МОНГОЛ гэх нэр МӨНХ ГАЛ уу, ОНОНГОЛЫНХОН уу?

Twitter Print
2020 оны 05-р сар 11-нд 09:07 цагт
Мэдээний зураг,

Монгол гэх нэр түүхэнд YII зуунаас орж ирсэн гэж түүхчид нэгэн зэрэг хүлээн зөвшөөрдөг. Нэг аймаг, нэг төрөл угсаа, нутаг дэвсгэрийн нэршлээс үүдэлтэй гэж үзсэн.

Гурван голын сав нутаг, түүний дотор Онон голын сав бол монголчуудын голомт газар. Тэр нутгийн хүмүүс өөрсдийгөө “ононголынхон” гэж нэрийдэж, тэрхүү нэршил сондгойрон цойлж, эхний задгай үе болох “он” нь цаг хугацааны урсгалд гээгдэж, арын “он” нь урдаа “м” авиа авч “мон” болоод “монголынхон”, улмаар “монгол” болсон гэж үзэх эрдэмтэд бий.

Зарим эрдэмтэд Хэрлэн, Онон Туул голын савыг “олонгол” гэдэг байсан. Монголчууд нутаг орных нь нэрээр бие биенээ дууддаг заншил дагуу “олон голынхон” гэж дуудах явцад хэлзүйн жам ёсоор гээгдэх авиа нь гээгдэж, нэмэгдэх авиа нь нэмэгдэж “монгол” болсон гэж үзэх нь ч бий. Тэгэхээр монголчуудын түүхийн эхлэл цэг нь Онон голыг шууд зааж байгаа бөгөөд өтгөс буурлууд маань “Онон хатан ижий” хэмээн өргөмжилж ирсэн.

Хятадын эх сурвалжид “монгол” гэдэг үгтэй адил аялгуу ханз үсэг Тан (618-907) улсын үед “Мэн-у”, “Мэн-ва”, “Мэн-гу”, “Мэн-гу-лин”, “Мэн-гу-зи” гэсэн хэлбэрүүдээр бичигдсэн ба эдгээрийг махчилан орчуулахад “хуучин бүдүүлгүүд”, “хэдийнээс мунгинагсад” хэмээх утгыг агуулдаг байна. Хуучин Тан-шу сударт “Их Шивэйн олон аймгуудын бүрэлдэхүүнд багтдаг Хянганы уулсын зүүн талаар нутагтай Мэн-у нь Шивэйн аймгуудын зонхилох овог мөн” гэж тэмдэглэсэн байжээ. Ийнхүү Мэн-у, Мэн-гу нь явсаар “монгол” болсон гэх таамаглалыг дэвшүүлсэн байна.

Түүхч Г.Сүхбаатар “Монгол гэдэг нэр нь Тоба улсын хаанд баригдсан Мугулюй хэмээх хүний нэрний үндэс байж болох юм” хэмээн үзсэн бөгөөд энэ таамгийг цааш нь судлаагүй байна. Ихэнх судлаачид Монголын овог аймгуудын нэрний гарал нь нутаглаж байсан гол ус, уул нурууны нэрнээс үүссэн байдаг тул тэдгээрийг мөшгөн хайх нь зөв гэж үздэг. Тухайлбал, Улх голоос олхонуд, Салж голоос салжиуд, Сяньби уулнаас сяньбичүүд үүссэн гэдэг. Үүнээс үндэслэн “мон” гэдэг язгууртай уул усыг судлаачид нэлээд хайжээ.

Түүхч Нагаанбуу “монгол” гэдэг нь “мөнх гал” гэсэн үгнээс үүдэлтэй хэмээсэн бол түүхч Элдэнтэй, Ардаажав нар “мөнка-тэнгри-гал” гэсэн үгсийн дунд үеүд нь он удаан жилийн явцад гээгдэж улмаар “мөн-гал”, эцэст нь “монгол” болсон. Энэ нь “мөнхрөх” гэсэн утгатай гэж тайлбарлажээ. Өвөрмонголын түүхч Гаваа “монгол” гэдэг нь мөнх тэнгэрийн “мөнх”, овог аймгуудын бэлэг дэмбэрэл болсон “гал тулгын” гал хэмээх үгний нийлэмж буюу “мөнхгал” гэсэн утгаас үүдэн “монгол” болсон хэмээн үзжээ. Монгол хэмээх нэр нь монголчуудын өвөг дээдэс болох Хабул, Амбагай хааны үед “Хамаг Монгол” хэмээн жинхэнэ ханлиг улсын нэр болсон байна.

Ч.Буянбадрах

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.