
Өнөөдөр Ч.Дарвиныг суулгасан хөлөг дэлхийг тойрохоор хөдөлсөн өдөр
1831 оны 12-р сарын 27-ны өдөр залуухан Чарльз Дарвиныг /Charles Darwin/ суулгасан HMS Beagle хөлөг Английн Эдгкумбе уулын /Mount Edgcumbe/ орчмоос ахмад Роберт ФицРойгийн /Robert FitzRoy/ удирдлага дор хоёр дахь дэлхийг тойрох аялалдаа гарчээ.
1815 онд Наполеоны дайн дуусахад улс орнууд колоничлол болон хурдацтай хөгжиж байсан аж үйлдвэржилтээр өрсөлдөж эхлэв. Тэдний энэ үйл хэрэгт хамгийн хурдан гарц хэрэг болж далайн аяллын агуу эрин эхэллээ. Яг энэ үеэр анхны их аяллаа хийх гэж байсан Роберт ФицРой өөртэй нь адилхан шинжлэх ухааны төлөө гэсэн бодолтой хамтран аялах байгал судлаач хайж байлаа.
Английн эрдэмтдийг сайжруулах үүднээс геологич болон байгаль судлаач нарыг далайн аяллуудад явахыг засгийн газраас дэмжиж байсан нь нөлөөлсөн байж ч магадгүй. ФицРой алдартай байгаль судлаач профессор Жон Стивенс Хенслоуг /Professor John Stevens Henslow/ болон Хүндэт Леонард Женинсийг /Reverend Leonard Jenyns/ тус тус урьсан байна. Женинс явахыг маш их хүссэн ч биеийн байдал муу байсан тул татгалзжээ. Харин Женинсийг эхнэр нь ятгаж бас татгалзсан байна. Тэд хоёулаа 22 настай залуу, лам болхоор суралцаж байгаа Чарльз Дарвиныг авч явахыг зөвлөжээ.
Дарвин байгаль судлаачийн хувьд маш сайн бэлтгэгдсэн. Тэрээр их сургуулийн хоёрдугаар курсэд геологийн чиглэлээр сурахдаа геологиос уйдсан бөгөөд 1831 оны 4-р сараас 8-р сар хүртэл ахмад Адам Седгвиктэй /Adam Sedgwick/ хийсэн аяллынхаа үеэр маш их зүйлийг сурч, геологид сонирхол татагдаж дөнгөж эхэлж байжээ. 8-р сарын 24-нд профессор Хенслоу залуу Дарвинд урам өгсөн захидал бичиж аялалд явахыг ятгах гэж оролджээ.
Дарвин 8-р сарын 29-нд Седгвиктэй хийсэн аяллаасаа эргэн ирлээ. Тэрээр гэртээ ирээд явах хүсэлгүй байгаагаа бичээд явуулсан байна. Түүний аав нь аяллыг нь ихээхэн дэмжиж Дарвины авга ах улс төрч Жоза Ведгвуд II /Josiah Wedgwood II/-тэй хамтран аяллын зардлыг нь хариуцахаа амлаад арай гэж ятгажээ. 9-р сарын 4-нд ахмад ФизРой залуу Дарвины идэвх багатайг шүүмжлэн авч явах хүсэлгүй байгаагаа хэлсэн байна.
Гэвч Дарвин үүнийг тоолгүй шууд Англируу явж очоод ФизРойтой уулзжээ. ФизРой аргагүйн эрхэнд Дарвиныг авч явахаар болсон байна. Тэрээр эхэндээ гэрээсээ хол 3 эсвэл түүнээс их жил явж магадгүй бас аяллын төлбөр үнэтэй гарна гэх мэт авч явахгүй байх бүхий л аргыг хэрэглэжээ. ФизРой аялалдаа улс төрийн гэр бүлээс гаралтай үл мэдэгдэх залууг авч явах дургүй байгаагаа захидалдаа бичиж байсан байна. Тэрээр Дарвиныг френологи /phrenological/ буюу хүнийг царайгаар нь дүгнэдэг аргыг үндэслэж Дарвины хамар нь шийдэмгий бус байдлын илрэл гэсэн шалтгаанаар хасах гэж байсан гэдгээ хүртэл хошигносон янзтай хэлж байжээ.
9-р сарын сүүлээр явах гэж байсан аялал нь олон янзын шалтгаанаар хойшлогдов. Бүр Зул сарын баярын дараахан шартаснаас нэг өдөр алдаж байжээ. Эцэст нь тэд 12-р сарын 27-нд аяллаа эхлүүллээ. Ахмад ФицРой аяллын дундуур байнга судалгаа хийж байх ёстой байлаа. Дарвин түүнтэй адил бүх төрлийн тэмдэглэл хөтөлж өөрийн өдрийн тэмдэглэл, өдөр тутмын судалгааны тэмдэглэл зэргээ бүх төрлөөр хөтөлж байсан нь сүүлд түүний аяллын журнал болсон байна. Дарвины тэмдэглэлийн дэвтэр нь Эдинбургийн их сургуульд сурч байхдаа 1826 онд өөрийн ах Эразмустай /Erasmus Alvey Darwin/ хамт эрэг орчмыг судлахдаа, 1827 онд Роберт Эдмунд Гранттай /Robert Edmond Grant/ хэдэн сарын турш далайн амьтдыг судалж байсан үедээ байгалийн түүхийн тэмдэглэл хийж сурсан бөгөөд түүний тэмдэглэл мэргэжлийн өндөр төвшинд байлаа.
Аяллын үеэр Дарвин жижиг сээр нуруугүй амьтдыг судалж олон төрлийн амьтдын дээжийг цуглуулжээ. Энэ нь хөлөг Англид буцаж ирсний дараа эрдэмтдэд зориулагдсан. Дарвины тэмдэглэлийн талаас илүү хувь нь далайн сээр нуруугүй амьтдын талаар бичжээ. Түүний хуурай газар дээр хийсэн судалгаа нь харсан амьтдын зан байдал, тархалт, хүрээлэн буй орчинтой харьцах боломжит гаргалгаа, дүгнэлт тайлбаруудыг багтаасан болно. Тэрээр усан онгоцон дээрх байгалийн ухааны талаар маш сайн номуудаар дүүрэн номын санг сайн ашигласан боловч тэдгээрийн үнэн зөв эсэхэд байнга эргэлздэг байсан байна. Геологи нь Дарвины экспедицийн "үндсэн эрэл хайгуул" /"principal pursuit"/ байсан бөгөөд энэ сэдвээр бичсэн тэмдэглэлүүд нь амьтан судлалын тэмдэглэлээс бараг дөрөв дахин их байсан ч тэрээр хоёуланд нь өргөн хүрээний бүртгэл хөтөлж байжээ.
Аяллын үеэр тэрээр эгчдээ "Геологи шиг гайхалтай юу ч байхгүй, ятуу буудаж, ан хийх таашаал нь өмнөх үеийнхээ түүхийг өгүүлдэг нарийн ширхэгтэй чулуужсан яс олохтой зүйрлэшгүй юм" гэж бичжээ. Түүний хувьд энэ аялал нь биологийг судлах үндсийг бий болгож, хувьслын онол гаргах санааг төрүүлсэн гэж үздэг.
Дарвин энэхүү 5 жилийн аяллаас 1836 оны 10-р сарын 2-нд буусан даруйдаа гэр бүлийнхэн дээрээ очихоор явсан байна. Дарвин гэрлүүгээ аялж байхдаа өөрийнх нь хамгийн сайн анд нөхөр болж дотноссон хөлгийн ахмад ФизРойд зориулж бичсэн захиандаа аялж явахдаа харсан газар нутаг нь "үзэсгэлэнтэй, сэтгэл татам" гэж тайлбарлаад бас "Английн тэнэг хүмүүс өөрийн нутгийн хамгийн шим тэжээлт өвсийг ердийнхөөс арай илүү ногоон байна л гэж бодоцгоож байна".
Мөн тэр "Дэлхий даяар Английн тариалангийн газар шиг ийм үржил шимтэй газар байдаггүй" гэж бас бичсэн байна. Дарвины гэр бүлийнхэн түүнийг бараг өөрчлөгдөөгүй байна гэж байсан бол аав нь анх хараад л “Яагаад, толгойных нь хэлбэр нэлээд өөрчлөгдсөн” байгааг асуужээ. Энэхүү аялал нь дэлхийн түүхэн дэх хамгийн агуу биологичийг тус шинжлэх ухаанд шунан дурлуулж чадсан юм.
Аялал нь Английн өмнөд эргээс гарч Атлантын далайгаар Өмнөд Америк тивийн зүүн эргийн дагуу үргэлжлэн өмнөд эвэр хошуугаар тойрон Номхон далайд орсон. Ингээд Өмнөд Америк тивийн баруун эргийн дагуу аяласны эцэст номхон далайг хөндлөн туулж Шинэ Зеландаар дамжин Австрали тивийн зүүн болон өмнөд эргийн дагуу үргэлжлээд Энэтхэгийн далайд орсон. Энэтхэгийн далайг хөндлөн гарч Африкийн өмнөд Сайн итгэлтийн хошууг тойрон Атлантын далайг ахин нэг туулж одоогийн Бразил улсын Бахиа /Bahia/ боомтод очсоны дараа хойш чиглэн Англидаа буцаж иржээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.