Польш Запорожье АЦС-д осол гарсан тохиолдолд авах арга хэмжээнүүдээ бэлдэж байна

Twitter Print
2022 оны 09-р сар 23-нд 14:25 цагт
Мэдээний зураг,

Польш улс Украины Запорожье АЦС-ын ойр орчимд тулаан явагдаж байгаад сэтгэл түгшиж байгаа ба Запорожье АЦС-д ямар нэр байдлаар осол гарч, цацраг идэвхт туяа ялгарсан тохиолдолд тарааж өгөх зорилгоор йодын шахмал эмнүүдийг орон нутгийн аврах ангиудад нийлүүлжээ.

Йод нь агаарт цацраг идэвхт бодис ялгарсан тохиолдолд биеийг бамбай булчирхайн хавдар зэрэг өвчин эмгэгээс хамгаалдаг гэгддэг билээ. Запорожье атомын цахилгаан станц нь Европын хамгийн том атомын эрчим хүчний станц бөгөөд уг станцын цөмийн 6 реактор, цахилгаан эрчим хүчний шугам сүлжээний дэргэдэх байшин барилгууд цохилтонд өртөж байгаа нь тус станцад томоохон хэмжээний осол гарах эрсдлийг нэмэгдүүлж, хөрш улс орнууд нь төдийгүй дэлхий нийт үүнд түгшсээр байгаа билээ.

Оросууд болон украинчууд Запорожье АЦС-ын орчим цохилтонд өртөж байгаад бие биенийгээ буруутгасаар байгаа юм. Польшийн Дотоод хэргийн орлогч сайд Блазеж Побози, "Запорожье АЦС-ын ойр орчимд тулаан явагдаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж эхэлсний дараагаар бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч йодын шахмал эмийг нийлүүлж эхлэхээр шийдсэн. Энэ бол тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд ард иргэдийг хамгаалах урьдчилсан сэргийлэх алхам гэдгийг онцолмоор байна. Мэдээж бид тийм нөхцөл байдал үүсэхгүй гэж найдаж байна." хэмээн мэдэгджээ.

ОХУ Украин руу довтолж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин газар нутгаа хамгаалахын тулд бүх боломжуудаа тэр дундаа цөмийн зэвсгээ ашиглана хэмээн мэдэгдсэний дараа хуучин ЗХУ-ын дагуул Польш улсын иргэдийг хэдийн айдаст автуулж, эмийн сангуудын йодын нөөцийг дуусгахад хүргэсэн билээ.

Запорожье мужийн захирагч Александр Старухын мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчин Запорожье хот руу пуужингийн 9 удаагийн цохилт үзүүлсэн ба пуужин тус хотод байрлах зочид буудал болон цахилгаан станцыг оножээ.

Запорожье хот нь Запорожье АЦС-аас 50 км зайд байрлах ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Запорожье АЦС-ын ойр орчимд хамгаалалтын бүс тогтоох төлөвлөгөөгөө орхиогүй гэдгээ онцолжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.