Пакистаны экс Ерөнхийлөгч П. Мушарраф 79 насандаа таалал төгсжээ

Twitter Print
2023 оны 02-р сар 06-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

1999 онд цэргийн эргэлтийн дараа Пакистаны төрийн эрхэнд гарч, 2001-2008 онд Пакистаны Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан Первез Мушарраф 79 насандаа таалал төгсжээ.

Пакистаны Зэвсэгт хүчнээс хийсэн мэдэгдэлдээ түүнийг өвчний улмаас Дубайд нас барсан болохыг дурджээ. П. Мушаррафийг Пакистаны төрийн тэргүүнээр ажиллаж байхад нь удаа дараа хөнөөхийг оролдож байсан ба тэрээр дотоодын эсэргүүцлийг үл харгалзан 2001 оны 9-р сарын 11-ний алан хядах ажиллагаатай холбоотой АНУ-ын зүгээс зарласан "терроризмын эсрэг дайн" - ыг дэмжсэн билээ.

2008 онд тэрээр ерөнхийлөгчийн албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсныхоо дараа эх орноосоо зугтсан юм.

Пакистаны төрийн эрхээс буусных нь дараа П. Мушаррафийг хэд хэдэн хэрэгт буруутгасан юм. Түүнийг Пакистаны Ерөнхий сайдаар ажиллаж байсан Беназир Бхуттогийн аюулгүй байдлыг хангаж чадаагүй хэмээн буруутгажээ. 2007 онд Беназир Бхутто амиа золиослогчийн гарт үрэгдсэн юм.

2013 онд түүнийг эх орондоо ирэхэд нь баривчилсан ч удалгүй батлан даалтаар суллажээ.

2016 онд П. Мушарраф эрүүл мэндийн шалтгаанаар Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотыг зорьжээ.

2019 онд Пакистаны шүүхээс түүнийг эх орноосоо урвасан хэрэгт буруутай гэж үзэн цаазаар авах ял оноосон ч шүүх удалгүй уг шийдвэрээ цуцалжээ.

Энэ бүх хугацаанд П. Мушарраф Дубайд байсан аж. Тэрээр өнгөрсөн ням гарагт Дубай дэх нэгэн эмнэлэгт нас барсан ба түүний цогцсыг гэр бүлийнх нь хүсэлтээр тусгай онгоцоор Пакистан руу илгээх аж.

Пакистаны Зэвсэгт хүчин, Пакистаны Ерөнхийлөгч Ариф Алфи болон Ерөнхий сайд Шехбаз Шариф нар Ерөнхийлөгч агсан Первез Мушаррафийн гэр бүл, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.