлүүлнэ гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.