Орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 15.9 хувиар нэмэгджээ

2014 оны 07-р сар 23-нд 10:06 цагт
Мэдээний зураг,

Монголбанк, Тэнхлэг зууч, Актив зууч болон Монголиан Пропертиз компаниуд хамтран өнгөрөгч зургадугаар сарын орон сууцны үнийн индексийн судалгааг танилцуулсан юм. Судалгаагаар орон сууцны үнэ тавдугаар сартай харьцуулахад 2.9 хувиар буурсан бол өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 15.9 хувиар өссөн дүнтэй байна.

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач З.Хатанбаатар “Орон сууцны үнийн индекс гэдэг бол орон сууцны үнийн арифметик дундаж гэж андуурах хүмүүс их бий. Байршил, ашиглалтад орсон хугацаа, талбай, гадаад орчны тохижилт, давхар, машины зогсоолтой эсэхээс хамааран худалдах, худалдан авах үнээ тохирдог. Энэ мэт хуучин орон сууцны үнэд нөлөөлөгч 28, шинэ бол  32 хүчин зүйлсийн өртгийг оруулахгүйгээр үнийн өсөлтийг тооцдог юм. Чухам ингэснээр орон сууцны үнийн цэвэр өсөлт гарч ирдэг учраас үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гажуудал болох үнийн хөөсрөл буюу үндэслэлгүй үнийн өсөлтөөс сэргийлэх давуу талтай. Нөгөө талаар орон сууцны үнийн индексийг эдийн засгийн өсөлтийн нэг үзүүлэлт гэж үздэг. Эдийн засаг хурдацтай өсч байвал орон сууцны үнэ нэмэгдэх хандлагатай байдаг бол орон сууцны үнэ буурсан тохиолдолд санхүүгийн орчин сайнгүй байгаагийн нотолгоо болдог. Орон сууцны үнийн индекст бодлого боловсруулагч, бизнес эрхлэгч нар ихээхэн ач холбогдол өгөх болсон. Индексийг тооцохдоо үнийн өсөлт, бууралтыг хувиар илэрхийлэхээс бус тоогоор дүгнэдэггүй. Өөрөөр хэлбэл тэдэн саяас төд болж өссөн эсвэл буурсан нь хувиар илэрхийлбэл ийм болж байна гэж тооцдоггүйд гол онцлог нь байгаа хэрэг” гэсэн юм.

Үндэсний Статистикийн хороо 2009 оноос орон сууцны үнийн индексийг улирал тутам тооцсоор ирсэн ч өнөө цагт сар бүр, улам нарийвчлалтайгаар индексийг гаргах шаардлага зүй ёсоор тулгарсан учраас ингэж сар бүр гаргах болжээ. Монголбанк, Тэнхлэг зууч компанийн байгуулсан гэрээ ёсоор энэ оныг дуустал сар бүр ийн орон сууцны үнийн индексийг тооцох юм байна.

М.УУГАН

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.