
БНХАУ цахилгаан эрчим хүчний хямралтай нүүр тулаад буй Азийн цорын ганц улс биш юм. Энэтхэгийн цахилгаан станцуудын нүүрсний нөөц багассантай холбоотойгоор
Энэтхэг улс ойрын саруудад цахилгаан эрчим хүчний хурц хямралд орох төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна. Азийн 3 дахь том эдийн засаг болох Энэтхэгийн 135 цахилгаан станцын 63-т нь хоёр ба түүнээс бага өдрийн нүүрсний нөөц үлдсэн талаар Энэтхэгийн Эрчим хүчний удирдлагаас мэдээлжээ.
Дээрх 63 цахилгаан станцын 17-д нь нүүрсний нөөц дуусан бол 75 цахилгаан станцад нүүрсний 5 өдрийн нөөц үлджээ. Энэтхэгийн цахилгаан эрчим хүчний 70 хувь нь нүүрсэнд суурилсан байдаг ба тус улсад коронавирусын цар тахлын дэгдэлт багасч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэж эхэлсэнтэй холбоотойгоор цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгджээ.
Түүнээс гадна Энэтхэгт борооны улирал эхэлсэнтэй холбоотойгоор нүүрсний олборлолт болон тээвэрлэлт удааширсан нь цахилгаан станцуудын нүүрсний нөөц багасахад нөлөөлсөн аж.
Энэтхэгийн Эрчим хүчний яам хамгийн том нүүрс олборлогч компани болох Coal India Limited компаниас нүүрс олборлолтоо эрчимжүүлэхийг шаардаад байна.
Энэтхэгийн эрх баригчид нүүрсний хомстлын асуудлаа даруй шийдэхгүй бол эрчим хүчний салбарын компаниуд нүүрс өндөр үнээр импортлохоос өөр аргагүйд хүрч, цар тахлын дараа сэргэж буй эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэдгийг Японы Nomura группын шинжээчид онцолж байна.
Хятад улс нүүрсний нөөц багассантай холбоотойгоор цахилгаан эрчим хүчний хямралд өртөөд байгаа ба аж үйлдвэрүүд болон айл өрхүүдийн цахилгааныг хязгаарлаж эхэлснээр тус улсын эдийн засгийн өсөлтийг удаашрах төлөвтэй байна.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.