
ХБНГУ-ын эрх баригчид нийслэл Берлин хотоор явганаар зорчиж буй иргэдийг аюулгүй, тав тухтай зорчиход зориулсан хуулийн төслийг баталжээ.
Берлин хотын оршин суугчид болон тус хотод тодорхой хугацаагаар амьдарч байгаа иргэдийг хол болон богино зайд явганаар алхах явдлыг хөхиүлэн дэмжихийн тулд Берлины холбооны газар нутгийн парламент өнгөрсөн сарын сүүлээр ХБНГУ-ын түүхэнд анх удаагаа явган зорчигчийн тухай хуулийн төслийг баталжээ. Уг хуулийн төсөл нь 2018 оны замын хөдөлгөөний тухай хуулийн үргэлжлэл болох аж. 2018 онд баталсан хуулийн төсөлд дугуйгаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах тухай тусгасан байсан ба иргэдийг хотоор зорчихдоо автомашинаас илүү дугуй эсвэл нийтийн тээврийг сонгохыг уриалсан хууль болсон юм.
Шинээр батлагдсан хуулийн дагуу гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэгт хийгдэх ажлын явцад явган зорчигчдод тав тухтай орчинг бүрдүүлэх, автомашины замгүй гудамж талбайг нэмэгдүүлж, хүүхдийн тоглоомын талбай барьж, гэр бүлээрээ зугаалах орчинг бүрдүүлэх, ногоон байгууламжууд, гудамжны сандалнуудын тоог нэмэгдүүлэх тухай тус тус тусгажээ. "Берлин хотод байгаа хүн тус бүр хүрэх газраа шулуун эсвэл хоорондоо холбоотой явган хүний замаар саадгүй хүрэх боломжтой байх ёстой." хэмээн уг хуулийн төсөлд онцолжээ. Түүнчлэн автозамууд дээрх явган зорчигчийн гарцын тоог нэмэгдүүлэх талаар ч дээрх хуулийн төсөлд тусгасан байна.
Эх сурвалж: DW
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.