Газрын наймаачин, хууль зөрчигчийн дээр тэнгэр л байна

Twitter Print
2014 оны 07-р сар 25-нд 17:37 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хууль бус барилга барьж буй этгээдүүдтэй тэмцээд туйлдсан бололтой. Өдөр бүр л газрын маргаан, хууль бус үйлдлийн талаар мэдээллийн хэрэгслээр гарч байна. ХУД-ийн 11-р хорооны 7-р хэсэгт байрлах “Хурд” группын 62, 63, 64-р байрны эзэмшлийн газарт хууль бус барилга барих гэж байгаа тухай мэдээлэл ирсэн. Иргэдийн гомдлын дагуу сурвалжлагч газар дээр нь очиход “Оргил” худалдааны төвийн зүүн талд “Өндөр буянт” хотхоны урд зүгт “Хурд” группын орон сууцны авто машин ордог хэсгийн хажууд, явган зорчигчийн зам тавихаар төлөвлөж байгаа газар дээр нь иргэн О.Наран гэгч нөхөр хууль бус барилгын ажил эхлүүлсэн байлаа.

Холбогдох газрууд нь барилга барих зөвшөөрөл өгөөгүй, анх 2009 оны 12-р сард түр зөвшөөрөл өгсөн бөгөөд энэ нь таван жилийн хугацаатай юм байна. Харин иргэн О.Наран түр зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө өөрийн барилгыг барихаар улайран дайрсаар байгаа аж. Түүний үйлдлийг оршин суугчид, СӨХ-ны ажилчид илт хууль зөрчсөн болохыг нь баталсан. Мөн холбогдох газруудад нь мэдэгдэх хуудас, албан бичиг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гараагүй юм байна. Энэ талаар “Хан Оргил” СӨХ-ны дарга болон оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа.

“Хан Оргил” СӨХ-ны захирал Д.Лхагвасүрэн: Хүн дайрч алахаас наагуур байдалтай л байна

-Танай хорооны гурван байрны айлуудын явган хүний гарцтай болох асуудал нэг хүний хууль бус үйлдлийн улмаас хойшлогдсон гэсэн. Яг ямар асуудал үүссэн юм бэ?

-Манай байрнууд руу авто машин, иргэд орж ирдэг нуман гүүр нь стандартын дагуу баригдаагүй. Явган хүн, машин нь нэг замаар орж гарч байгаа нь эрсдэл дагуулж байна. Зайсангийн чиглэлийн зам өргөсөөд шууд манай байрны уулзвартай нийлж ирээд огцом эргэлттэй болж байгаа. Энэ гүүрэн гарц нь өвөл хоёр талаараа мөстөнө, төв замтай шууд залгаа учир иргэд автын осолд өртөх аюултай. Машинууд хүн дайрч алахаас наагуур л орж гарч байна.

-Одоо ямар бэрхшээл учирч байна. Явган хүний шинэ зам гаргах юм уу?

-2012 оноос хойш иргэд, СӨХ хоорондоо яриад энэ гүүрэн гарцыг шинээр засъя, хажуу талд нь байгаа жижиг газрыг явган хүний зам болгоё гэж тохирсон. Гэтэл тэр газар дээр нь байсан сэндвичин барилгыг нураагаад том барилга барихаар нүх ухаад фундамент зутгасан. Тэр хүн нь ямар ч зөвшөөрөлгүй, хууль бус үйлдэл хийж байгааг нь иргэд эсэргүүцэж цутгасан суурийнх нь манай талд байсан хэсгийг нь нураасан. Өнөөдөр иргэд өөрсдийн эзэмшлийн газар, аюулгүй байдлынхаа үүднээс газраа ашиглаад гарц хийх гэж байхад ганцхан нөхрөөс болоод бүх ажил зогсчихоод байна.

-Холбогдох газарт нь хандсан уу?

-Манай СӨХ-ны зүгээс гомдол гаргаагүй газар байхгүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бүх газраар явлаа. Нийслэлийн авто замын газар, Өмчийн харилцааны газар, “Хурд” группын удирдлага, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хүртэл албан бичиг явуулсан.

-Та бүгдийн зүгээс тавьж буй гол шаардлага юу байна вэ?

-Бидний зүгээс тавьж байгаа гол шаардлага  бол ердөө маш энгийн. Бид О.Наранд “Чи энэ барилгыг худалдаж авч болно. Гэхдээ бид энэ хэсгээр явган хүний гарц барих гэж байгаа болохоор газрыг чөлөөлж өг” гэж хэлсэн. Гэтэл одоо бариад явж байгаа гэрчилгээ нь таван жилийн өмнө Ёндонсамбуу гэдэг хүний нэр дээр байгуулсан гэрээ байгаа. Тэр Ёндонсамбуу гэдэг хүн нь тухайн үед “Хурд” группын харуул хамгаалалт хариуцсан дарга байсан хүн. 2009 оны 12-р сард энэ сэндвичин барилгыг барьсан. Анх түр барилга барих зөвшөөрөл авсан гэсэн. Таван жилийн хугацаатай. Гэтэл энэ оны 12-р сард таван жилийн хугацаа нь дуусахаас өмнө барилга барих гээд улайраад дайраад байна. Энэ бол гурван байрны 165 өрхийн 670 гаруй хүний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна.

-О.Наран гэгч нөхөр та нартай уулзсан уу?

-Уг нь О.Наран гэгч манай 64-р байрны 33 тоотын оршин суугч. Хэд хэдэн удаа уулзсан. Байраа түрээслүүлээд явчихсан. Эхэндээ энэ барилгаа буулгаад, газраа чөлөөлж өгнө гэж худлаа хэлээд явдаг байсан. Харин сүүлдээ биднийг сүрдүүлж эхэлсэн. Та нарын орон гэрийг шатаана л гэнэ, цагдаа нар ирсэн ч загнаад явуулдаг, хуулийг уландаа гишгэсэн, маш их эрх мэдэлтэй л нэг хүн байгаа. Газрын албаны хүн шаардах бичиг наагаад явахад О.Наран гэдэг нөхөр өөрөө хуулаад авчихсан. Бүр кармандаа хийгээд явж байсан.

-Энд барьж байгаа барилгыг юуны зориулалтаар ашиглана гэж байна?

-Барилгаа худалдааны зориулалтаар ашилах гэж байгаа гэсэн. Ер нь бол барилгын тухай хууль дүрэмд давхараасаа шалтгаалаад байшин хоорондын зай, авто зогсоол, явган хүний зам зэрэг нь стандартын дагуу байх ёстой. Гэтэл тэр бүгдийг үл тоож, хууль зөрчиж байгаа учир СӨХ, оршин суугчид энэ хүний үйлдлийг эсэргүүцэж хэвлэлд хандаж байна.

ХУД-ийн 11-р хорооны 64-р байрны оршин суугч н.Нямжав: Хүүхдээ ч ганц нэгээр нь гүүрээр явуулахаас айдаг

-Оршин суугчдын зүгээс ямар шаардлага тавьж байна вэ?

-Бидний зүгээс энэ павильоныг аваад явган хүний гарц барих шаардлагатай гэдгийг хэлж байгаа. Яагаад гэвэл энэ гүүрэн гарцаар зорчиход бидэнд хүндрэлтэй байдаг. Гүүрэн гарцаар гарч байхдаа машинд мөргүүллээ гэж бодоход хэнийх нь буруу болох вэ. Гүүрэн дээр явж байсан явган хүний буруу юу, эсвэл тэр жолоочийн буруу болох уу гэдэг нь асуудалтай. Нөгөөтэйгүүр хүүхдүүдээ ганцаар нь явуулж чаддаггүй. Машин хурдтай орж ирэхэд явган зорчигч дайруулах эрсдэлтэй.

-Нуман гүүрийг солих тухай санал гаргасан гэсэн. Энэ талаар?

-Оршин суугчид нуман гүүрийг явган хүний гарцаар солих тухай ярилцсан. Гэтэл бидний энэ төлөвлөгөө О.Наран гэгч нөхрөөс болоод гацчихсан. Энэ асуудлыг холбогдох газар нь шийдэж өгмөөр байна.

-Газрын зөвшөөрөл нь энэ оршин суугчдын мэдэлд байдаггүй юм уу?

-Энэ бол олон нийтийн эзэмшлийн газар. Гэтэл тэр хүнд ямар ч зөвшөөрөл байхгүй. Нэг ТҮЦ шиг юм барьчихаад энэ газар минийх гэж дайраад байна. Монгол улсад хууль байдаг, тэр нь үйлчлэх ёстой хүндээ үйлчидэг л юм бол оршин суугчид ялах ёстой.

-Оршин суугчид О.Нарантай биечлэн уулзсан уу?

-Бидэнд уулзах боломж гарахгүй байна. Одоо зун болчихсон, ихэнх нь зуслан гараад амраад явчихсан энэ сиймхийг ашиглаад барилгаа барих гээд байна. Ёстой иймэрхүү хүмүүс чинь "чоно борооноор" гэдгийн үлгэрээр хууль бус ажлаа хийгээд амташчихсан байна.

 

ХУД-ийн Өмч, газрын харилцааны албаны шаардах хуудсыг иргэн О.Наран дур мэдэн хуулж авч, илт хууль зөрчсөн үйлдэл гаргасан.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.