
Аав амралтынхаа мөнгөөр сайн зүлгэвэл нүүр ч харагдахаар Орос хром авав. Орой болгон тослоод орныхоо хөлд тавина. Өсөх насны тэрсхэн хөвгүүд бидний хөл гар хоног хоногоор л томорч байсан биз. Нэг өглөө ах, ааваас гуйж байна.
-Аав, та өнөөдөр амрах юм чинь гутлыг чинь өмсөөд хичээлдээ явлаа шүү. Болох уу? Аав зөвшөөрч байгаа янзтай "битгий шороо чулуу өшиглөөд хоншоорыг нь халцлаад хаячхаарай" гэв. Ах ч бөөн баяр "яалаа гэж дээ, хаанаас" гэсээр зөвшөөрөл буцаж, аав гутлаа аваад үлдчих вий гэсэн шиг гэрээс годхийн гарав.
Тийм сайхан гутал өмсөөд хичээлдээ явсан ахад атаархах, бас би ч гэсэн өмсөж болох юм байна гэсэн өчүүхэн итгэл төрөв. Маргааш нь зориг гаргаж "аав би таны гутлыг өмсөж хичээлдээ явж болох уу?" гэсэнд хүний урманд над руу харсан ч үгүй "чи арай болоогүй" гээд ээжийн цүнхний тасарсан оосрыг залгахаар амандаа бүдүүн тэвнэ зуунгаа шүдээрээ сийгүүлэн хэлэв.
"Хэнд нь өмсүүлээд хэнд нь өмсүүлдэггүй юм. Би лав эдний төрсөн хүүхэд биш байх" гэсэн гэнэн хөөргөн хар гэнэт төрж билээ. Даанч нэг өглөө тэссэнгүй. Өөрийнхөө муу дотогшоо гишгэсэн бакиалыг орны хөндий рүү шидэж, жийрэг даавууг нь гудсан доогуур шургуулж орхиод аавын гялгар хромыг шууд л жийчихлээ. Ялимгүй холхигнож байсан ч ер нь таарч байв. Хачин ганган амьтан хүүхдүүдэд гайхуулж харуулах санаатай сургуулийн хонгилоор өдөржин зориуд алхав. Оройхон гэртээ ирвэл аав миний муу ээтийсэн хоёрыг өмсөөд ажилдаа явжээ. Айсандаа гудсан доороос жийрэг даавуугаа суга татаж гаргаад аавын гутлыг хэд зүлгэж аятайхан зэрэгцүүлж тавиад ор луугаа шалавхийн орлоо.
Маргааш нь амралтын өдөр байж билээ. Би ч сэрчихээд толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөөд чимээгүй хэвтэнэ.
Аав амандаа бодвол боорцогтой бололтой үгээ таслан байж " хүүхдүүд том болжээ. Миний гутал хувцас бүгдэд нь таарах болж, мөн ч амархан юм даа. Маргаашнаас хоёр гутлаа дэрлээд унтдаг юм уу? Хаашаа юм. Үгүй тэр хөлийг нь хар даа" гэхэд хөнжлийн сэжүүрээр цухуйсан хоёр хөлөө татаж хулмайлдан нуулаа.
Пүрэвхүүгийн Батхуяг
2021-07-09. Зүрх уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.