
Коронавирусын халдварын тархалтыг бууруулахын тулд Энэтхэгийн эрх баригчид хөл хорионы дэглэмээ 2 долоо хоногоор сунгажээ. Тус улс өнгөрсөн 3-р сарын 24-нөөс эхлэн хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгүүд, нийтийн тээвэр болон ихэнх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон билээ.
Тус улсад коронавирусын халдвар авсан 95 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа ба уг вирусын халдварын улмаас 3000 орчим хүн нас бараад байгаа юм. Энэтхэгийн засгийн газар хөл хориог 4 дэх удаагаа сунгаж байгаа ба 1.3 тэрбум хүнийг хамрах хөл хорионы журмаар тус улсад нийтийн тээвэр, боловсролын байгууллагууд, зоогийн газар, худалдааны төвүүд болон кинотеатрууд хаалттай хэвээр байх аж.
Нөгөөтэйгүүр зоогийн газрууд хоол хүргэлтийн үйлчилгээ явуулж болох ба спортын заал, цэнгэлдэхүүд үзэгчидгүйгээр тэмцээн уралдаан явуулж болох аж. Түүнчлэн тусгай зөвшөөрөл авсан иргэд хувийн унаагаараа муж хооронд зорчих боломжтой аж. Коронавирусын цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосноос хойш Энэтхэгийн эдийн засгийн салбар маш их хохирол амсч байгаа ба судалгаагаар 120 сая хүн ажилгүй болсон нь тогтоогдоод байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.