
Хуучин цагийн коммунистууд хөөрхий, хүн л юм болсон хойно бас хорвоогийн ужид жаргал цэнгэлээс хоцордоггүй байсан бололтой. Одоо тэр “нууц” нь нэгэнт ил болжээ.
ЗХУ-ын В.И.Лениний нэрэмжит улсын номын сангийн есөн давхарт орших сан хөмрөгт тэр нууц хадгалагдаж байсан бөгөөд үзэл суртлын хориотой байсан тэдгээр эд зүйл дотор эротик болон порно “шинж чанартай” ном зохиол, уран зураг, сийлбэр, гэрэл зураг болоод кино байсан аж. Эдгээр 12 мянган эд зүйлс бүгдээрээ секс утга агуулагатай байсан учир большевикууд тусгайлан авчирч нууц сан хөмрөгтөө хадгаладаг байсныг “The Moscow Times” сонин онцолжээ.
Он цагийн уртад энэ сонирхолтой цуглуулга улам баяжиж ирсэн бол Москвагийн улсын их сургуулийн захирлын орлогч байгаад 1947 онд нас барсан Николай Скородумовын цуглуулганд байсан асар их тооны эротик хэвлэлүүд хориотой сан хөмрөгийн зонхиолох хэсгийг бүрдүүлсэн байна. Түүнийг нас эцэслэсний дараа 40 мянган ширхэг эд зүйлс хураасаны дотор 1763 ширхэг "эротик агуулгатай ном", таван мянган ширхэг "порно болон гаж" сэтгүүл, товхимол байсан аж. Тухайн үедээ уг цуглуулгыг үнэлсэн бол 14 мянган рублийн үнэ цэнтэй байсан байна. Ганц хүний цуглуулга гэхэд энэ бол асар их хөрөнгө, тэр цагийн БНМАУ-ын мөнгөн тэмдэгтийн ханшаар бол ойролцоогоор нэг рубль гурван төгрөг гэж бодвол 42,000 мянган төгрөг байж болох юм, үүнээс их байж болно (учир нь тэр үед төгрөгийн ханш чанга байсан, “Тарвагант” нэртэй ганц хайрцаг орос тамхи арван мөнгөний үнэтэй, шөлний эр хонь арав бил үү төгрөгийн үнэ ханштай байсан дуулддаг) Ингэж бодохоор оросууд тэр үедээ овоохон хөрөнгө хаяж “хориотой зүйлс” цуглуудаг байж дээ.
Улсын тусгай хамгаалалттай энэ нууц газар засгийн газрын хэдэн гишүүн ирдэг байсан аж. Тэдний дотор ЗСБНХУ-ын маршал Семен Буденный, мөн Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Михаил Калинин зэргийн том нөхдүүд байдаг байж. "Тэд ил захидал, гэрл зургуудыг сонирхож байгаа нь илт байдаг байсан. ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд ямар ч нууц газар нэвтрэх эрхтэй байсан учир тэднийг холбогдох албаныхан үг дуугүй оруулдаг байсан" хэмээн номын сангийн ажилтан Марина Черных өгүүлсэн байна.
ЗХУ-д тэргүүний ганц гэгддэг уг номын сангийн “хориотой тасаг”-ын цуглуулгыг 1960 – 1980 онуудад гадаадын материалаар сүүлийн удаа баяжуулсан байна. Энэ үеэр “The Beatles” хамтлагын пянзнууд болоод "Гей – энэ бол сайн зүйл биш", "Камасутра", Ксавьера Холландерийн зохиол "Жаргалтай янхан бүсгүй" зэргийн англи хэл дээр бичсэн ном, сонин сэтгүүл нэмэгдсэн аж.
Номын сангийн ажилтан Марина Черных өгүүлсэнээр тусгай тасгийн цуглуулгыг бүрэн судлаагүй байгаа бөгөөд ихэнхи зүйлс нь хаа ч бүртгэгдээгүй байгаа гэнэ. "Бид тусгай энэ цуглуулгыг өөрчилж үгүй хийхгүй байхаар шийдсэн. Уг цуглуулга бий болсон тэр цаг үеийн үзэл суртлыг хойчид сануулж үлдээх үүднээс" гэж Черных сүүлд нь өгүүлсэн аж.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505