
ОХУ-ын зүгээс Казахстанд суугаа Украины элчин сайдыг албадан хөөхийг шаардсаны хариуд Казахстаны эрх баригчид ОХУ "стратегийн түнш" улс болох Казахстантай ийм өнгө аясаар харилцах нь зохисгүй гэдгийг онцолж, Москвагийн шаардлагыг биелүүлэхээс татгалзжээ.
ОХУ Украин руу довтолсноос хойш ОХУ, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан зарим улс орнууд хоорондын харилцаа муудсан юм.
Гол шалтгаан нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын хооронд хийгдсэн хилийн тухай гэрээг ОХУ зөрчиж байгаа явдал юм.
Казахстанд суугаа Украины элчин сайд Петро Врублевский өнгөрсөн 8-р сард Казахстаны нэгэн блоггертой хийсэн ярилцлагынхаа үеэр Украинд болж буй дайны үеэр "украинчууд аль болох олон оросыг хөнөөснөөр бидний хүүхдүүдэд алах орос цөөн байх болно" хэмээн ярьсан нь оросуудын бухимдлыг төрүүлсэн аж.
ОХУ Казахстанаас Петро Врублевскийг албадан хөөхийг шаардсанд Астана орос үндэстэн ихээр амьдардаг улсын иргэний хувьд П. Врублевскийн хэлсэн үг байж боломгүй байсан хэмээн тодорхойлж, П. Врублевскийг өөр элчин сайдаар солихыг Киевээс хүсчээ.
ОХУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өнгөрсөн мягмар гарагт П. Врублевский одоог хүртэл Астанад ажилласаар байгаад Москва "бухимдалтай" байгааг онцолж, ОХУ-д суугаа Казахстаны элчин сайдыг дуудаж уулзсан гэжээ.
Уг мэдэгдлийн хариуд Казахстаны Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Айбек Смадияров М. Захаровагийн мэлэгдлийн өнгө аяс "ОХУ, Казахстан хоёр улсын стратегийн тэгш эрхтэй түнш орнууд гэсэн тодотголтой зөрчилдөж" байна хэмээн Казахстанд суугаа ОХУ-ын элчин сайдыг мөн л Казахстаны Гадаад харилцааны яаманд дуудуулна гэжээ.
Айбек Смадияровын хэлснээр Казахстанд суух Украины шинэ элчин сайд томилогдсоны дараагаар П. Врублевский Казахстанаас явах аж.
Казахстан улс ОХУ-тай эдийн засаг, аюулгүй байдлын тал дээр нягт харилцаатай байсан ч оросууд Украин руж довтолсноос хойш ОХУ-аас зай барих болсон юм. Астана Украинд үүсээд буй нөхцөл байдлыг энхийн замаар шийдэх ёстой хэмээн уриалж, Украины 4 мужийг ОХУ-д нэгтгэж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн билээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn