
БӨХЧҮҮДЭДЭЭ ХҮРГЭХ ЧИН СЭТГЭЛИЙН ЗАРИМ САНАА
Энэ жил олон сайхан наадам үзлээ. Бөхийнхөө барилдааныг л голлон харлаа. Бөхчүүдэдээ хандаж хэлмээр санаа хэд хэд байна. Миний бие амьдралынхаа 28 жилийг бөхийн төлөө зориулсан, бөхийн сэдвээр дуу, шүлэг, найраглал, өгүүлэл, найруулал, тэмдэглэл олон арвыг бичсэн, ярилцлага олныг хийсэн, бие даасан ном олныг гаргасан, сонин сэтгүүл хэд хэдийг санаачлан гаргаж, эрхлэгчээр нь ажилласан хүн юм. Багаасаа бөх үзсэнээ, одоо ч үзэж яваагаа бодвол бөхөөс ангид хүн биш гэж өөрийгөө бодож байна. Ингэж бие, хэл, сэтгэл гурав минь бөхтэй холбоотой болохоор бөхчүүд та нартаа хандан та нараа улам сайн сайхан байгаасай гэсэн сэтгэлээс үгээ хэлэх эрхтэй, хамгийн гол нь үүрэгтэй гэдгээ ухаарч байна.
1.Бөхчүүд та нар маань цог золбоотой, хийморь жавхаатай байх ёстой. Та нарын тэр байдал ард түмнийгээ золбоо хийморийг өргөж өгдөг учиртай. Та нараасаа золбоо хийморь авах гэж бид та нарынхаа барилдааныг үздэг юм шүү дээ. Гэтэл дэвэх, дэлэх, шавах, тахимаа авах, өгөх, тугаа тойрох үйлдэл хөдөлгөөнөө нэг л ер бусын унжгар, улбагар, залхаж яршигласан, ядарч зүдэрсэн мэт байдалтай хийж оромдох болчихжээ. Та нар энэ байдлаа эргээд харцгаагаарай. Үнэхээр санаа зовмоор, сэтгэл гундмаар харагдаад байна шүү. Бусад хүмүүс үүнийг ингэж ил шууд хэлэхгүй, ам амандаа дур гутаж явдаг байж магад. Энэ бол монгол бөхийн цаашдын хуь заяанд туйлын харамсалтай үр дагавар авчрах нигууртай юм. Намбалаг, жудаг төгөлдөр, даруу төлөв байдал бол өнөөгийн та нарын үзүүлж байгаа унжгар, улбагар, залхаг байдлаас их өөр. Шавшгай, шалмаг, золбоолог байдал үндсэндээ алга болж байна шүү, нөхөд минь. Үүнийг дор дороо сайтар бодоорой, бодоод засаарай.
2.Гүйж яваад ойчихсон жаахан хүүхдэдээ монголчууд “Унасан газраа удаан хэвтдэггүй юм, хурдан босоорой” гэдэг ард түмэн. Энэ бол зөвхөн ёр бэлгэдэлийн төдийгүй шинжлэх ухааны гүн утгатай ухаан билээ. Гэтэл бөхчүүд маань унасан нь өөдөө хараад хэвтчихдэг, өвдөглөж суугаад босдоггүй, хаясан нь унасныхаа дэргэд хараад суучихдаг болж байна уу даа.
Энэ байдлаа анзаараагүй бол эргээд үзэцгээрээрэй. Яавч сайхан харагдахгүй дээ. Энэ муухай юмаа яаралтай болих хэрэгтэй. Унахгүй хүнд уначихаад харамсаад, уйлаад багтраад байгаа юм уу? Барилдаан гэдэг чинь унаж л байдаг, хаяж л байдаг эрчүүдийн шударга наадам бус уу?
3.Монгол бөхөд байдаггүй бас нэг гажуудлыг та нар бий болгоод эхэллээ. Давсан ах цолтой нь улбайтал дэвсэн болоод “Би үүнээс цааш алхах тэнхэлгүй боллоо” гэсэн шиг эсвэл “Чи муу ирж тахимаа өг” гэж ихэрхсэн мэт дороо зогсчино, унасан нь дуртай дургүй гэлдэрч ирээд ёс төдийн тахимаа өгнө. Зарим нь бүр элэг бүсээ хурдхан тайлаад тахимаа өгч, авахын оронд цаашаа хараад алхчих болж. Энэ юу болж байна аа? Хаясан нь унасан бөхийн “тоосноос” шаламгайлан сугаран гарч алсхан явж золбоотойхон дэвээд гүйж ирэхэд унасан нь энэ зуур босоод элэг бүсээ тайлчихсан угтан очиж тахимаа өгөлцөж, авалцдаг ёстой биш билүү?
Би үүнийг санаасаа мэдэмхийрэн цэцэрхээгүй, 1940-2000 оны орчмын барилдааны бичлэг, киноноос харан бахархаж явдаг байсан сэтгэлээсээ хэлж байна. Та нар бас эдгээрийг үзээрэй, тэгээд дор дороо дүгнэлт хийгээрэй.
4.Бас нэг муухай гажуудал 2000-аад оны эхнээс гарсан нь хаячхаад гараа гозолзуулан хаашаа ч хамаагүй харайдаг, уйлдаг, газарт сөгдөн мөргөдөг болсон явдал. Энэ бол “давах аргагүй хүнийг азаар л давлаа, хүрэх аргагүй цолонд чуу гэж л хүрлээ” гэдгээ хэлж байгаагаас өөр юу ч биш. Баяр хөөр, гомдол харууслаа ил гаргадаггүй гүдэс гүндүүгүй зан буюу тэгш сэтгэл гэж юм эр хүнд, ялангуяа үйлдэл хөдөлгөөн бүхэн нь олны өмнө ил байдаг бөх бүхэнд байх ёстой юм шүү.
Эцэст нь хэлэхэд энэ бүхнийг засаж залруулахын тулд бөхийн барилдааны дүрмэнд энэ бүхнийг ёсчлон үйлдэхийг шаардсан, хорьсон тусгай заалт оруулж, шаардлага биелүүлээгүй бөхийн барилдах эрхэд нь халдах замаар биш, бөхчүүд өөрснөө л дор дороо хичээгээд засаад авах ёстой юм. Энэ үйлсийг аварга, арслан тэргүүтэн том цолтнууд нь манлайлах хэрэгтэй юм.
Энд миний хэлж байгаа үг бол Монгол бөх гэдэг өв соёлдоо хайртай, Та нарт хайртай хүн бүрийн сэтгэлээс гарах үг бөгөөд би тэднийхээ нэг нь л юм шүү.
Та нараа үг авна гэж найдан харж байя, харуулаад өгөөрэй бөхчүүд минь.
Довдонгийн ДАНЗАН (МУСГЗ, ФМУ-ны доктор)
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.9.40.108) 2023-08-09 10:48Хамгийн аймаар нь томчууд нь бүх наадмыг найрч, түрүүг эхнээс нь тодруулдаг явдал гэдгийг бүгд мэдсээр хэрнээ үүнийгээ ярихгүй, засахгүй, ард түмнийг хуурч доромжилж байгаагаа зогсоогооч.
Хариулах
Тогтоол
(192.82.70.85) 2023-08-08 13:08Монгол бөхийнхөө дэг,ёс жайгийгдээдлэж яваарай БӨХЧҮҮДЭЭ Манайх гадаад орны алива үйлдэлийг дуурайх дуртай ... Харин Японы СУМО бөхийн ёс дүрэмээс суралцахад авах юм их бий шүү \\авахын авч гээхийн гээн бизээ....
Хариулах
Даваа
(183.177.98.242) 2023-08-08 11:13Бөхчүүдэд үнэхээр ард иргэдийг хүндлэх, нэрээ хичээх зүйл гэж байхгүй болсон. Захын фитнесс клуб, GYM-д ороод хараарай хамгийн бүдүүлэг, бохир, чанга дуу гаргасан, бие биенээ элдэв үгээр хэлж загнаж байгаа нь бөхчүүд байдаг. Бусад үйлчлүүлэгчдийг хүндэлдэггүй цаанаа нэг дээрэнгүй, басамжилсан өнгөөр харьцдаг. Уусан ундааны саваа ч хогийн саванд хийж чаддаггүй хүмүүс ш дээ.
Хариулах
Адилхан
(183.177.98.242) 2023-08-08 11:16энгийн иргэд хэрвээ та нар шиг тусгай бэлтгэл хийж, бөх болохоор зорьсон бол өдийд та нар дэргэд нь хэн ч биш байхаар олон залуус, ах нар байгаа гэдгийг бодоорой.
Хариулах