Уушгины хатгалгаа монголчуудыг сөхрүүлж байна

Twitter Print
2020 оны 02-р сар 16-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

-119 191 хүн өвчилсний 77 328 нь тав хүртэлх насныхан-

“Уханийн хатгалгаа” гэгдээд буй шинэ төрлийн коронавирусээс “суралцах” зүйл манай улсад цөөнгүйг өнгөрсөн өдрүүд харуулсаар байна. БНХАУ-д 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өчигдрийг хүртэл шинэ вирусээр 40 мянга гаруй хүн халдварласныг ДЭМБ мэдээлсэн. Тэгвэл дэлхий нийтийг чичрүүлж буй эл өвчнөөс ч дутахгүй “тахал” манайд жил бүр нүүрлэдгийг уншигч та мэдэх үү. Энэ бол уушгины хатгалгаа. ХӨСҮТ-ийнхний судалгаагаар өнгөрсөн онд гэхэд улсын хэмжээнд 119 191 (давхардсан тоогоор) хүн хатгалгаа тусжээ. Уг өвчний тархалтыг тахалтай зүйрлэсэн нэг шалтгаан нь энэ. Нөгөөтээгүүр, хатгалгаа үүсгэгч нь голдуу томууны болон томуу төст өвчний вирусүүд. Манайд ихэвчлэн томууны улиралд А хүрээний H1N1, H3N2, В хэв шинжийн вирус давамгайлдаг. Гэтэл ачир дээрээ гахайн ханиад буюу H1N1 нь 1918 онд анх Испанид дэгдэхдээ дэлхийн 50 сая хүнийг өвчлүүлж, 100 сая орчмыг нь тэнгэр рүү “илгээсэн” аюулт өвчин байх. Түүнээс хойш ч “зүсээ хувилган” хүн төрөлхтөн лүү хэдэнтээ дайрсан. H3N2 ч ялгаагүй шувуунаас хүнд халдварлан, тахал хэлбэрээр дэгдэж л байсан. Харамсалтай нь, бид эдгээрийг энгийн ханиад төдийхнөөр хүлээн авч, барагтай бол тоодоггүй.

Мал, амьтнаас хүнд халдсан вирусийн долоо дахь нь корона. “Тэд” бүгд л тахал хэлбэрээр тархаж, хүн төрөлхтнийг туйлдуулсан түүхтэй. Өмнөх зургаан вирусээс нь урьдчилан сэргийлэх вакцин, эдгээх эм, тариа хүн төрөлхтөнд байна. Тэгвэл манайд эдгээр вирус болон бусад үүсгэгчийн шалтгаантай томуу, томуу төст өвчнөөр жилд 300 гаруй мянган хүн халдварлаж, хүүхдүүд нь эмнэлгийн хонгил, шалан дээр хэвтэн эмчлүүлсээр л. Эмч нар 10-4 дүгээр сарыг томууны улирал хэмээдэг. Оргил үедээ дээрх тоо 450 мянгад хүрсэн үе ч бий. Үүнээс болж хүүхдүүд жилдээ 70, 80 мянгаараа уушгины хатгалгаа тусаж, олноороо эндэж байхад бид “Уханийн хатгалгаа”-г л айхавтар гэж бодоод байдаг. Гэтэл онцын ялгаа байхгүйг мэргэжлийнхэн хэлсэн. Тэд эмгүй, вакцингүй учраас л барьц алдаж буй. Харин Монголд урьдчилан сэргийлэх бүх арга нь байсаар атал уушгины хатгалгаанд жил бүр 300, 400 иргэнээ “зольж” буй нь дэндүү эмгэнэлтэй биш гэж үү.

Хамгийн гайхмаар нь, нийтээрээ эл нөхцөл байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй мэтээр ойлгож, ярьдаг. Харин ч тийм биш гэдгийг ойрын хэдэн өдрүүд “хэллээ”. Бид жилийн ганцхан улиралд л томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхэд алаг үрсээ, өөрсдийгөө аварч, хамгаалж чадна. Муухайгаар хэлэхэд, коронавирусийн “ачаар” бид амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүх ёстойг “мэдэж”, гараа угааж “сурлаа”. Хөл хорио тогтоосон, мөн иргэд хувийн ариун цэврээ дээд зэргээр сахиж буй тул томууны өвчлөл дагаад буурсныг эрүүл мэндийн байгууллагынхан мэдээлэв. ЭХЭМҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн ачаалал гэхэд сүүлийн 10 хоногт 40-50 хувь хүртэл буурч. Өмнө нь даваагаас баасан гарагт өдөрт дунджаар 200-300 хүүхэд үйлчлүүлдэг, бямба, нямд эл тоо 450-д хүрдэг байсан гэнэ. Одоо бол амралтын өдрүүдэд ч 250-иас хэтрэхгүй болжээ. Дүүргүүдийн эмнэлгийн хөл хөдөлгөөн мөн татарсан байна.

Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр нэгдүгээрт, иргэд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талын мэдлэг муутай. Өөрсдөө өвчлөхгүй ч үр хүүхдэдээ нян, вирус түгээж, дамжуулдгаа ухаардаггүй. Ядаж томууны улиралд олон нийтийн газраар явахдаа амны хаалт хэрэглэдэггүй, хүүхдүүддээ ч зүүлгэж хэвшээгүй өдий хүрч. Хоёрдугаарт, эрүүл мэндийн байгууллагынхан нь ч ханиад, томууны оргил үеэр энэ талын заавар, зөвлөмжийг ард иргэддээ төдийлөн өгдөггүй байж. Шинэ коронавирусийн тархалтын талаар өдөр бүр мэдээлж байгаа шигээ томуутай холбоотой мэдээллийг жилийн ганц улирлын турш долоо хоногт нэг удаа өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөөг олон нийтэд өгдөг болъё. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь ч коронавирусийн мэдээг тухай бүрт нь “цацаж” байгаа шигээ ажиллая.

Уушгины хатгалгаа гэдэг ямар хорон, аймшигтай өвчин болохыг бид коронавирусээр дамжуулж бага сага гадарладаг боллоо. Гэхдээ нарийн учрыг, яагаад хатгалгаа үүсдэгийг, шалтгаан нь юу болох, хэрхэн хүндэрдгийг мэдэх нь өвчнөөс сэргийлэхэд хүч нэмэх буй за. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохицуулагч О.Солонго “Амьсгалын эрхтэн тогтолцоо дээд, доод замтай. Төвөнхөөс дээших, доошихыг ингэж хоёр ангилдаг. Уушгины дундуур гуурсан хоолой, мөн гуурсанцар “яваад” хамгийн доод талд байрлах цулцанд хүрнэ. Энд гол хийн солилцоо явагдана. Өөрөөр хэлбэл, хамраар авсан хүчилтөрөгч цулцангийн хэсэгт түгээгдээд, тэндээсээ бүх бие, эрхтнийг хүчилтөрөгчөөр хангадаг. Уушги гурван сая цулцангаас бүрддэг. Амьсгалын тогтолцоог маш олон төрлийн вирус, нян өвчлүүлдэг. Нэг хүндрэл нь хатгалгаа. Энгийнээр тайлбарлавал, уушгины хамгийн доод цулцангийн хэсэгт нян, бактери үржин, үрэвсэж, хүнд тохиолдолд идээлэхийг хатгалгаа гэж нэрлээд байгаа юм. Хатгаагүй хэрнээ ханиалгадаг хүмүүс бий. Энэ бол амьсгалын дээд замд үрэвсэл үүссэнийг “хэлж” буй шинж тэмдэг. Доод замд бол гуурсан хоолой, гуурсанцрын үрэвсэл явагдаж болно. Ямар үүсгэгчээр халдварласнаас хамаарч, шинж тэмдэг нь харилцан адилгүй. Хатгалгаа нь голомтот, дэлбэнгийн, угийн, бүх сегментийг “нөмөрсөн” гэх мэт хэр талбайг хамарснаас шалтгаалж өөр өөр байдаг. Угийн хатгаа гэхэд уушгины, зүрхтэй хамгийн ойр байрлах хэсэгт нян вирус үржиж, өвчлүүлснийг хэлнэ. Том талбайг хамрах тусам аюултай. Учир нь уушгины бүх цулцан амьсгалд оролцож, хүн амьдарна. Гэтэл хүчилтөрөгчийн солилцоо явуулах хэсгүүд үхжиж, байхгүй болохоор яах вэ. Олон эрхтнийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, өөр өвчний шинж тэмдэг ч нэмэгдэнэ. Тиймээс аюултай гэсэн үг” хэмээн ярилаа.

Уушгины хатгалгаа нь нянгаар, вирусээр, мөөгөнцрийн гаралтай, бусад шалтгаанаар үүсдэг аж. Манайд голдуу вирусийн шалтгаантай нь зонхилдгийг албаныхан хэлсэн. Бага насны хүүхдүүд томуу, томуу төст өвчин тусаад, амархан хатгалгаа болдог нь ч учиртай юм байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаныхны хэлснээр, улсын хэмжээнд сүүлийн гурван жилд тав хүртэлх насны 223 мянган хүүхэд хатгалгаагаар өвдөж, 162 мянга нь хэвтэн эмчлүүлсэн байна. Жилд дунджаар эл насны 70 гаруй мянган хүүхэд зөвхөн уушгины хатгалгаа тусдаг гэхээр өндөр тоо юм.

Хүүхэд ой хүртлээ амьсгалын эрхтэн тогтолцоо нь бүрэн хөгждөггүй аж. Ерөөс хүүхдийн амьсгалын дээд зам буюу төвөнхөөс залгиур хоорондын зай нь богинохон байдаг тул гаднаас орж ирж буй агаар, нян, вирусийг “бүлээсгэх”, гадагшлуулж амжилгүй доош залгидаг гэсэн үг. Түүнчлэн томчуудыг бодвол халдвар эсэргүүцэх чадвар сул. Суурь эмгэгтэй, эсвэл дутуу төрсөн тохиолдолд уушгины хийн солилцоо явуулдаг цулцангийнх нь хамгаалах бодис бага байдаг. Мөн цус багадалттай, хоол тэжээлийн дутагдал, хямралтай, сульдаа буюу рахиттай хүүхдүүд халдварт өртөх нь амархан гэнэ. Дээрээс нь товлолын болон хатгалгааны вакцин хийлгээгүй бол эрсдэлийг улам нэмэгдүүлдгийг эмч нар хэлсэн. Тиймээс үргэлж хараа хяналт, асаргаа сувилгаа, хайр халамж шаарддаг хүүхдүүдээ халдвараас хамгаалж, өвчлүүлэхгүй байх нь томчууд бидний үүрэг биз.

Сэрүүн бүсийн улс орнуудын иргэд томуу, томуу төст өвчнөөр жилд дунджаар хамгийн багадаа дөрөв, түүнээс олон өвддөг гэсэн судалгаа бий. Өвчний шалтгааны 95 хувь нь вирусийн гаралтай буюу сэргийлж болно гэсэн үг. Харин бидэнд дээр дурдсанчлан энэ талын мэдлэг, мэдээлэл муугаас жилд 300 гаруй мянган хүн ханиад, томуугаар өвчилж, 110 гаруй мянга нь уушгины хатгалгаагаар хүндэрч, үүний улмаас 380-431 хүн нас барж байна. Тархалт нь “Уханийн хатгалгаа”-наас ч хол давсан тоо юм шүү. Нийслэлд гэхэд тав хүртэлх насны хүүхдийн хатгалгааны түвшин 10 000 хүн тутамд 1500- 1808 байна. Тэгэхэд насанд хүрэгсдийнх нь 282- 326 байх жишээтэй.

О.Бат-Ундрах 

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.