Долоо хоногийн тойм

Twitter Print
2014 оны 07-р сар 20-нд 14:54 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахинд болон нийгэм, спортын амьдралд онцлох үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өндөрлөлөө. Дэлхий нийтийн анхаарлыг татаж буй Малайзын 295 зорчигчтой онгоц Украйнд осолдсон үйл явдал дэлхийн нийтийг цочролд оруулаад буй. Ингээд өнгөрсөн ажлын өдрүүдэд улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

 

Герман 4 дэх удаагаа дэлхийн аварга боллоо

Олон өдөр хүмүүсийн нойрыг хулжаасан Хөлбөмбөгийн ДАШТ дуусч Германы баг түрүүлж дөрөв дэх алтан медалиа хүртсэн билээ. Тэд шигшээ тоглолтонд Л.Месси ахлагч Аргентиныг нэмэлт цагт гоол оруулж хожсон юм. Немцүүд дөрөв дэх удаагаа түрүүлэхдээ олон дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Польш гаралтай довтлогч М.Клозе дэлхийн аваргад 16 гоол оруулж бүх цаг үеийн мэргэн бууч болсон бол Герман дөрвөн тэмцээн дараалан медаль хүртсэн анхны улс болов. Өмнө нь Бразил 1994 онд алт, 1998 онд мөнгө, 2002 онд алт, Герман 1982 онд мөнгө, 1986 онд мөнгө, 1990 онд алтан медаль хүртэж байсан амжилтыг ахиулсан юм.

Мөн Герман 12 дахь медалиа хүртэж өөрсдийн дээд амжилтыг шинэчилсэн.

Москва хотын метронд осол гарч олон хүн эрсэджээ

Өнгөрсөн мягмар гарагт ОХУ-ын нийслэл Москва хотын метронд  гэнэтийн осол гарч 24 хүн амь эрсдэж, 200 гаруй  хүн гэмтэж бэртжээ.

Москвагийн цагаар өглөө 9:00 цагт тус хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй дүүрэг болох “Славянский бульвар” болон Ялалтын парк буудлуудын хооронд метро замаасаа гарч, зүтгүүр толгой нь хонгилийн хана мөргөсний улмаас залгаа дөрвөн тэргэнд зорчиж явсан хүмүүс онцгой гэмтэж бэртсэн аж.

ОХУ-ын Онцгой байдлын яамны мэдэгдсэнээр, метроны цахилгаан замын чиглэл солигч гэнэт өөрчлөгдөж тээврийн цуваа мухар хонгил руу орсон учир машинист огцом тормоз гишгэсэн гэж үзэж байгаа аж.

Долоон бөх башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё тэмцээний гурав дахь өдөр их аварга Хакухо, Харумафүжи, Какүрюү нар бүгд өрсөлдөгчөө давжээ. Мөн хоёр озэки хүчтэй байгаагаа харуулж учраа бөхчүүдээ өвдөг шороодуулсан. Эхний гурван өдрийн дараах байдлаар долоон бөх нэг ч унаагүй башёг тэргүүлж байна.

Энэ сарын тэмцээнд манай улсаас 28 бөх мэргэжлийн сумод барилдаж байгаа. Тэдгээрээс 11 нь дээд зиндаа, тав нь жюүрёо зиндаа, найм нь макүшитад, гурав нь санданмэд, нэг бөх жонокүчид хүчийг үзэж байгаа аж.

Өсвөрийн бөхчүүд Европт

Чөлөөт бөхийн өсвөр үеийнхний дэлхийн аваргын тэмцээн Словакийн Сина хотод эхэллээ. Уг тэмцээнд 1997-1998 онд төрсөн хүүхдүүд оролцож байгаа аж. Манай улсын хувьд хөвгүүдээс 46 кг-д Н.Насанбуян, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб, 50 кг-д Б.Жүгдэрсүрэн, Булган аймаг, 54 кг-д Ч.Сүрэнжав, Чингэлтэй дүүрэг, “Ирээдүй Цогцолбор”, 58 кг-д Э.Тэмүүлэн, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб, 63 кг-д С.Энхболд, “Арслан” клуб, 76 кг-д З.Сумъяабазар “Арслан” клуб, 85 кг-д Н.Галсандорж, Завхан аймаг, 100 кг-д Б.Бямба-Эрдэнэ, Орхон аймаг “Хангарьд” клуб, охидоос 38 кг-д Ц.Лхамхүү, Баянхонгор аймаг, 40 кг-д Н.Азжаргал “Алдар” спорт хороо, 43 кг-д Б.Мөнхнар “Алдар” спорт хороо, 46 кг-д А.Наранцацрал “Алдар” спорт хороо, 52 кг-д С.Энхтунгалаг “БТСДуС”, 65 кг-д Э.Даваанасан “БТСДуС” нар эх орноо төлөөлөн оролцож байна. Харин багийн ахлагчаар Н.Гантулга “МЧБХ”-ны дэд ерөнхийлөгч, дасгалжуулагчаар Ц.Хосбаяр, Г.Пүрэвбаатар, шүүгчээр Л.Болормаа ажиллаж байгаа аж.
 

Нийтийн бие засах газраас сав суулга угаах ус түгээж байсныг таслан зогсоов

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас баяр наадмын хүрээнд шалгалт хийсэн бөгөөд үүний явцад нийт 433 зөрчил илрүүлж, газар дээр нь 225 зөрчлийг арилгуулж ажилласан байна.

Мөн төв цэнгэлдэхийн харьяа нийтийн бие засах газраас хуушуурын үйлчилгээ эрхэлж буй иргэдэд сав суулга угаах цэвэрлэх ус /хлоржуулсан/ түгээж байсан зөрчлийг таслан зогсоосон байна.

Хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан мэргэжлийн зөвлөмж бэлтгэн, 1000 ширхэгийг хэвлүүлэн тарааж, шалгалтанд хамрагдсан худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэгчдэд эрхлэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Эгч дүү хоёр цагийн ажил хийж 10.000 ам.долларын ном хандивлажээ

АНУ-ын Колорадо мужид сурдаг эгч, дүү хоёр цагийн ажил хийж, цуглуулсан 10.000 гаруй ам.доллараараа хөгжмийн холбогдолтой 300 гаруй ном, зохиол, сэтгүүл худалдан авч, Хөгжим бүжгийн коллежийн (ХБК) номын санд хандивлажээ. Эгч, дүү хоёр өмнө нь ЭХЭМҮТ-д зурагт хандивлаж, хэвтэн эмчлүүлж байсан цусны өвчтэй хүүхдүүдэд хувцас, хичээлийн хэрэгсэл зэргээр тусалж байсан аж. ХБК-ийн захирал, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат “Ном гэдэг хэмжиж, үнэ тогтоох боломжгүй бүтээл. Монголчууд номын цагаан буян дэлгэрэх болтугай гэж ерөөдөг. Энэ бүтээлийг хүний оюунд хандивлах нь том буян. Хөрөнгө мөнгөтэй бизнесмэн биш оюутан охин, сурагч дүүтэйгээ хамт цагийн ажил хийж авсан цалингаа өөрсдөдөө ч зарцуулалгүй хурааж, хөгжмийн онолын болон дэлхийн сор бүтээлүүдийг шингээсэн номыг манай сургуулийн номын санд хандивлаж байгаад үнэхээр талархаж байна” гэжээ. 

Н.Төгсцогт хүрэл медаль хүртлээ

Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчид Казахстан улсын нийслэл Алмата хотноо болох "Казахстаны ерөнхийлөгчийн цом" Олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнд оролцлоо. Уг тэмцээнд ОХУ, Куба, Украин, Казах зэрэг 10 гаруй орны олимп, дэлхийн аварга болон медальтай 18 боксчин хүч үзжээ.

Улмаар Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр тэмцээний эхний хоёр тойрогт өрсөлдөгчөө ялж, мөнгөн медалийн төлөөх тулаанд Казахстаны Тилегенуль Жанболаттай тоглож 1:2-оор ялагджээ.

 

Г.Алтанхүүд холбогдох хэрэгтэй Улсын Ерөнхий прокурор биечлэн танилцлаа

Айлын ганц охиныг харгис хэрцгийгээр зодож амь насыг нь хохироосон Г.Алтанхүү гэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаатай Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав, Улсын мөрдөн байцаах газрын дарга болон холбогдох хүмүүсийг байлцуулан энэ хэрэгт мөрдөн байцаалтаар нэмж зайлшгүй шалгаж, тогтоовол зохих олон асуудал байгааг онцлон авч үзлээ.

Тэрбээр хэргийг олон талаас нь, бодит байдлыг тогтооход онцгой анхаарч тодорхой асуудлуудыг шалгах талаар үүрэг даалгавар өглөө. Хэргийг Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгахаар болсон байна.

Малайзын 295 зорчигчтой онгоц Украйнд осолдлоо

Хараал нүүрлэсэн мэт Малайзийн иргэний агаарын тээврийн дахин нэг онгоц Украины нутаг дэвсгэр дээр “осолдсон” хэрэг гарлаа. Долдугаар сарын 17-ны өдөр Голландын нийслэл Амстердам хотоос орон нутгийн цагаар 12:30 хөөрсөн Boeing 777 нисэх онгоц Украины агаарын хилийг дайрч ОХУ-ын хилд дөхөж явах үед нь пуужингаар устгасан хачирхалтай хэрэг явдал дэлхий дахиныг гайхшируулж байна. Нисэх онгоцонд явсан 280 зорчигч, багийн 15 гишүүн бүгд амь үрэгдсэн тухай Украины Дотоод явдлын яамны сайдын зөвлөх Антон Геращенко мэдэгджээ.

Malaysia Airlines компаниас Голландын олон улсын Схипхол нисэх буудалд хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэнээр зорчигчдын 154 нь Голландын иргэд, Австралийн 27, Малайзийн 23, Индонезийн 11, Их Британийн 6, Германы дөрөв, Бельгийн дөрөв, Филиппиний гурав, Канадын нэг иргэн тус тус байсан аж.

Г.Алтанхүүг энэ сарын 22-нд шүүнэ

22 настай эмэгтэйн үхэлд буруутгагдсан Г.Алтанхүүд холбогдох хэргийг өнгөрөгч сарын 13-нд прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн. Тэгвэл уг хэргийн шүүх хурал энэ сарын 22-нд болох тов гарчээ.

Түүнийг хамтран амьдрагч Б.Цэдэн-Ишийг зодож, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан, амь насыг нь хохироосон хэмээн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Засгийн газар Хөвсгөлд хуралдана

Одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар 30 хэмийн халуунд, элсэн дунд хуралдаж байлаа. Улсын нийслэл Улаанбаатараас 600 км алсад Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг дахь Гашууны хоолой хэмээх газрыг зорьж очин хуралдсанаараа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд Монгол Улс хэрхэн анхаарал хандуулж буйгаа нотлохыг хичээсэн хэрэг.

Тус хуралдаанаар зөвхөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг тусгайлан хэлэлцсэн билээ. Тэгвэл энэ сарын 28-нд Засгийн газар Хөвсгөл аймагт хуралдах болжээ. Тус аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлын явцтай танилцангаа хуралдах юм байна.

Хогийн цэгийг чацарганы төгөл болгоно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран “Загвар хороо” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын иргэдийн санаачилгыг дэмжин, орчноо тохижуулахаар бичсэн төслийг нь хүлээн авч, хэрэгжүүлэх хөрөнгийг нь гарган, ажилд нь хяналт тавьдаг. “Загвар хороо” хөтөлбөрийн үргэлжлэл болгон нийслэлийн төвийн зургаан дүүргийн есөн газарт төсөл хэрэгжүүлэх болжээ.

Энэ удаа Хан-Уул дүүргийн XIII хорооны хоёрдугаар хэсэг дэх хогтой жалгыг цэвэрлэж, чацарганы төгөл байгуулна. Мөн Сүхбаатар дүүргийн XIV хорооны гэр хороолол дахь хур хогийг цэвэрлэн, тоглоомын талбай барихаар болжээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Алтаргана” наадамд оролцлоо

Найман мянганы тэртээгээс улбаатай буриад зон олны дундаршгүй түүх соёл, яндашгүй баялаг өнөө бидний үед уламжлагдан ирсэн. Монголд өдгөө 40 гаруй мянган буриад угсаатан бий гэсэн судалгаа байдаг. Буриад үндэстэн монгол орны Хэнтий, Дорнод, Төв, Сэлэнгэ, Дархан, Булган, Хөвсгөл, Өмнөговь аймагт төдийгүй ОХУ, ӨМӨЗО-д тархан суурьшиж байна. Олон мянган жил уламжлалт зан үйл, өв соёлоо түүчээлэн тээж ирсэн, ажилч хичээнгүй буриад зон олны “Алтаргана” наадам өнөөдөр Хэнтий аймгийн Дадал суманд эхэлж, эдгээр нутаг орноос 2000 гаруй төлөөлөгч “Алтаргана” наадамд оролцож байна.

Өв соёлоороо бахархаж, үндэсний хувцсаараа ижилсэн гоёсон буриад зон олны урлаг, спортын “Алтаргана” наадамд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, наадамчин олонд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.