Сайн багшийг сурагчдаар нь таньдаг юм аа... /Сургамжит өгүүллэг/

Twitter Print
2022 оны 02-р сар 12-нд 10:02 цагт
Мэдээний зураг,

ЗӨВ СОНГОЛТ

Нэгэн эцэг эх хоёр хүүдээ сайн багш олжээ. Маргааш өглөө нь хүүг өвөө нь сургуульд нь хүргэж өгөв. Тэр хоёрыг сургуулийн хашаагаар яваад ортол хүүхдүүд тойроод ирэв гэнэ.

- Ямар инээдтэй өвгөн бэ хэмээн нэг хүүхэд шоолов.

- Хөөе, бүдүүн ээ! гэж өөр нэг хүү жуумалзав.

Хүүхдүүд хашхиралдан өвгөн, жаал хүү хоёрыг тойрон дэгдэв. Тэгж байтал багш нь гарч ирээд хонх дугаргаж, хүүхдүүд хичээлдээ оров.

Өвгөн зээгээ гараас нь хөтлөн сургуулийн хашаанаас шийдэмгий гарч явлаа.

- Ямар гоё вэ! Би сургуульд явахгүй! гэж хүү баярласанд өвөө нь:

- Явна аа... гэхдээ өөр сургуульд хэмээн ширүүн хариулаад: - Би чамд өөрөө сургууль хайж олно гэв.

Өвгөн зээгээ гэрт нь эмээтэй нь орхиод өөрөө илүү сайн багш хайж олохоор явлаа. Замд нь ямар нэгэн сургууль таарах бүр тэрээр хүүхдүүдийг завсарлагаанаар гарч ирэхийг хүлээн гадаа нь сууж байв. Зарим сургуульд хүүхдүүд түүнийг огт анзаарахгүй, заримд нь түүнийг шоолон инээлдэж байж. Энэ тохиолдолд өвгөн юу ч хэлэлгүй буцаж байв. Ингэж явсаар тэрээр нэг жижигхэн сургуулийн гадаа ирээд ядарсандаа хашааг нь налаад зогсчхов.

Хонх дугарч, хүүхдүүд сургуулийн хаалгаар шаагилдан гарч ирэв гэнэ.

- Өвөө, та зүгээр үү? Танд ус аваад ирэх үү? гэх хүүхдийн цангинах дуу сонсогдов.

- Манай сургуулийн хашаанд урт сандал бий, та тэнд сууж амар гэж нэг жаал санал болгов.

- Би багшийг дуудаад ирэх үү? гэж өөр нэг хүүхэд асуух нь дуулдав.

Төдөлгүй нэг залуухан багш гараад ирэв. Өвгөн түүнтэй мэндлээд:

- Би зээ хүүдээ илүү сайн сургууль ингэж нэг олдог юм байж гэв.

- Та эндүүрээд байна, өвгөн гуай. Манайх тийм ч сайн биш. Манай сургууль их жижигхэн, зай талбай муутай.

Залуу багшийн энэ үг өвгөнийг зогсоож чадсангүй. Өвгөн түүнтэй зээгээ сургуульд нь өгөхөөр тохироод буцав.

Тэр орой нь хүүгийн ээж ааваасаа:

- Аав аа, та юу ч мэдэхгүй байна. Та тэр багшийг яагаад илүү сайн гэж бодоод байгаа юм бэ? гэж асуулаа.

- Сайн багшийг сурагчдаар нь таньдаг юм аа... хэмээн өвгөн хээв нэг хариулав.

А. Лопатина, М. Скребцова нарын “Хүүхдүүд болон томчуудад зориулсан сургамжит түүхүүд” номын хэсгээс

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.