Эрнест Хэмингуэй: "Өвгөн тэнгис хоёр"-үнэний нэгээхэн өөдөс

Twitter Print
2016 оны 09-р сар 28-нд 17:01 цагт
Мэдээний зураг,

Би жинхэнэ өвгөн, жинхэнэ жаалхүү, жинхэнэ тэнгис, жинхэнэ загас, бас жинхэнэ аварга загаснуудыг үзүүлэх гэж оролдлоо. Би үнэхээр сайн, үнэн зөв гаргаж чадсан бол эдгээрийг би өөр өөрөөр тайлбарласан байх учиртай. Жинхэнээр нь үзүүлэх гэдэг бэрх. Энэ нь үнэхээр үнэнийг бүтээнэ гэсэн үг. Харин заримдаа чухамхүү үнэнээс өөрөөс нь ч илүү үнэнийг бүтээнэ гэсэн үг.
/Эрнест Хэмингуэй 1954/ —

Хүний амьдралын туйлын зорилго хаана оршдог юм бэ? Яавал жаргалтай амьдардаг юм бэ? Зүгээр л загасчилж амьдарлаа гээд зовлон нь юу юм, жаргал ч юу юм. Хэн бүхэн дурсагдахын тулд л амьдарвал амьдрал нь утга учиртай байх юм уу? Хаа холын дурсамж болсон амьдралын ганцхан хормын жаргалыг сэтгэлдээ тээсэн загасчин өвгөний талаархи зохиолыг “Өвгөн тэнгис хоёр” юм болов уу гэж бодлоо. Тэрээр ядуу тарчиг муухан овоохойд амьдрах бөгөөд хаа нэгтээ далайд гарч загасчилж өл залгуулдаг нэгэн билээ. Хуучин навсархай завьтай, нас сүүдэр хол гарсанаас болоод загас барихаасаа барихгүй нь их учир хүмүүс түүний аз нь харьсан хэмээн ярилцах аж. Хөөрхий түүнийг дэмждэг ганц хүнтэй, тэр нь насанд хүрээгүй бяцхан жаал юм.  

Бага залуудаа Африкт далайд аялаж явахдаа холоос харсан арслангийн сүрэг нь жаргалтай дурсамж нь юм болов уу. Юутай ч өвгөн тэнгисдээ гарсаар л, загасчилсаар. Жаал хүү харин түүнд хэзээ ч эргэлзэж байгаагүй бөгөөд түүнийг ч өвгөн мэддэг билээ. Хүүтэй анх загачилсанаас хойш даруй 84 өдрийг үджээ. Гэхдээ хүүгийн эцэг эх нь өвгөнийг загас барьж чаддаггүй аз нь харьсан гэж үзээд өөр далайчинтай явуулах болжээ. Шинэ далайчинтай явсан хүү олз омог чамгүй ихтэй боловч хөгшин өвгөнтэй л хамт далайд гарч их зүйлийг сурах сонирхолтой. Нэг нь бөхөж яваа лаа. Нөгөө нь мандаж буй наран ч юмуу.  85 дахь өдрөө өвгөн их далайн гүнд гарч өөрийн сурсан зангаараа үүлсийг ажиж шувуудыг нүдлэсээр нилээд хол аялчихжээ.

Намрын эхэн сар юм гэнэ. Энэ сард нь том загас баригдах нигууртай байдаг юмсанж. Санаж явбал бүтнэ гэдгээр түүний тавьсан өгөөшинд нь аварга загас оржээ. Гурван өдөр, гурван шөнө завсар зайгүй тэмцэлдсээр залуухан аварга загас арайхийж барьж аваад завин дээрээ гаргаж багтахааргүй том байсан тул хитэгнээсээ бэхлээд гэрийн зүг одов. Гэвч сайн юманд саар мундахгүй гэгчээр цусны үнэр авсан махчин загаснууд ар араасаа ирж дайрсаар өвгөн ч тэмцсээр хэд хэдийг шархдуулж, хөөж явуулсан боловч түүний барьсан аварга сайхан загаснаас толгой төдийхөн үлджээ. Ядарч туйлдаж байсан ч хэзээ ч итгэлээ алдаагүй өвгөний олз хумхийн тоос төдийхөн юм болов. Гэхдээ өвгөн үүндээ харамсаж гунихарсангүй, зүгээр л хэтэрхий хол ан хийжээ гэж дүгнээд ядарч туйлдсан амьтан гэртээ ирж унтваа. Унтаж байхдаа мөнөөх арслангийн сүргээ зүүдлэх ажээ. Өвгөн гэртээ шөнөөр ирсэн бөгөөд маргааш өглөө нь нутгийнх нь хүмүүс завиндаа бэхэлсэн асар том загасны толгойг хараад урьд хожид харагдаагүй гайхалтай том загас барьснийг нь шагшин магтах боловч энэ бүхэн нь өвгөнд тийм ч их чухал биш… Цаг хугацаа урсан өнгөрч хамаг дурсамж бүхнийг нь үгүй хийж. Халуунд халааж хүйтэнд дааруулж, дайнд дажинд дарлаж хамаг бүхнээс нь салгаж, хүнийг алж болох боловч хүсэл зоригийг нь хэзээ ч няцааж чадахгүй билээ.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.