Филиппины арлууд хүчтэй хар салхинд өртөж, 10 гаруй хүн амиа алджээ

Twitter Print
2020 оны 11-р сар 02-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гарагт Филиппины арлууд Гони нэртэй хүчтэй хар салхинд өртөж, хамгийн багадаа 10 хүн амь үрэгдсэн талаар БиБиСи агентлагаас мэдээлж байна. Гони хар салхи нь Филиппин улсаар 2013 онд дайран өнгөрсөн Хайян хар салхинаас хойших хамгийн хүчтэй хар салхи болоод байгааг ус цаг уурын мэргэжилтнүүд онцолж байна.

2013 онд Хайян хар салхины улмаас 6000 гаруй хүн амиа алдсан юм. Гони хар сал салхины улмаас хүчтэй аадар бороо орж, гол мөрнүүд үерлэж, хөрсний гулгалт үүсч, далайн эрэг орчимд далайн давалгаа 16 м өндөрт хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор хар салхинд өртсөн бүс нутгуудад замууд хаагдаж, цахилгаан тасарч, түр хорогдох байрнуудын дээврүүд нурж, хийссэн байдалтай байна. Гони хар салхи Катандуанес аралд хүрэх үеэр хурд нь 225 км/ц хүрч байсан гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Гони хар салхины хүч буурсан ч хар салхи байгалийн ноцтой гамшиг дагуулж, их хэмжээний хор хохирол үзүүлэх өндөр эрсдэлийг дагуулсан хэвээр байгаа гэдгийг Филиппины эрх баригчид иргэдэд анхааруулж байна. Эрх баригчид нийт 400 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Филиппиныг жилдээ дунджаар 20 орчим хар салхи дайран өнгөрдөг ба өнгөрсөн долоо хоногт тус улсыг дайран өнгөрсөн Молаве хар салхины улмаас 22 хүн нас барсан билээ.

Энэ жил коронавирусын цар тахлын улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажилд олон тооны хүндрэл учирч байгааг ч эрх баригчид онцолж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.