
....Засгийн газар Онон голын эх, Гутайн давааг тусгай хамгаалалтад авахаа зарлаж, нутгийханд бүр амлалт өгсөн. Гэтэл яг тусгай хамгаалалтад авах болохоор Гутайн даваанд буюу хуулиар хориглосон ойн сан, усны сав газарт хууль зөрчин лиценз авсан “Пегматит майнинг ” компани нөхөн олговор нэхэж эхэлжээ.
Анхнаасаа хуулиар хориглосон газарт лиценз олгосон хүн нь БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа юм. Гэтэл энэ хүн өнөөдөр хариуцлага хүлээх байтугай БОАЖ-ын сайдын зөвлөх хийж байна. Авлигалын хэрэгт яллагдагчаар татагдсан хүн ийм албан тушаал хаших эрхгүй гэж үзээд түүний авлигал, ашиг сонирхолын зөрчлийг дэлгэж байна.
1. Г.Нямдаваа “Ойн сан, усны сав газарт ашиглалтын лиценз олгоход татгалзах зүйлгүй” гэсэн бичиг хийж өгч, Гутайн даваанд нутаг нэгтэндээ ашиглалтын лиценз олгосон.
Г. Нямдаваа Ховдынх. Засаг дарга ч байсан.Гутайн даваанд Ашиглалтын лиценз авсан “Пегматит майнинг “ компаний захирал Довчингийн Ганхуяг Ховдынх. Түүний “Пегматит майнинг ” компани БОАЖЯ-наас самар экспортлох тусгай зөвшөөрөл авч, олон жил Хятадуудтай хамтарч самар зөөсөн. 2 вагон самрын идээг хуурамч бичиг баримтаар хилээр давуулах гэж байгаад баригдсан. Самрын контрбандчид БОАЖЯ-д “Ховдын бүлэглэл” -ийг бий болгосон. Тэд БОАЖЯ-д Төрийн захиргаа удирдлагын газрын орлогч хийж байсан Ховдын уугуул Нэргүйн Баатарнямыг “Пегматит майнинг “-ийн гүйцэтгэх захирал болгож, хууль бус бүх зүйлийг бүлэглэж хийсэн.
”Пегматит майнинг” компаний лиценз нь ойн сантай давхцалтай ч “ашиглалтын лиценз олгоход татгалзах зүйлгүй “ гэсэн бичгийг яамнаас Г.Нямдаваа АМГ-руу явуулснаар Гутайн даваанд хууль зөрчин лиценз олгогдсон. Мөн Г.Нямдаваа өөрөө “Пегматит майнинг” компаний Шургадагийн голын алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг баталжээ Одоо Гутайн давааг тусгай хамгаалалтад авч лиценз цуцлая гэхэд Г.Нямдаваа улсаас “Пегматит майнинг ” компанид нөхөн олговор олгуулахаар хөөцөлдөж буй гэдэгт эргэлзэхгүй байна.
2. Г.Нямдаваа нь авлигалын хэргээр яллагдагчаар татагдаж байжээ.
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин,Байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдавааг 2018.12.10-ны өдрөөс албан тушаалаас нь түдгэлзүүлэн Авлигатай тэмцэх газраас шалгасан байна. Тэрээр “Агаарын бохирдлыг бууруулах” төслөөс “Гранд повер” компанид илт давуу байдал олгон улсад 1,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгагдаж байна.
3. Улсад 3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан компанид экспортын зөвшөөрөл олгожээ.
Өмнөх Д. Даваасамбын авлигалд холбогдсон самрын хэрэг буюу 133 тн самрыг хуурамч бичиг баримтаар хил давуулах гэж байгаад баригдсан “Альяанс менерал” компаний самар боловсруулах үйлдвэрийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсэн үнэлгээний тайланг баталж, экспортын зөвшөөрөл олгожээ . Гэтэл энэ компани нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны мэдлийн 133 тн самрыг хулгай хийж, яаманд 3 тэрбум төгрөг учруулсан хэргээр шүүхдэж буй компани билээ.
4. “Эко алтан заамар ”-т шороон орд ашиглах нарийвчилсан үнэлгээг баталж өгчээ.
Төв аймгийн Заамар суманд алт олборлогч “Эко алтан заамар ” компани нь Хууль зөрчин олборлолт явуулсан нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн дүгнэлт, мэргэжлийн Хяналын ерөнхий газрын улсын байцаагчийн актаар тогтоогджээ. Энэ дүгнэлтэд үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл “Эко алтан заамар “ компаний лиценз цуцлуулах дүгнэлт гаргуулах хүсэлтээ Ашигт малтмалын газарт гаргасан байдаг. Гэтэл яамныхаа бодлого шийдвэрийг эсэргүүцэн сөрж, яамны газрын дарга, Ерөнхий шинжээч Г.Нямдаваа “Эко Алтан заамар” компаний алтны шороон ордыг ашиглах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг баталжээ.
БОАЖЯ-ны лиценз цуцлах шийдвэрийг “Эко Алтан заамар” эсэргүүцэж шүүхэд өгсөн. Харин яамны сайд нь “эко алтан заамар”-ын экологид учруулсан хохирлыг тооцуулахаар тушаал гаргасан. Ингээд маргаан эцэслэн шийдэгдээгүй байхад яамны ерөнхий шинжээч Г.Нямдаваа сайдынхаа тушаалыг сөрж “Эко алтан заамар”-ын байгаль орчны үнэлгээг 2018.10.03ны өдөр баталсан байна.
5. Лицензээ цуцлуулж, дампуурлаа зарласан “Монгол газар ” компанид хууль зөрчин үнэлгээ хийжээ.
Архангай аймгийн Цэнхэр суманд тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монгол газар “ компаний алт олборлох явцад эвдэрсэн газарт эфель угааж, нөхөн сэргээлт хийх төслийн нарийвчилсан үнэлгээг баталсан нь лицензээ цуцлуулж , дампуурлаа зарласан компанид хууль зөрчин үнэлгээ хийсэн явдал юм.
6. Байгаль орчны үнэлгээ хийдэг ганц компанид давуу эрх олгож 43 ширхэг үнэлгээ хийлгүүлжээ.
Г. Нямдаваа нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан хэлэлцэж баталдаг Мэргэжлийн зөвлөлийн дарга болонгуутаа 2015.02.15-д эрхээ авсан “Санлотус” компанид илт давуу байдал олгож, 2 хон жилийн дотор 43 ширхэг байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгүүлсэн байна. /Ганц компанид шүү дээ /Эдгээрийн олонхи нь Богд хан уулын дархан цаазат газарт олгогдсон газрууд юм. Энэ компани өөр хүний нэр дээр байдаг ч ард нь өөрөө байдаг талаар БОАЖЯ-ныхан ярьдаг байна.
Ийм хүнээр зөвлөхөө хийж байгаа БОАЖ-ын сайд Н. Цэрэнбат та маш олон хууль бус үйлдэлд холбогдсон өмнөх сайдуудаасаа ялгарч чадах уу? Эсвэл Гутайн давааг тусгай хамгаалалтад авна гэх чинь зөвхөн сонгуулийн шоу юм уу???
Холбогдох баримтуудыг хавсаргав
Сэтгүүлч Б.ОТГОН
2020.01.13
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.