Бий биелгээний “Хаан” Ховдод сүндэрлэнэ

Twitter Print
2014 оны 07-р сар 22-нд 11:47 цагт
Мэдээний зураг,

Монголын язгуур урлаг, соёлын биет бус өв болох Их Агсал бий биелгээний хөшөөг Ховд аймагт босгож байгаа юм байна. Эр хүнийг магтан дуулж биелсэн хамгийн анхны бүжиг хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн эл биелгээ Монголын язгуур урлагт бүжгийн “Хаан” хэмээн нэрлэгддэг байна.

Иймд монголчуудын биет бус өв соёлыг хамгаалах зорилгоор 4 метр өндөртэй уг хөшөөг Ховд аймгийн Булган сумын уугуул Бийцээгийн Үнэнбат санаачлан босгож байгаа аж. 

Хөшөөнд дүрслэгдэн буй Агсал биелгээ нь том бие галбиртай, Торгууд эр хүний /баатар/ эрхэмсэг чанар, өв тэгш дүр төрх, баатарлаг шийдэмгий дайчин зориг, ухаалаг уужуу сайхан дүр төрхийг бий биелэгээний уран сэтгэмжээр товойлгон гаргасан тайзны бүжгийн сонгодог бүтээл юм.

Энэ нь монголчуудын бахархал, үндэс угсаа, зан заншил, хэл соёл, ахуй, түүхийг өгүүлсэн урлагийн биет бус өвийг харуулсан анхны хөшөө болох юм байна. 

Бийгийн өгүүлэмж:

                    ИХ АГСАЛ

Агсал хул морь нь байдаг

Наян тохой бие нь байдаг

Байдаг байдаг байдаг

Унаган цагтаа уян жороо

Унасан хойноо хурдан жороо

Жороо жороо жороо

Дааган цагтаа даамай жороо

Дам хойноо хурдан жороо

Жороо жороо жороо

Агтны сайн морь нь байдаг

Алтай нутгийн унаган байдаг

Байдаг байдаг байдаг

Есөн эрдэм төгс байдаг

Ерөөл учрал бүрдсэн байдаг

Байдаг байдаг байдаг

Ухаант хүний үр нь байдаг 

Эцгээс заяасан бие нь байдаг

Байдаг байдаг байдаг

Хэвлүүн сайхан бие нь байдаг 

Хээнцэр ганган төрх нь байдаг

Байдаг байдаг байдаг

Өрхөөр гарам нуруу нь байдаг

Өндөр сайхан халбан нь байдаг

Байдаг байдаг байдаг

Хээнчир торгон хийлэн байдаг

Хэлхээ мөнгөн товч нь байдаг

Байдаг байдаг байдаг

Нарийн хар хөмсөг нь байдаг

Мойл хар нүд нь  байдаг

Байдаг байдаг байдаг

Хасын сар дүгрэг царай нь байдаг

Хашийн цагаан шүд нь байдаг

Байдаг байдаг байдаг

Од шиг цэвэрхэн бие нь байдаг

Удам залгах үр нь байдаг

Байдаг байдаг байдаг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.