
Монголын хүүхдийн ордноос авъяасаа нээж, урлагийн хүн болох гараагаа эхэлсэн олон сайхан алдартнууд бий. Тэдний нэг, авьяаслаг дуучин охин бол А.Ариунсувд. Тэрбээр хөгжмийн зохиолч СТА С.Ганчимэг багшийн удирдлага дор долоон жил хичээллэж, олон сайхан уран бүтээлийн эзэн болсон. Түүний дуулсан дуу бүхэн дорхноо хит болж, үе тэнгийнхээ найз нараар зогсохгүй нас насны олон шүтэн бишрэгчтэй. Түүний урын санд олон дуу байдгаас 2010 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ний сүлд дуу “Waka Waka”, “Хөгжилтэй зун”, “Хатан Монгол ижий” зэрэг уран бүтээл нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Тэрээр тун удахгүй анхны CD-гээ өлгийдөн авах гэж буй баярт мөчид бид уулзан ярилцаж, уран бүтээлийнх нь талаар халуун дулаан яриа өрнүүллээ. Тэрээр "Орчлон" Олон улсын дунд сургуулийн 7а ангид сурдаг.
Хүүхдийн ордноос гараагаа эхэлж, урлагийн салбарт хөл тавьсан анхны дурсамжаасаа хуваалцвал?
Хүүхдийн ордонд анх орсон түүх их хөгжилтэй санагддаг. Хоёр настайдаа “Анастасия” дуугаар тэмцээнд оролцсон ч анх удаа тайзан дээр гарч байсан учраас сандрахдаа дууныхаа үгийг мартчихсан. Тэгээд таг чимээгүй болчихсон чинь шүүгчид намайг "дуулаарай" гээд дэмжээд байдаг. Гэтэл би дуулах нь битгий хэл аниагаа тайзан дээр дуудаж гаргаад "миний тоглоомыг энэ хэсэгт байрлуул, тэгвэл би дуулна" гээд таг зөрүүдэлчихсэн. Дуугаа дуулахдаа тоглоомтойгоо илүү ойр харьцах гэж л тэгсэн байх. Тэгээд ая яваад яг эхлэх болсон чинь "би ерөөсөө дуулахаа болилоо" гээд тайзнаас гүйгээд буучихсан. /инээв/ Дараа нь хөгжмийн зохиолч С.Ганчимэг багш "чи уг нь их хурц тод хэллэгтэй, сэргэлэн хүүхэд байна. Багш дээрээ ирээд шалгуулаарай" гэсэн. Тэгээд удалгүй Монголын хүүхдийн ордонд С.Ганчимэг багшийн шавь нь болж, босгыг нь алхаж анхны хичээлээ заалгаж байсан даа.
2010 оны ДАШТ-ний сүлд дуу болох “Waka Waka” дууг их гоё дуулсан байдаг. Бас ар фононд нь үе тэнгийн охид хөвгүүд бүжиглэсэн. Энэ дууны клипэнд ангийн чинь хүүхдүүд тоглосон уу?
Тийм. Дуучин Шакирагийн “Waka Waka” дууг хоёрдугаар ангидаа дуулсан. Хөлбөмбөгийн ДАШТ болсон тэр жил Хүүхдийн ордны хүүхдүүдээс шалгаруулж энэ дууг дуулах саналыг анх Монголын хөлбөмбөгийн холбооноос тавьсан юм. Харин би тэнцэж, тайзан дээр тэр дууг их хичээж дуулсан.
Монголын хүүхдийн ордонд хичээллээд хэдэн жил болж байна?
С.Ганчимэг багшийн удирдлаган дор суралцаад долоон жил болж байна.
Танай гэр бүлийнхнээс урлагтай холбоотой хүмүүс бий юу?
Ер нь манайх урлагийн гэр бүл гэж хэлж болно. Тэр дундаа Хүүхдийн ордныг бүгд төгссөн. Тэр нь их гоё санагддаг. Манай хамгийн том ах гэхэд морин хуур тоглодог. Хүүхдийн ордонд суралцаж төгссөн. Бага ах ордонд зургийн дугуйлан төгссөн ч жүжигчин болсон. Харин манай аниа хийл тоглодог. Манай өвөө жүжигчин, цэргийн хүн байсан. Залуу байхдаа Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай болон алтан үеийнхэнтэй хамт театрт жүжигчин байсан гэдэг. Тийм болохоор манай гэр бүлийг удам дамжсан урлагийн гэр бүл гэж хэлж болно.
Хүүхдийн авьяасыг багаас нь нээж, урлагт хайртай болгож зааж зөвлөх нь багш хүний үүрэг, бас чадвар. Энэ утгаараа өнөөдөр С.Ганчимэг багшийн шавь нар тоолж баршгүй байх даа?
Тийм ээ. Манай багшийн шавь нар маш их. Ер нь С.Ганчимэг багшийн гараар дамжсан хүүхдүүд заавал урлагтай холбогдож, түүнийхээ төлөө чин сэтгэл зүрхнээсээ хичээн ажилладаг. Мөн нэг нэгэндээ тоглолтынх нь үеэр заавал туслах юм уу, эсвэл сайхан найзууд болж үлддэг. Тухайлбал, би “Good boys” хамтлагийн гишүүдтэй найзлаад 7 жил болсон байна.
Уран бүтээлийн хувьд дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг шиг хамтран ажилладаг уу?
Бага байхдаа хэд хэдэн дуун дээр хамтарч, клипэнд нь хүртэл тоглож байсан.
С.Ганчимэг багшийн чамд зориулж өгсөн хичнээн дуу байна?
Багшийн маань надад зохиож өгсөн 20 гаруй дуунууд бий. Манай багш маш авьяастай, чадвартай, мундаг хүн байдаг. Их мэдрэмжтэй, зохиосон дуу нь дуулахад маш эвтэйхэн, гоё аятай байдаг. Би багшдаа маш их хайртай.
“Орчлон” сургуулийн урдаа барьдаг авьяаслаг охин. Сургуулийнхаа нэр хүндийг хэр өргөж байна даа?
Ер нь сургуулиас зохиогдож буй урлагийн арга хэмжээнд байнга шахуу оролцдог. Сургуулийн захирал маань ч дэмжиж, бас надад маш сайн ханддаг. Мэдээж тэмцээн уралдаанд оролцохдоо сургуулийн минь нэр байнга гардаг учраас сургуулийн хамт олон болон багш нар илүү ойлгодог. Заримдаа сургуулийнхаа шинэ жилд орж чаддаггүй болохоор их харамсалтай санагддаг.
А.Ариунсувдын мөрөөдөл?
Багадаа дуучин Т.Ариунаа эгчийн дууг сонсох их дуртай байсан. Том болоод Т.Ариунаа эгч шиг дуучин болно доо гэж мөрөөддөг байлаа. Одоо харин гадаад дуу их сонсож, дагаж дуулах дуртай болоод байгаа. Christina Аguilerа-ийн дууг байнга шахуу сонсдог.
Англиар их цэвэрхэн дуудлагатай сайхан дуулж байна лээ. Гадаад дууны сонголт болоод хэмнэлийг хэн зааж өгдөг вэ?
Дуулж байхдаа дууны ая болоод үгээ цэвэр тод, зөв хэлж байна уу гэдгээ байнга хянадаг. Хамгийн гол нь өнгөө зөв хуваарилах хэрэгтэй. Гадаад дууны сонголтонд дээр н.Мөнхцэцэг эгч тусалдаг бол Монгол дууг С.Ганчимэг багш зааж зөвлөдөг. Зарим тохиолдолд өөрөө хувиараа дуугаа бичүүлж, клип хүртэл хийлгэх үе гардаг. Өөрөө сонирхсон дуугаа дуулж, бичүүлэхэд их сайхан санагддаг. Энэ үед л би өөрийнхөөрөө байдаг.
Чиний уран бүтээлийг олон хүнд хүртээмжтэй, чанартай хийхэд мэдээж продюссерын үүрэг хамгийн нөлөөтэй. Тэгэхээр чиний уран бүтээлтэй салшгүй холбоотой ямар хүн байна?
Миний уран бүтээлийн ард манай гэр бүлийн бүх хүмүүс байдаг. Яагаад гэхээр бүгд урлагт хайртай, урлагт үнэнч хүмүүс учраас бага байхаас эхлээд өдий хүртэл бүх тал дээр түшиг тулгуур болж ирсэн. Тийм болохоор гэр бүлийнхээ бүх гишүүддээ хайртай шүү. Ялангуяа ээж маань миний менежер л гэсэн үг. Бүх зүйлийг зохицуулж, миний төлөө бүхнээ зориулдаг.
Ямар студитэй хамтран ажилладаг вэ?
Миний гаргасан бүх клипийг “DX” продакшн хийсэн. Эхний байдлаар тав дахь клипний ард гараад байна. Одоо үргэлжлүүлэн дараагийн клипний ажилдаа ханцуй шамлан орно. Ер нь гайгүй гэсэн дуунуудаа дүрсжүүлэх бодолтой байгаа.
Уран бүтээлч хүмүүсийн хамгийн аз жаргалтай үе бол анхны CD-гээ бичүүлэх гэдэг шүү дээ. Чиний хувьд CD гаргах бодол байгаа юу?
Намраас анхны CD-гээ гаргах төлөвлөгөөтэй, дуунуудынхаа бичлэгт орчихсон байгаа. Багштайгаа ярилцаад 30 гаруй дуунуудаас шилж сонгоод хамгийн шилдэг гэсэн түүвэр дуунуудаа оруулсан. Мөн CD-ндээ зориулж сүүлд бичигдсэн дуунууддаа клип хийлгэсэн.
Анхны клип ямар нэртэй байв?
Хамгийн анхны клип 5 настайдаа “Шинэ жил” нэртэй гаргаж байсан. Дараа нь хоёрдугаар ангидаа “Waka Waka”, гуравдугаар ангидаа “Хөгжилтэй зун” зэрэг дуунууддаа клип хийлгээд хэсэг хугацаанд сурч боловсрох тал дээр илүү анхаарлаа хандуулж, түр завсарлага авсан.
Хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүд олон нийтийн арга хэмжээ болон том тоглолтонд ая дуугаа өргөдөг. Тэгэхээр чамд дуулаад өгөөч гэсэн санал хэр ирдэг вэ?
Санал бол ирдэг. Ер нь би ч гэлтгүй манай Хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүд Харшийн ёолк, урлагийн наадмуудад байнга шахуу оролцдог. Миний хувьд сэтгэлд хамгийн тод үлдсэн мөч бол энэ жилийн Харшийн ёолк. Их сайхан болж өндөрлөсөн. Цасан гуа охины дүрд хувирч, танхим дүүрэн үзэгчтэй тайзан дээр гарч дуулахад хүүхдүүд “Цасан гуа байна. Тэрийг хар аа” гээд л их сайхан хүлээж авсан. Тоглолт дууссаны дараа хүлээлгийн танхимд дараагийн тоглолт хүртэл хүүхдүүд хамт зургаа авахуулъя гээд бөөгнөрөөд зогсчихсон байсан. Тэгэхэд их сайхан мэдрэмж төрсөн.
Хамтлагт дуулж байсан гэсэн?
Бага байхдаа дугуйлангийнхаа нэг хүүхэдтэй “Дубьет” нэртэй хамтлаг байгуулсан. Хоршиж дуулахад хоолой яг таардаг байсан учраас багш маань бид хоёрт хэд хэдэн дуу бичиж өгсөн. Хэсэг хугацааны дараа бид хоёр тус тусынхаа карьераа хөөсөн.
Олны танил хүмүүсээс урмын үг хэр сонсож байв?
Бахархаж хүндэлж явдаг уран бүтээлчдээс магтаалын үг сонсоод маш их баярладаг. Тухайлбал, шинэ жилээр “Шинэ дэлхий” телевизийн байранд дуучин Б.Сарантуяа эгчтэй хамт оролцсон. Тэр үед намайг “ийм бага насны хүүхэд гэхэд маш гоё өвөрмөц хоолойтой” гэж сайшаасан.
Хоёрдугаар ангидаа Т.Ариунаа эгчээс “Хөх Монголын үр сад” дууг нь зөвшөөрлийг нь авч дуулж байсан. Жаахан байсан ч тэр том дууг дуулж анх Т.Ариунаа эгчтэй уулзсан.
Тэрнээс хойш хааяа тоглолтонд таарахаар “Миний дууг дуулдаг охин байна. Чадалтай, хүчтэй хоолойтой шүү. Хоолойгоо гамнаарай” гэж хэлдэг. Мөн Д.Оюунтүлхүүр эгч хүртэл миний бүх дуунуудыг сонсдог гэсэн. Чиний клипэнд эгч нь заавал тоглоно, эгчтэйгээ хамтарч болно шүү гэсэн санал тавьсан. Саяхан миний шинэ жилийн дууны клипэнд хүртэл тоглосон.
Нууц биш бол хүүхдийн клип хэдэн төгрөгөөр бүтдэг бол?
Клипний хувьд 1 сая 500 төгрөг дотор л багтдаг. Бүр гайгүй сайн клип 2 саяд бараг дөхдөг дөө.
Урлагийн наадам болоод оролцсон тэмцээнээс авсан шагнал?
Хамгийн анх “Бяцхан Мисс”-д орж тэргүүн байр, “Би эстрадын дуучин” тэмцээнд гранпри, Хүүхдийн ордны мөнгөн медаль, сургуулиас зохиогдсон “Би эстрадын дуучин” тэмцээнд жил бүр орж гранпри шагналын эзэн болсон.
Үе тэнгийн найзуудаасаа илүү их цагаар хичээллэж, цаг наргүй хөдөлмөрлөж байна. Уран бүтээлээс болоод хичээлээ завсардах үе гардаг уу?
Харшийн ёолк дөхөөд ирэхээр сургуулиас хоёр долоо хоногийн хичээлийн чөлөө авах шаардлага гардаг. Тийм болохоор сургуулийн шинэ жилд ерөөсөө орж амждаггүй.
Чөлөө авсан хичээлээ дараа нь нөхөх гэж бас л их юм болно доо. Хичээл амарч байхад би ганцаараа хичээлээ нөхөх гээд найз нөхдөөсөө туслалцаа эрдэг. Гэхдээ манай сургуулийн хамт олон намайг маш сайн дэмжиж, ойлгодог. Боломжтой бол олон хоногоор чөлөө өгч, дараа нь хичээл нөхөхөд их анхаардаг.
Сургуулиа төгсөөд аль сургуульд хуваарь авах бодолтой байна?
Хэл, урлагийн чиглэлээр гадаад оронд сурах бодолтой байгаа. Бас хажуугаар нь аавынхаа бизнест тусалж ажиллана. Манай аав хувийн зайрмагны үйлдвэртэй.
Тийм үү? Яасан гоё юм бэ. Чөлөөт цаг зав бараг гардаггүй юм байна даа?
Харин тиймээ, чөлөөт цаг ховор. Хичээлээ тараад хүүхдийн ордонд, үргэлжлүүлээд төгөлдөр хуурийн дугуйлан гээд л явж өгнө. Тэгээд болоогүй дууны бичлэгт орно. Гадаад дуу хурдан сурахын тулд бие дааж өөрөө суралцах гээд их завгүй нэг өдрийг өнгөрөөдөг. Заримдаа хичээлийн цагаар нойр хүрээд зүүрмэглэнэ шүү дээ. Энэ бүхэнд ээж маань л байнга хажууд түшиг тулгуур болдог./инээв/
Бүжгийн хэр эвсэлтэй гэж өөрийгөө бодож байна. Бүжгийн багштай юу?
Ордны тоглолтонд бүжиглэхээр бол дугуйлангийн багшаар заалгадаг. Харин гадуур тоглолт болон хувийн номер дээр хувиараа бүжгийн багштай. н.Дүүрэнсайхан, н.Тунгалаг хоёр багшийн шавь.
Гэрийнхэн нь өндөр хүмүүс үү. Чи үе тэнгийн хүүхдүүдээс хамаагүй өндөр харагдаж байна?
Манай гэрийнхэн ер нь өндөр хүмүүс. Би ч бас үеийн найзуудаасаа их өндөр харагддаг. Дугуйландаа хамгийн өндөр нь болохоор дээд үеийнхээ эгч нартай нийлэх үе гардаг. Манай сургуульд над шиг өндөртэй хоёр гурван хүүхэд бий.
Тоглолтын хувцас их чухал. Тайзан дээр дуулах бүртээ өөр өөрийн онцлогтой хувцас өмсөх шаардлагатай. Энэ бүхнийг хэрхэн зохицуулдаг вэ?
Бага байхаас миний хувцасыг “Сарны чулуу” чуулгын оёдолчин, одоо хувиараа оёдлын цехтэй н.Энхбаяр эгч оёж ирсэн. Надад ямар дүр хэрэгтэй яг тэр дүрийн хувцсыг тун гайхалтай оёж өгдөг мундаг эгч.
Дуулж бүжиглэхээс гадна өөр ямар авьяас байна. Өөрийн тань хобби?
Зураг зурах дуртай. Манай хоёр ах надаас илүү зурдаг. Арван жилээс эхлээд л зурж эхэлсэн мундаг зураачид.
Гэр бүлээрээ урлагийн хүмүүс байна. Тэр дундаа ах, эгч нар чинь олонд танигдсан сайхан уран бүтээлчид. Хамгийн сүүлд гэхэд хамтдаа чиний клипэнд тоглосон гэж сонслоо?
Тийм ээ, манай гэр бүлийнхэн бүгдээрээ миний клипэнд тоглосон. Манай ахыг А.Баасанжаргал гэдэг, хүмүүс Энхүүш нэрээр нь сайн мэддэг. Одоо “Black Box” теарт ажилладаг. Өвөө, эгч, ах бүгд л зурдаг хүмүүс.
Клипний хувьд өвөө, эмээ, том ах /морин хуур/, эгч /хийл/, жүжигчин Ц.Цэнд-Аюуш эгч ачтайгаа, ээж аавыг бас оролцуулсан их өргөн цар хүрээтэй сайхан бүтээл болсон.
Зуун төгрөгтэй явснаас зуу найзтай явсан дээр. Энэ үг чиний хувьд хэр үнэ цэнэтэй вэ?
Надад гарын таван хуруунд багтахаар сайн найзууд бий. Яг санаа нийлж жаргал зовлонгоо ярилцдаг найзууд бол “Good boys” хамтлагийн гишүүд болох Тэлмэн, Очко нар. Багаасаа найзласан болохоор их дотно байдаг. Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд сайн найзууд болдоггүй л гэдэг миний хувьд харин ч эсрэгээрээ илүү сайн ойлголцдог.
Чиний уран бүтээлийг цаг үргэлж дэмждэг гэр бүлийнхэн болон багш нартаа хандаж сэтгэлийн үгээ хэлээч.
Хайртай гэрийнхэндээ болон надад үргэлж тусалж дэмждэг багш нартаа, найз нөхөд болон хамтран ажилладаг “DX” продакшны хамт олондоо маш их баярлалаа. Та нарын хичээл зүтгэлээр миний уран бүтээл өдий зэрэгт хүмүүст хүрч байгаа шүү. Тэгээд цаашдаа улам их хичээж, олон сайхан уран бүтээлээр үзэгч түмэндээ уулзах болно.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505