“Бразил 2014”-ыг эргэн дурсахуй

2014 оны 07-р сар 23-нд 12:26 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтний спортын хамгийн том баяр хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн бүтэн сарын турш манай гарагийн долоон тэрбум гаруй хүнийг ширэн бөмбөгийн спортын гайхамшгаар аялуулсан. 1930 оноос гараагаа эхэлсэн “World cup”-ын тэмцээн бүрт шинэ рекордууд бүртгэгдэж хэний ч таамаглаагүй баг түрүүлж, хэн ч үл таних тоглогч “од” болон гялалздаг билээ. 2014 онд Бразил улсад болсон тэмцээнд Герман түрүүлэхдээ олон рекордыг шинэчлэн тогтоосон. 1930 оноос хойш дөрвөн тэмцээн дараалан медаль хүртсэн улс байгаагүй. Харин “Бундестим” 2002 онд мөнгө, 2006, 2010 онд хүрэл, 2014 онд алтан медаль хүртсэн.

Мөн Польш гаралтай Герман довтлогч 16 гоол оруулж 84 жилийн түүхтэй тэмцээнд хамгийн олон гоол оруулсан тамирчин болж дэлхийд №1 болсон нь гайхалтай. Өмнө нь Бразил-Итали 1970, 1994 онд хоёр удаа шигшээд шалгарч байсан бол Герман-Аргентин 1986, 1990, 2014 онд гурван финалд тоглож дээд амжилт болон түүхэнд үлдлээ. Хөлбөмбөгийн эх орон дээрх хоёр баг найман удаа дэлхийн аваргад учраа таарахад Герман ганцхан хожигдож байв.

Дөрөв дэх алтан медалиа хүртсэн Герман аваргын цомтой хамт “World cup”-т хамгийн олон тоглолт хийсэн, хамгийн олон гоол оруулсан багаар шалгарчээ. 1934 онд анх оролцохдоо хүрэл медаль хүртсэн Немцүүд 18 удаа дэлхийн аваргад оролцож 106 тоглолт хийж 66 хожил, 20 тэнцээ, 20 хожигдол хүлээж, 224 гоол оруулж, 121 гоолыг хаалгандаа алдсан байна. Тэдний өмнө ганцхан Бразил бичигдэж байгаа. Таван удаа “Алтан дагина” хүртсэн Пелегийн эх орон 20 удаа болсон тэмцээнд бүгдэд нь оролцож 104 тоглолтонд 70 хожил, 17 тэнцээ, 17 хожигдол хүлээж, 221 гоолыг эсрэг багийн хаалганд оруулж 102 гоол алдаж байв.

Германы бас нэгэн дээд ажмилт 2014 онд үргэлжлэв. Хэдийгээр 1930, 1950 онд өнжсөн ч 1954 оноос хойш шөвгийн наймаас доош даваанд хожигдоогүй юм. 1934 онд хүрэл медаль хүртсэн бол 1938 онд Францад болсон тэмцээнд эхний шатанд Швейцарийн багт хожигдож 10-р байр эзэлсэн нь түүх болон үлджээ. Тэр цагаас хойш дэлхийн аваргад хамгийн доод тал 7-р байр эзэлж нийтдээ 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж хамгийн олон медальтай шигшээ багийн амжилтаа хадгалсаар байна.

Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн “Бразил 2014”-ын үеэр үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн зарим тоглолтуудын талаар дурдахад:

Голландчууд л зөвхөн нисэж чадна

Энэ гоол Голландын шигшээ багийн Бразил дахь хувь тавиланг орвонгоор нь эргүүлсэн гэхэд болно. Хөлбөмбөг сонирхогчид, тэр дундаа “Улбар шарууд”-ын фанатууд Робин Ван Персигийн агаар дээр мөргөж оруулсан уран гоёмсог гоолын дараа шигшээ багаа өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэж эхэлсэн билээ. Ван Персиг уг гоолоо хийсний дараа "Нисдэг Голланд" хэмээн ам бардам нэрлэсэн. Энэ гоол түүний замналын мартагдахгүй мөчүүдийн нэг байсан нь лавтай.

Неймарын бэртэл

Бразилтай Неймар торноосоо суллагдсан арслантай адилхан гэж домогт хөлбөмбөгч Зидан хэлсэн удаатай. Үнэхээр ч тийм юм. Бразил хэсгийн эхний учраа Хорваттай тоглосноос эхлээд л Неймарын уран гайхалтай чадварууд зохион байгуулагч орны шигшээг илтэд амжилт руу хөтөлж байв. Гэсэн хэдий ч тэрбээр Колумбын багийн эсрэг шөвгийн наймын тулаанд бэртэл авч талбайг чөлөөлөв. Мэргэжилтнүүд түүнийг шигшээ багаа финалд хүргэнэ гэж найдаж байсан ч Неймаргүй Бразил Германы эсрэг 7 гоол хаалгандаа алдаж, эх нутагтаа гутамшигтайгаар тэмцээнээ дуусгасан билээ.

Дөрвөн гартай мэт хаадаг Гильермо Очоа

Хүчирхэг Бразилтай гоолгүй тэнцсэн Мексик өрсөлдөөнд байгаа шүү гэдгээ харуулсан. Гильермо Очоа хэмээх гайхалтай хаалгачийн ур чадвар Мексикийн багийг чимж чадаж байлаа. Түүний ур чадвар шигшээ багаа амжилтад хүргэх гол түлхэцүүдийн нэг байлаа. Магадгүй “World cup” дууссаны дараа Гильермо Очоа Европын топ клубт очихыг үгүйсгэхгүй. Түүнийг “Бразил 2014”-ын шилдэг таван хаалгачийн нэгээр нэрлэжээ.

“Нохой” Суарезын дуулиан

Уругвайн шигшээ баг Италийг эцсийн мөчид хожиж байлаа. Тэд илүү үйлдэл гаргалгүй, үлдсэн цөөхөн минутад хамгаалж дуусгавал баг нь шөвгийн 16-д орж ирэх байв. Гэхдээ Уругвай Италийг хожсон. Шөвгийн 16-д ч шалгарсан. Харамсалтай нь Луйс Суарез хэрэггүй үйлдэл гаргаж, Италийн хамгаалагч Келиниг хазсанаар талбайгаас хөөгдөв. Тэрбээр энэ үйлдлээсээ болж дөрвөн сар талбайд гарах эрхээ хасуулахын сацуу нэр хүндээ үлэмж алдлаа. Тэрбээр “Бразил 2014”-ын этгээд үйлдлийн эзнээр зүй ёсоор нэрлэгдсэн юм. Урьд нь Суарез Челсигийн хамгаалагчийг хазаж байсан “туршлагатай”.

Шинэ од Хамес Родригес

Хамес Родригес “Бразил 2014”-ын гол нээлт болсон тоглогч. Түүний ур чадвар, гоолууд, үйл хөдлөл, сэтгэл зүтгэл дэлхий нийтийн хүндлэлийг зүй ёсоор хүлээхэд хангалттай байлаа. Хамес Родригес шигшээ багаа чирсээр хэсгээсээ шалгарч, багтаа бодит тусламж дэмжлэг болж чадсан. Тэрбээр Бразилын багийн эсрэг тоглолтод бүх хүч чадлаа гайхуулж, эцсийн мөч хүртэл тэмцсэн нэгэн юм. Хамес Родригес баатар байж чадсан.

Нэгдүгээр үеийн эхний 29 минутанд 5:0 буюу Мараканагийн нулимс

Германы шигшээ баг талбайн эздийг 7:1-ээр хожсон түүхэн тохиолдол дэлхийн аваргын өнгөрсөн хуанлид бүртгэгдэж байсангүй.  Гэтэл 2014 оны тэмцээнд шөвгийн дөрөвт, тэр дундаа Бразил эх нутагтаа зохион байгуулсан тохиолдолд Германчууд ийм олон гоол оруулна чинээ хэн ч санаагүй биз. Кроос, Мюллер, Клозе, Шурлье нар Бразилын мөрөөдлийг нэг мөсөн үгүй хийж, гутамшигт ялагдлын эзэн болгов. Герман Бразилыг хэзээ ч мартагдамгүйгээр гомдоосон билээ.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.