Коронавирусын халдварын талаар анх анхааруулсан эмч нас баржээ

Twitter Print
2020 оны 02-р сар 07-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын халдвар дэгдэж буй талаар анх олон нийтэд анхааруулсан эмч уг халдварын улмаас нас баржээ. Тэрээр Ухань хотын эмнэлэгт ажиллаж байхдаа коронавирусын халдвар авсан аж.

Ли эмч өнгөрсөн 12-р сард өөрт нь үзүүлсэн зарим үйлчлүүлэгчдээс 2003 онд дэгдээд байсан SARS-н вирусын халдварын шинж тэмдэгтэй төстэй шинж тэмдэг илэрч буйг анзаарчээ. Тэрээр энэ тухайгаа 12-р сарын 30-нд эмч нарын чат группт бичсэн ба эмч нарыг халдвараас сэргийлж, өвчтнүүдтэй харьцахдаа хамгаалалтын хувцас өмсөхийг анхааруулжээ. Үүний дараа түүнийг Хятадын Нийгмийн Аюулгүй байдлын товчооноос дуудаж, худал мэдээлэл түгээж, нийгмийн амар амгалан байдлыг алдагдуулсан хэрэгт буруутгасан байна.

Түүнийг 7 өөр хүний хамтаар "цуурхал тараасан" хэргээр шалгаж байсан орон нутгийн удирдлагууд сүүлд түүнээс албан ёсоор уучлалт гуйжээ. Тэрээр нийгмийн сүлжээнд хэрхэн 1-р сарын 10-нд анх ханиалгаж эхэлсэн, дараагийн өдрөөс нь халуурч, 2 өдрийн дараа эмнэлэгт хэвтэн, 1-р сарын 30-нд коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон тухайгаа дэлгэрэнгүй бичиж, иргэдэд анхааруулга өгч байсан юм.

Li Wenliang-н зурган илэрц

People's Daily, Global Times зэрэг Хятадын хэвлэл мэдээллээр түүний үхлийн тухай өнгөрсөн пүрэв гарагт мэдээлсэн ба түүний үхлийн тухай мэдээ Хятадын нийгмийн сүлжээ болох Weibo-д маш их хандалт авч, иргэд эмгэнэл илэрхийлсээр байна. Нөгөөтэйгүүр нэрээ нууцлахыг хүссэн зарим нэг сэтгүүлчид болон эмч нарын БиБиСи агентлагт мэдээлсэнээр Хятадын эрх баригчдын зүгээс хэвлэл мэдээллээр Ли эмчийг нас барсныг мэдээлэхгүй байх, түүнийг одоог хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн мэдээлэхийг шаардсан аж. Одоогийн байдлаар БНХАУ-д коронавирусын халдвараар нас барсан иргэдийн тоо 636-д хүрээд байгаа ба 31 161 хүн уг вирусын халдварыг аваад байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.