Залхуурцгаая, эрчүүд ээ

Twitter Print
2015 оны 07-р сар 05-нд 17:54 цагт
Мэдээний зураг,

Хэдэн зууны тэртээд Ньютон гуай залхуурч суутал толгой дээр нь алим унаснаар бүх ертөнцийн таталцлын тухай хуулиа нээчихсэн гэлцдэг шүү дээ. Ньютон ажилсаг хүн байж таараад модны сүүдэрт залхуурч суух бус эхнэртээ гурил элдэн гал тогоондоо зогсож байсан бол хүн төрөлхтний оюуныг урагш үсэргэсэн суут нээлтээ хийж чадахгүй байж.

Аймаар байгаа биз! Энэ тухай би эхнэртээ үргэлж хэлдэг хүн.

Гэвч алтан сургаалыг минь тэр нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ шал руу унагамагц хамаад хогийн савандаа хийчихнэ. Намайг сонин гарчиглаад түр зуур суугаадахъя гэхээр л авгай:

- Чи арай дэндүү залхуу юм аа гээд л үглэж эхэлнэ. Бөхийхөөсөө залхуураад тавгаа буйдан дээр тавилаа л гэнэ. Тавиур өөд зүтгээд шампунь авчихгүй залхуураад үсээ барааны савангаар угаачихаж, бүрзийгээд хэрэг алга л гэнэ. Над шиг залхуу хүн хорвоо дээр байхгүй юм байх аа. Заримдаа би тэвчээр алдаад:

- Тэгж ярих юм бол байгууллагын хөдөлмөрийн аварга хүн шүү, би чинь гэж хэлэх боловч хүүхдүүд энэ үгийг сонсоод:

- Юу гэнэ ээ, хөдөлмөрийн аварга гэнэ үү? Ийм залхуу байж уу… хэмээн савж унан инээлдэж намайг шоолно.

Бодоод байх нь ээ залхуу хүмүүс л дэлхий ертөнцийг хөгжүүлж, хүн төрөлхтнийг чирч явдаг байх юм. Хэрвээ эрхэм Ерөнхийлөгч маань ажилсаг хүн байж таараад барилга дээр борви бохисхийлгүй тоосго зөөгөөд гүйсэн юм гэхэд хэн улсыг удирдах вэ?

Тэр залхуурахдаа ширээний ард суудаг яршиг төвөг багатай ажил руу зүтгээгүйсэн бол хөөрхий бид удирдагчгүй байх нь.
Монголчууд их залхуу хүмүүс. Явган таваргаж явахаасаа залхуураад морь унаж давхихыг сэдсэнээр тээвэр холбоонд үсрэнгүй хөгжлийг авчирсан юм шүү. Их хаадын үед баруун европт байгуулсан ялалтын мэдээ морин өртөөгөөр оройдоо л 
Онон мөрний хөвөөнд хүрдэг байсныг хүн төрөлхтөн одоо ч шагшин гайхсаар л байна.

Үгүй тэгтэл европчууд биднээс илүү залхуу хогнууд юм. Хашин морины шогшоонд элэг бөөрөө унагачих шахан ондогонож явахаасаа залхуураад газрын тос идээд өөрөө явчихдаг тэрэг зохион бүтээчихээд намалзуулж явдаг болсон байгаа юм даа. Тэр бас юу ч биш, дараа нь 1905 онд ах дүү Райт гэж хоёр залхуу америк “УАЗ-469” тэрэгний хонины хонхорт сэгсчүүлж явахаасаа бас л залхуураад анхны онгоцыг зохион бүтээгээд өөрсдөө ниссэн байдаг.

Намайг ийнхүү бодолд автсан шиг хоолоо ганц хоёр сэрээдэж суутал, эхнэр:

- Чи арай ч дээ, махаа зажлахаасаа залхуураад том томоор нь залгичихаж байна шүү дээ. Үгүй чи минь яана даа гээд л үглэж эхэллээ. Би тэссэнгүй:

- Тэгж ярих юм бол чулуун зэвсгийн үеийн хүмүүс түүхий мах удаан зажлахаасаа залхуурч ялз чанасан мах иддэг болсноор оюун санаа нь үсрэнгүй хөгжсөн юм шүү дээ гэлээ. Хүү тэгтэл:

-Ха ха, аав аа, чулуун зэвсгийн үеийнхэн чинь таныг дагуулахгүй ажилсаг хүмүүс. Ээжүүддээ мах авчирч өгдөг байсан гэж байна.

-Тэр жил намайг нэг удаа дэлгүүр лүү сүүнд гүйхэд та хоёр өлгийтэй байсан, хүүхдүүд минь. Тэгж яривал, чулуун зэвсгийн үеийн эрчүүд эхлээд жад шидэж махаа олдог байсан юм. Тэгтэл нэг залхууд нь суганы булчирхайгаа цочоон жад шидэлж байх төвөгтэй санагдаад нум сум зохион бүтээчихсэн юм шүү дээ.

Нум сум гэдэг чинь хүн төрөлхтний оюуны үнэт өв гэж би хариу барилаа. Намайг ийнхүү алтан сургаалаа айлдаж суух зуур авгай тоос сорогчоо асаалаа шүү. Зочны өрөөний шал тавхан хоромд л цэмцийх нь тэр.

- Тэгж ярих юм бол, наад тоос сорогчийг чинь нэг залхуу япон эр зохион бүтээсэн юм шүү дээ. Наадах чинь байхгүй байсан юм аа гэхэд чи шүүр бариад яаж зовж энэ өрөөгөө цэвэрлэх байсан бол? гэж би хашгирлаа.

- Эргэн тойрноо хар! Энэ зурагтыг сонин уншихаасаа залхуурдаг хүн хийсэн юм. Тэр угаалгын машиныг бүтэн өдөржин цамцаа нидрүүлгэнд үрж суухаас залхуурсан хүн бодож олсон!.. гээд цааш тойруулан тоочих гэтэл авгай хүүхдүүд нэгэн зэрэг цагаан тугаа өргөлөө.

Нээрээ, хүмүүс залхуурдаггүй байсан бол яана аа. Хадан агуйдаа түүхий махаа зулгаагаад л сууж байх нь шүү дээ. Аймаар! 

А.Амарсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.