Метроны осол техникийн доголдлоос үүдэлтэй

Twitter Print
2014 оны 07-р сар 17-нд 13:04 цагт
Мэдээний зураг,

Москва хотын метроны Арбатско-Покровскийн шугаманд зорчиж явсан цахилгаан тэрэг замаасаа гарч осолдсон шалтгааныг замын чиглэл өөрчлөгч сумнаас шалтгаалсан гэж үзэх болсон байна. Оросын Холбооны Мөрдөн байцаах Хорооны албан төлөөлөгч Владимир Маркин энэ тухай мэдэгдээд, чиглэл өөрчлөгч төхөөрөмжийг суурилуулахдаа техникийн шаардлага хангаагүй байсныг тогтоосон болохыг тэмдэглэжээ. Үүний тулд төмөр замын аюулгүй байдлыг хангах үүрэг хариуцлага хүлээсэн замын ахлах мастер Валерий Башкатов болон түүний туслах Юрий Гордов нарыг баривчилсан байна.

Уг ослын шалтгааныг мөрдөн байцаах ажлын хэсэгт ойр эх сурвалжид үндэслэн «Ведомости» сонины мэдээлсэнээр замын аюулгүй байдлыг өдөр тутам шалгаж байх үүрэгтэй уг хоёр ажилтан замын чиглэл өөрчлөгч сумны техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүй болж таарч байгаа аж. Учир нь сумны  механизмыг ердийн нарийн төмөр утсаар торгоосон байсан учир төмөр замаар тэрэг орж ирэх үед гацаж цувааг өөр зам руу шилжүүлсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.

Гэтэл Москва хотын метроны бүх сүлжээ замд чиглэл өөрчлөгч сумны төхөөрөмжүүдийг шалгасан байсан, алдаа доголдол гараагүй байсныг нийслэлийн тээврийн департаментийн удирдагч Максим Ликсутов өчигдөр Засгийн газрын хуралдаан дээр мэдэгдэж байсан аж. Тиймээс Москва хотын захирагч Сергей Собянин метроны үйл ажиллагааг бүхлээр нь шалгах үүрэг даалгавар өгсөн байна. Харин хотын захирагчын орлогч Петр Бирюков ослын шалтгааныг судалж байгаа шинжээчид албан ёсны дүгнэлтээ долдугаар сарын 18-нд гаргана гэж мэдэгджээ. Энэ өдөр осол гарсан чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ дахин сэргэх юм байна. Энэ хугацаанд «Молодежная» болон «Киевская» өртөөний хооронд  150 автобус зорчигчдыг үнэ хөлсгүй тээвэрлэж байгаа аж.

Москва хотын метро шугам сүлжээний дарга Иван Беседин ослын үеэр ээлжийн амралтаа авсан байсан бол ажилдаа нэн даруй орж, “хотын метрополитен бүх л бүтэц зохион байгуулалтаараа тогтвортой ажиллаж байгаа. Ажилтнуудын халаа сэлгээний тухай асуудал мөрдөн байцаалтын явцад тодорхой болно биз” хэмээн мэдэгдсэнийг «Интерфакс» тэмдэглэсэн байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр хотын метро шугам сүлжээний дарга дотнын хүмүүсээрээ хүрээлүүлсэн явцуу арга барилаар ажиллаж ирсэн бөгөөд шугам сүлжээнй асуудлаар шаардлага тавьсан ажилтнуудаа халсаар ирсэн аж.

Энэ мэдээ баримт зарим талаар батлагдаж байгаа бол нийгмийн харилцааны сүлжээнд өчигдөр тавигдсан нэгэн мэдээллээр Москвагийн оршин суугч Сергей Молоствов гэгч «Киевская» өртөөнөөс «Славянский бульвар» орох хонгилд тээврийн тэрэгнүүд маш хүчтэй доргин ганхаж байгааг анхааруулсан мэдээлэл метрополитений удирдах газарт өгч байсан бол осол гарахаас  долоо хоногийн өмнө хариу өгөхдөө: «Дурьдсан шугам дахь төмөр зам техникийн норм, дагаж мөрддөг стандартын хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа бөгөөд төмөр замын залгаас хоорондын завсар техникийн нормд байгааг шалгасан болно» гэжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.