
Үр хүүхдүүд маань биднийх байдаггүй. Тэд хамт хооллож, хэдэн цистерн сүү ууж, хэдэн зуун хос гутал элээж, нэг бус ком аяга таваг хагалж, өмд цамцнаасаа суга өсөж, сахал тавьж, хөхний даруулга өмсөж, бүдүүн баргил дуутай болох хүртлээ өсөж, насанд хүрэх гэж бидэн дээр ирдэг. Тэд бидэнд фотошоп дээр хэрхэн ажиллаж, Telegram-д хүмүүстэй яаж харьцахыг зааж өгөхөөр ирдэг.
Түүнчлэн Австрийн эзэн хааны өмсгөлийг яаж оёхыг, “Спонж Боб” жигнэмэгийг яаж хийхийг, мөн хэлсэн үгэндээ хэрхэн хүрч, хэрхэн биеэ барихыг зааж сургахаар ирдэг. Хань ижил, хадмууд... бас муур нохойныхоо аяыг хэрхэн олохыг ч тэр...
Биднийг сурах ёстой бүхнээ сайтар сурч авсны дараа тэд явж, харин бид үлддэг. Үс нь цайж, ухаан сууж, өнчирч... Мэдээж үр хүүхдүүд маань бидэн дээр цай уух гэж, төрсөн өдрийн мэнд хүргэх гэж нэг бус удаа ирэх ч бүр мөсөн үлдэхгүй.
Ийм болохоор л үр хүүхдэдээ сэтгэл зүрхээрээ 100 хувь уусаж, тэднээр хоосон орон зайгаа дүүргэж болдоггүй. Үр хүүхэд гэдэг амьдралын хамгийн чухал хэсэг мөн ч амьдрал биш. Тиймээс тэднийгээ өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ хоёр дахь дээд боловсрол эзэмшиж, цэцгийн дэлгүүр нээж, Африк руу аялж, од сарны амьд бүхэнд үзүүлэх нөлөөллийг судалж байх хэрэгтэй.
Энэтхэгчүүд “Хүүхэд гэдэг бол танайд ирсэн зочин. Түүнийг хооллож, сургаж, тавьж явуул” гэлцдэг. Үүн дээр нэмж хэлэхэд хүүхэд бол хамгийн шилдэг багш бөгөөд анд нөхөр. Тэр бол зарц боол ч биш, өртөн ч биш.
Хүүхдүүд маань биднийх шиг стандарт мөрдөж, бидэн шиг бодож сэтгэдэг байх албагүй. Их дээд сургуульд сурч, хуримдаа цагаан даашинз өмсөж, тэр бүү хэл гэрлэх ч албагүй. Хүүхэд өөрийнхөө замыг туулах гэж л ирдэг бөгөөд эцэг эхийнх нь үүрэг түүнд өөрийнхөө зогсоолыг, тийзийг, мөн замыг тулгахгүй байхад л оршино.
- Ирина Говоруха
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.