Агуу ялалтад Монголын ард түмний оруулсан хувь нэмэр

Twitter Print
2021 оны 05-р сар 09-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Дэлхийн II дайны Агуу их ялалтын түүхт 76 жилийн ойн баярын өдөр өө. Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын ард түмэн болон баруун Европын зарим орнууд Агуу их эх орны дайны ялалтын өдрийг баяр  жавхлантай тэмдэглэн өнгөрүүлдэг. Зөвхөн ОХУ төдийгүй энэ дайны үед Гитлерийн дэглэмийн эсрэг холбоотон болон дайнд оролцож байсан бүхий л орнуудад ялалтын баярын өдрийг тэмдэглэдэг нь зүй ёсны баяр билээ. Энэ өдөр А.Гитлерийн толгойлсон Германы фашизмыг бут ниргэсэн түүхэн тэмдэглэлт өдрийг даян дэлхийн ард түмэн дурсан тэмдэглэдэг бол жил бүрийн зургадугаар сарын 22-ны өдөр Оросын ард түмний хувьд дурсан, гашуудах өдөр тохиодог билээ. Учир нь германы фашизмын өдөөсөн энэхүү гашуудалт дайнд хуучнаар ЗХУ-ын ард түмэн 34 сая иргэнээ алдаж, ихээхэн гашуудал, гарз хохирол хүлээсэн түүхтэй.

Агуу түүхт ялалтын энэ л өдрөөс эхлэн дайны хүнд жилүүдийн дурсамж, эх орныхоо төлөө амь биеэ зольсон ахмадуудын алдрыг мөнхжүүлэх арга хэмжээг ОХУ-д зохион байгуулдаг. Учир нь чухамхүү энэ өдөр Агуу их Эх орны дайн эхэлж, Оросын ард түмэн хагас өлсгөлөнгийн байдалтай ч эх орныхоо төлөө бүгд эрслэн босч Германы фашизмыг газрын хөрснөөс бут ниргэн арчиж хаясан түүхтэй. Тиймдээ ч энэ өдрүүдэд ОХУ болон түүний холбоотон Монгол төдийгүй Европын зарим орон болон АНУ-ын зарим хэвлэл мэдээллээр дайны үеийн дурсамж нийтлэлүүд цувран гарч тэрхүү хүнд өдрүүдийн талаар түүх, дурсамж хэвлэн нийтлэгддэг. Энэ удаад ч Оросын зарим хэвлэл мэдээллээр “Монголчууд Гитлерийг ялахад тусласан нь” хэмээсэн мэдээ нийтлэл хэвлэгдэн гарч байгаа нь тодорхой.  Учир нь өнгөрсөн 2016-2017 онуудад л гэхэд “Московские новости” болон “Национальный журнал” сонинуудад “Гитлерийг ялахад Монголчуудын оруулсан туслалцаа” хэмээсэн нийтлэл гарч байсан байдаг.

Дайн хүнд жилүүдэд ЗХУ-ыг ганц түшэж тулах гол хүч нь Монгол улс байлаа. Зөвлөлтийн хувьд Монгол улс дайны цагт нэнэ чухал хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн, хүнс тэжээл,  түүхий эд нийлүүлэх түшиц газар төдийгүй Япончуудын заналхийлэлээс хамгаалах жийргэвч, “найдвартай ар тал” болж байлаа.

Учир нь Гитлерийн Германтай тэмцэхэд Зөвлөлт Холбоот Улсад хамгийн түрүүнд тусласан улс нь Монгол л байсан билээ. Монгол Улсын сайн дурынхан Улаан армийн бүрэлдэхүүнд дайтаж байсан бол Монгол Улсаас ирсэн танк, нисэх онгоц, дулаан хувцас, хүлэг сайн морьдын тусламж хэмжээгээрээ АНУ-ын зүгээс илгээж байсан түрээсийн зээл тусламжтай тэнцэж байсныг Оросын ард түмэн өнөөдөр ч дурсан тэмдэглэж байдаг нь зүй ёсны хэрэг юм.   

Гитлерийн Германтай хийх тэмцэлд ЗХУ-ын анхны холбоотон нь Их Британи ч биш АНУ ч биш байсан бөгөөд хамгийн түрүүнд туслахаар хандсан улсууд, ард түмнүүд нь Тува болон Монголчууд байсныг И.Сталин болон Г.К.Жуков нар дайны дараа ч тэмдэглэн үлдээсэн байдаг.

1941 оны зургаадугаар сарын 22-н буюу Гитлерийн фашизм итгэлийг нь эвдэн ЗХУ-д халдан довтолсон анхны өдөр л Монгол Улсын хувьсгалт намын Төв хорооны Тэргүүлэгчид, БНМАУ-ын Улсын бага хурлын тэргүүлэгчид болон Сайд нарын зөвлөлийн нэгдсэн хурал болсон түүхтэй. Энэ хуралдаанаар Монголын ард түмнээс найрамдалд Зөвлөлт Холбоот улсад бүхий л чадлаараа туслах түүхэн шийдвэр гаргасан байдаг. 

Энэхүү түүхэн шийдвэр нь 1936 оны гуравдугаар сарын 12-ны өдөр батлагдсан БНМАУ болон ЗХУ-ын хоорондын харилцан туслалцааны протоколоор хүлээсэн үүргээ монголчууд биелүүлэхээр чармайсан түүхэн шийдвэр байсан билээ.   МАХН, төр засгийн удирдлагын зүгээс гаргасан тэрхүү түүхэн шийдвэрийг Монголын ард түмэн уухайлан дэмжиж, улс орон даяар олон нийтийг хамарсан дэмжих цуглаан, жагсаал болж байжээ. Монголчууд Агуу их Эх орны дайныг өөрсдөд нь тулгарсан шударга бус дайн гэж үзсэн бол  тэдний хамтын ялалтанд оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй байсныг дэлхийн түүх мартаагүй байгаа.

Дайны эхний өдрөөс дулаан хувцас, хүлэг сайн морьдоо илгээх сайн санааны тусламж өрнөж эхэлсэн бол 1942 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс дайны фронтод илгээх танкын цуваа байгуулах түүхэн их үйл хэрэг өрнөж эхэлсэн түүхтэй. Монголын ард түмэн тухайн үед байгаа бүхнээ л өгсөн гэдэг. Монгол улсаас ЗХУ-ын “Внешторгбанк” руу нийтдээ 2,5 сая төгрөг, 100 мянган ам.доллар, 300 кг алтан эдлэл илгээсэн түүхтэй гэдэг. Тэгвэл “Внешторгбанк”-нд цугларсан дээрх мөнгөөр Т-34 танк 32, Т-70  танк 21-ийг авсан гэдэг. Дээрх танкын цувааг “Хувьсгалт Монгол” гэж нэрлэсэн бөгөөд энэ цувааг хүлээлгэж өгөхөөр 1943 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын удирдагч, маршал Х.Чойбалсан биечлэн очсон түүхтэй.

Тэрхүү танк болгон дээр  “Их хурал”, “БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс”, “МАХН-ын Төв хорооноос”, “Сүхбаатар”, “Маршал Чойбалсан”, “Хатанбаатар Магсаржав”, “Монгол чекист”, “Монгол ард”, “БНМАУ-ын сэхээтнүүдээс”, “БНМАУ дахь Зөвлөлтийн иргэдээс”, “Бага хурлаас” гэж томоос том бичсэн гэдэг. Түүнчлэн Монгол Улс Улаан армийн нисэх хүчний хомсдлыг арилгахад туслаж, 1943 онд хандив цуглуулснаар “Монгол ард” нисэх онгоцны эскадрилыг ЗХУ-д хүлээлгэн өгсөн байдаг.

Түүх сөхвөл 1943 оны наймдугаар сарын 18-ны өдөр Иосиф Сталин БНМАУ-ын удирдлагад тусламж үзүүлсэнд биечлэн талархал илэрхийлсэн байдаг. “БНМАУ-ын Ерөнхий сайд маршал Чойбалсанд. А.Гитлерийн эзлэн түрэмгийлэгчидтэй баатарлагаар тулалдаж буй Улаан армид “Монгол ард” байлдааны онгоцны эскадрилийг бүрдүүлэхэд зориулан хоёр сая төгрөгийн хандив цуглуулан өгсөнд танд болон танай засгийн газар, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард түмэнд Зөвлөлтийн Засгийн газар болон хувиасаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. “Монгол ард” эскаприлийн байгуулах БНМАУ-ын хөдөлмөрчдийн хүсэл биелэх болно” гэж тэрбээр мэдэгдсэн байдаг. Тэгээд ч удалгүй “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг бүтээн байгуулж, дайны гал дүрэлзэж байгаа фронтод илгээсэн нь дайны хүнд өдрүүдийг эрэлхэг зоригтойгоор даван туулж Германы фашизмын нийслэл байсан Берлин хүртэл эрэлхэг зоригтой тулалдаж, агуу эх орны түүхт ялалтад өөрийн түүхэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн түүхтэй.

Монголын ард түмэн эрвийх дэрвийхээрээ нэгдэн нягтарч, улаан армид хүнс, хувцас, арьс ширээр ч туслаж байж. Дайн эхэлсэн анхны жил болох 1941 оны 10 дугаар сар гэхэд л Монголоос Улаан армийн дайчдад хүргэх бэлэг ачсан анхны цуваа хөдөлсөн байдаг. Энэ цуваа нийтдээ 1,8 сая төгрөгийн үнэ бүхий 15000 өвлийн хос хувцас, 3000 илгээмж ачсан байжээ. Түүнчлэн ЗХУ-ын “Госбанк” 587 мянган төгрөг бэлнээр хүлээн авч байсныг Оросын ард түмэн түүхэндээ тэмдэглэж, ядуу буурай ч халуун сэтгэлтэй Монголын ард түмний түүхэн туслалцааг түмэн олноороо шагшин магтаж байсан түүхтэй. 

Агуу эх орны дайны эхний гурван жилд л гэхэд Монгол Улсаас тусламжийн найман цувааг Оросын ард түмэн, дайтаж байгаа арми нь хүлээн авч байсан түүхтэй.

Тухайлбал 1971 онд хэвлэгдэж байсан “Монгол ард” Эскадрил” номонд өгүүлснээр монголчууд 1942 оны 11 дүгээр сард явуулсан ганцхан цуваагаар гэхэд л 30115 ширхэг нэхий дээл, 30500 хос эсгий гутал, 31257 хос ноосон бээлий, 31090 ширхэг ноосон хүрэм, 33300 ширхэг цэргийн бүс, 2290 ширхэг ноосон цамц, 2011 ширхэг ноосон хөнжил, 12954 кг жимсний чанамал, 26758 ширхэг зээрийн гулууз мах, 316000кг мах, тусгай хувийн илгээмж 22176 ширхэг, 84800 кг хиам, 92000 кг тос илгээж байсныг дурдсан байдаг.

Монголчуудын цуглуулсан хөрөнгө АНУ-ын зээлийн мөнгөтэй тэнцэхүйц байсан бөгөөд энэ нь монголчууд өөрсдийгөө ч үл хайхран золионд гаргаж, Зөвлөлтийн ард түмэнд тусласны баталгаа байжээ. Тийм ч учраас ядуу буурай Монголын ард түмэнд 1944 оны өвөл өлсгөлөн нүүрлэж байсан түүхтэй.

Эдгээр тусламжаас гадна агуу их Эх орны дайнд сайн дураар оролцсон монгол цэргүүдийн тоог өнөө хэр нарийвчлан гаргаагүй ч Дорнод фронтод ойролцоогоор 500 орчим монгол цэрэг дайтсан гэж түүхчид үздэг юм билээ. Тэд морьт хороо, их бууны ангид алба хааж байсан бөгөөд төрөлхийн анч монголчууд сайн мэргэн буудагч болдог байсныг ч дурссан түүхтэй. 

Дайны жилүүдэд сайтар сургагдан, хүчирхэгжсэн Монголын арми Квантуны армийн эсрэг хүчтэй зогсож, тэднийг бут ниргэхэд өөрсдийн үүргээ гүйцэтгэсэн түүхтэй. Ах дүүгийн найрсаг, нөхөрсөг харилцаатай Монгол Улсын зэвсэгт хүчний дэмжлэгээр ЗХУ Алс Дорнодоос хэд хэдэн дивизийг Дорнод фронт руу шилжүүлж чадсаныг ч түүхчид дурсан тэмдэглэцгээсэн байдаг. Агуу их Эх орны дайн дууссаны дараа 1945 оны наймдугаар сард 10 монгол хүн тутмын нэг нь Зөвлөлт-Японы дайнд оролцож байсныг түүхэнд тэмдэглэсэн нь бас ч нарийн учиртай. 

Ийнхүү Европ даяар сүйрэл, дайны утаа дүрэлзүүлсэн дэлхийн II дайны ялалтад ядуу буурай ч Монголын ард түмний оруулсан түүхэн туслалцаа дэмжлэгийг дурсан санах өдөр өнөөдөр тохиож, агуу их ялалтын түүхт 74 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.