Хятадад вакцин хийлгээгүй иргэдийг эмнэлэг, сургууль, номын санд оруулахгүй

Twitter Print
2021 оны 07-р сар 21-нд 08:19 цагт
Мэдээний зураг,

Хятадын мужууд иргэдийг коронавирусын эсрэг вакцинд хамруулах олон төрлийн арга хэмжээ авч байна. Зарим мужуудад коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийг эмнэлэг, сургууль, асрамжийн газруудад оруулахгүй байх шийдвэр гаргажээ. 

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Хятадын хэд хэдэн мужийн эрх баригчид оршин суугчдыг энэ сарын сүүл 8-р сарын эхэн гэхэд коронавирусын эсрэг вакцинд хамрагдахыг анхааруулжээ. Дээрх хугацаанд вакцинд хамрагдаагүй иргэдийг эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаангүй л бол энэ сарын 26-наас эхлэн сургууль, нийтийн тээвэр, эмнэлэг зэрэг үйлчилгээний байгууллагууд руу оруулахгүй байх арга хэмжээ авах аж. 

Орон нутгийн удирдлагууд ийм шийдвэр гаргах болсон нь Хятадын Коммунист нам ирэх 12-р сар гэхэд нийт хүн амынхаа 80-85 хувийг коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамруулах зорилт тавьсантай холбоотой аж. 

Уг зорилгодоо хүрэхийн тулд Хятадын засгийн газар 1.4 тэрбум иргэдийнхээ 1 тэрбумыг коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамруулах шаардлагатай юм. 

Хятадын засгийн газар коронавирусын цар тахлыг хяналтандаа авсантай холбоотойгоор иргэд нь коронавирусын эсрэг вакцинд хамрагдах шаардлага байхгүй гэж үзэх хандлага давамгайлж байсан ч өнгөрсөн хэдэн долоо хоногт Хятадын хэд хэдэн мужид коронавирусын халдварын тохиолдлууд нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд коронавирусын эсрэг вакцинд хамрагдах нь нэмэгдэж, өдөрт дунджаар 10 сая гаруй тун вакцин хийгдэж байна. 

Лхагва гарагийн байдлаар Хятадад нийт коронавирусын эсрэг вакцины 1.4 тэрбум тун хийгджээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.