Хүчирхэг ард түмэн хэзээ ч хүний өмнө бөхөлзөхгүй

Twitter Print
2020 оны 09-р сар 17-нд 13:48 цагт
Мэдээний зураг,

Уур чинь маш их хүрч байсан ч, гэдэс чинь маш их өлсөж байвч, хажуу хүн чинь маш ихээр дургүйг чинь хүргэж байлаа ч тэвчээр заан, хамгийн зөв шийдвэр гарган, тэр шийдвэрээ ажил болгож чадаж байвал та хүчирхэг хүн мөн. Ийм хүн олон байх аваас ард түмэн хүчирхэг болно! Хүчирхэг ард түмэн хэзээ ч хүний өмнө бөхөлзөхгүй!

Харин, хүчирхэг иргэн хүн гэдэг бол заавал тэрбумтан байх албагүй, заавал үйлдвэрийн эзэн, гавъяат зүтгэлтэн, олимпын медальтан байх албагүй. Гар дээрээ 100 суниадаг байх албагүй, моодны хувцас өмссөн, бренд цүнх барьдаг байх албагүй. Өөрийн ажил үүргээ сэтгэлээсээ биелүүлж буй хэн ч хүчирхэг хүн байж болно. Багш, эмч, малчин, оюутан хэн ч байсан хүчирхэг байвал нийгэмдээ оруулж буй хувь нэмэр нь тэр. Монголд ийм хүчирхэг хүн маш олон бий, гэхдээ тэд олонх биш.

Монголд улс төр маш муу, төр засаг тааруухан, авилга хээл хахууль газар авлаа. Гэхдээ энэ бол та үүргээ биелүүлэхгүй байх шалтгаан биш. "Дээдэс нь идэж уугаад, дампууруулаад байхад би зүтгээд яах юм" гэж хэлж байгаа хүний буруу гэж бодож байна. Хүн амын олонх нь ингэж бодож байвал бид тун хэцүү байдалд орж ээ гэсэн үг. Хүчирхэг ард түмэн нэг нэг нэгнийгээ дэмжинэ, бие биенээ ойлгоно, хамтдаа зүтгэнэ, хамгийн зөв хувилбарыг олохыг хичээнэ. Бие биенийхээ үзэл бодлыг хүндэтгэнэ.

Надаас зарим хүн асууж байна, "ингэхэд ер нь та юу бүтээчихээд ингэж олон юм яриад байна аа" гэж. Яахав, миний бичсэн юм таалагдахгүй болохоор уур нь хүрдэг хүн байдаг бололтой юм билээ. Би цамц оёж чадахгүй, үнээ сааж чадахгүй, байшин барьж чадахгүй. Би зарим залуучуудад ажил амьдралын, эрдэм номын зөвлөгөө өгч байна, ганц нэг ном орчуулдаг, мэргэжлийн дагуу олон нийтийн ажил хийдэг, хааяадаа аяллын нэвтрүүлэг хийж хүмүүст сонин хачныг дуулгаж үзүүлэхийг хичээдэг... гэх мэт. Энэ бол миний чадах юм. Үүнээс илүүг би чадахгүй, үүргээ биелүүлж байгаа минь энэ.

Мөхөс би ингэж л боддог доо, миний санаа бодлыг буруу гэж бодож байвал энэ бол таны таалал!

Д.Төмөрбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.