Номын хавчуурга - номын соёлын салшгүй нэг хэсэг мөн

Twitter Print
2021 оны 04-р сар 21-нд 16:52 цагт
Мэдээний зураг,

Номын хавчуурга - номын соёлын салшгүй нэг хэсэг мөн дөө гэж би боддог.

Ном бүтээлийг шимтэн уншдаг уншигчдад номоо хайрлах, номоо харамлах, номоо харамгүй хуваалцах, хаа нэг тийшээ шилжүүлэх, хажуу хавирганыхандаа өгөх, хавь ойрынхондоо бэлэглэх, хавтсыг нь хайрлах, тоосыг нь буулган тавиурнаа цэгцлэн өрөх, тоо толгойг нь нэмэгдүүлэн шинээр авах гээд л номтой холбоотой дадал зуршил, уншигч бүрийн өөр өөрийн онцлог, номын чухал соёлууд олоон.

Түүний нэг нь номын хавчуурга хэрэглэх. Заавал тусгайлсан зориулалтын байх албагүй л дээ, Автобусны тасалбараа /одоо нээрээ тасалбар байхгүй/ чихрийн цаасаа, үзэг балаа хавчуулах, хуудасны дугаарыг нь цээжлэх гээд л хаа зогссоноо тэмдэглэх үй олон арга бий.

Гэхдээ л номын хавчуурга бас нэг өвөрмөц соёл, соёлын бараа, сонин гоёхон цуглуулгын төрөл мөн.

Миний хувьд номын хавчуургатай анх өнгөрсөн зууны 80-аад онд танилцжээ. Хөдөлмөрийн хичээл дээр багш картонон цаас хайчлуулаад нэг талд нь шугам зуруулаад, нөгөө талд нь хүрд бичүүлээд, тэр үедээ 1 кг нь 4 төг 20 мөнгө байсан зүсмэл боорцогны уутаар жимбийтэл гоё ороолгоод тод өнгийн ноосон утсаар тойруулан хөрөөний шүд шиг оёогоор оёулан номын хавчуурга хийлгэж байв.

Эндээс эхлэн би номын хуудас булан нугалалгүй, хүрд бичсэн хавчуургаа хэсэг хэрэглэсэн юмдаг. Энэ талаар ямар мэдээ мэдээлэл байдгийг сонирхон цахимд бэдрэхэд ийм мэдээллүүд олдлоо.

- МЭ-1-р зууны үеэс ном бүтээл бий болж эхэлсэн байх магадлалтай. Таамаглахад энэ үед ч номын хавчуургатай ижил төстэй зүйл байсан байж таарна.

- Одоогоор олдсон хамгийн эртний номын хавчуурга бол МЭ-6-р зууных байх бөгөөд Египетийн Сахарын Апа Жеремиа хийдийн балгаснаас ширэн материалтай, чимэглэл бүхий, нэг талыг нь тугалын арьсаар бүрсэн хавчуурга Коптик хэлээр бичигдсэн нэг номын завсар хавчуулсан байж.

С.Баярмаагийн цуглуулгаас

- Номын хавчуурга дундад зууны үед хэрэглээнд өргөн нэвтэрсэн бөгөөд хэвлэмэл ном үнэтэй, ховор байсан тул хуудсыг нь муухай болгохгүй зорилгоор их олзуурхан хэрэглэх болжээ. Ихэнхдээ зузаан цаасыг үсний тууз мэт бөсөөр уяж чимэглэн хэрэглэдэг байжээ.

С.Баярмаагийн цуглуулгаас

- Мэри Раселл Митфорд гэгч зохиолч 1852 онд бичсэн "Уран зохиолын амьдралаа дурсахуй" бүтээлдээ "Надад номын хавчуурга байгаагүй тул энэ зузаан боть зөнгөөрөө хаагдах шиг болов" гэж бичсэнээс үүдэн 1850-иад оны үеэс номын хавчуурга цуглуулагчид бий болсон байх магадлалтай гэж тэмдэглэсэн бас нэгэн баримт байна.

С.Баярмаагийн цуглуулгаас

Номонд шимтэгч, номын хорхойтон, номтой холбоотой олон соёлын тээгч болсон та бүхэн номын хавчуурга хэрэглээрэй.

Самандарын Баярмаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.178.100) 2021-04-21 22:14
      • 0
      • 2

      Нээрээ л номонд хайртай, ном уншдаг хүний хийх зүйл байна даа. Гоё цуглуулга, гоё хобби байна.

      Хариулах