БНСУ хатуу хөл хорио тогтоожээ

Twitter Print
2021 оны 07-р сар 17-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

БНСУ-д Ковид-19 халдварын тохиолдол нэмэгдэж сүүлийн дөрөв хоног дарааллан 1000-аас дээш тохиолдол бүртгэгдсэн байна. 

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа учир БНСУ-ын Засгийн газраас халдварын тархалтыг хумих, ялангуяа Делта мутацит вирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор долоодугаар сарын 12-ны даваа гарагийн 00.00 цагаас 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэмийг хамгийн өндөр түвшин буюу дөрөвдүгээр түвшинд ахиулж байна.

Улмаар 18.00 цагаас өмнө дөрвөөс дээш хүн, 18.00 цагаас хойш хоёроос дээш хүн нэг дор цуглахгүй байх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, үйлчилгээний газрууд 10 цагаас хойш зөвхөн хүргэлт хийхээр болжээ. Мөн ерөнхий боловсролын хичээлийг зайны сургалтад шилжүүлэх, байгууллагууд ажилтнуудыг аль болох гэрээс нь ажиллуулах, урлагийн тоглолт, спортын тэмцээнийг үзэгчгүй хийх, зайлшгүй шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх зэрэг арга хэмжээг авч байна. 

Халдварын нийт тохиолдлын 85 хувь нь Сөүл хот болон Кёнги мужийн бүс нутагт гарч, 20-30 насны хүмүүс нэлээд хувийг эзэлж байна. Халдварын тохиолдлын дийлэнхийг гэр бүл, найз нөхдийн хүрээнд уулзалт, арга хэмжээ хийх, хоол идэх зэрэг ахуйн хүрээний үед авсан халдвар эзэлж байгаагаас гадна хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирэх тохиолдол нэмэгдэж байна гэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.