Хуучин автомашины экспорт буурч байна

Twitter Print
2014 оны 07-р сар 23-нд 07:24 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Инчон боомт дахь хуучин авто машин экспортлогч пүүс компаниудын байдал хүнд байна. Воны ханш чангарч харин иенийн ханш суларсан нь ийнхүү БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй гадаадын бизнес эрхлэгчид хийж байсан ажлаа орхин нутаг буцахад хүргэж байгаа ажээ.

БНСУ-ын Гадаад худалдааны нийгэмлэгээс мэдээлж буйгаар, 2014 оны эхний таван сарын байдлаар БНСУ нийт 103948 хуучин авто машины экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 18,4 хувиар буурсан үзүүлэлт болжээ. БНСУ-д үйлдвэрлэсэн, хуучин авто машины экспорт 2011 онд 20,4 хувь, 2012 онд 27,7 хувиар тус тус өсөж байсан боловч өнгөрсөн онд 17,7 хувиар буурсан байна. Энэ нь өнөөдөр ч үргэлжилж байна. Өнгөрсөн оноос эхлэн иенийн ханш буурч эхэлсний дээр воны ханш чангарсан нь ийнхүү БНСУ-ын авто машины экспорт хумигдахад хүргэж, улмаар тус улсын хуучин авто машин экспортын 80 гаруй хувийг бүрдүүлдэг Инчон боомт орчмын хуучин авто машин экспортлогч аж ахуйн нэгжүүдэд ихээхэн хэмжээний хохирол учруулж байна. Тус бүсийн нэгэн авто машин экспортлогч компанийн захирлын хэлж буйгаар, дэлхийн хуучин авто машины зах зээлд БНСУ, Японы машинууд гол төлөв өрсөлдөж ирсэн боловч сүүлийн үед япон машин илүү давамгайлах болсон байна. Харин БНСУ-ын хуучин авто машиныг импортлогч гол орнууд болох Ливи, Иордан, зэрэг Ойрхи Дорнодын улсууд болон ОХУ, Монгол дахь импортын хэмжээ эрс буурчээ. Японы Сангийн яамны статистик мэдээнээс харвал, энэ оны эхний таван сарын байдлаар тус улс нийт 512330 хуучин авто машин экспортолсон бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11,3 хувиар өссөн үзүүлэлт юм. Воны ханш чангарсны дээр импортлогч орнуудын эдийн засгийн байдал тааруу болсон нь олон улсын зах зээлд БНСУ-ын хуучин авто машинтай үнээрээ өрсөлддөг Японы хуучин авто машины экспорт нэмэгдэхэд хүргэсэн байна. Хуучин авто машины экспорт буурч эхэлснээр Инчон орчимд үйл ажиллагаа явуулдаг холбогдох аж ахуйн нэгжүүд хаалгаа барих тохиолдол нэмэгдэв. Түүнчлэн энэ онд БНСУ-ын хуучин авто машины экспортын хэмжээ 200 мянгаас давахгүй гэдэг тооцоо гарч байгаа ба экспортлогч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоосон нь ачаа тээврийн зэрэг холбогдох салбарын компаниудад ч мөн тодорхой хэмжээний хохирол учруулах төлөвтэй байна. БНСУ-ын Засгийн газраас хуучин авто машины экспортын НӨАТ-ыг эргүүлэн аж ахуйн нэгжид олгодог байсныг ирэх оноос цуцлах шийдвэр гаргасан нь тухайн аж ахуйн нэгжийг улам хүнд байдалд оруулж байгаа юм. Ойрхи Дорнодод хуучин авто машин нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд төрөөс экспортын НӨАТ-ыг буцаан олгодог байсан нь тэдний гол ашиг болдог байжээ. Гэтэл ирэх оноос дээрх боломж хүртэл үгүй болох юм. Йенийн ханш унаж, воны ханш өссөн нь Инчоны боомт орчмын хуучин авто машин экспортлогч аж ахуйн нэгжүүдэд ихээхэн хохирол учруулж байна. Хуучин авто машин экспорт нь улсын эдийн засагт багагүй нөлөө үзүүлдэг учир Японы жишээнээс БНСУ суралцаж, уг салбарт төрөөс яаралтай зохицуулалт хийх хэрэгтэй байна гэж хуучин авто машины экспортын салбарын бизнес эрхлэгчид ярьжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.