Хятадууд ТЭЦ-IV-ийн хажууд химийн хортой бодис булжээ

Twitter Print
2014 оны 07-р сар 17-нд 11:49 цагт
Мэдээний зураг,

Улсын онц чухал обьект болох ТЭЦ-IV-ийн хажууд хятадууд химийн хортой бодис булж байгаад цагдаагийнханд баригджээ. Хуучнаар дотоодын цэрэг одоогийн Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын хамгаалалтад байдаг дулааны станцын орчимд олон зуун өрх амьдардаг. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах энэ хэсэгт одоогоос сар гаруйн өмнө хятадууд нүх ухаж бэлдсэн гэнэ. Анхандаа иргэд тэднийг хог цэвэрлэж байна гэж боджээ. Гэтэл цэвэрлэсэн хэсэгтээ нүх ухаж олон тооны савтай зүйл газар булж эхэлсэн байна. Бодис нуусан газрын ойр орчимд эвгүй үнэр ханхийж эхэлсэн учир Мэдээлэл шуурхай удирдлагын төв рүү утасдаж хэлсэн байна.

Өнгөрсөн сарын 22-ны өглөө дуудлагын дагуу цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид ТЭЦ-IV-ийн хажууд очиж шалгажээ. Гэтэл аль хэдийнэ бодисуудыг булчихсан байсан гэнэ. Онцгой байдлын албаны цацраг, химийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд цугласан иргэдийг холдуулан, хортой бодис булсан газрын ойр орчимд усан хөшиг татсан байна. “Усан хөшиг татах” гэдэг нь хорт бодисыг саармагжуулж, цааш тархахаас сэргийлэх зорилгоор ашигладаг арга гэдгийг албаны хүн хэллээ. Ингээд бодисуудыг нүхнээс ухаж гаргаж тоолоход 60 литрийн багтаамжтай 13 сав, 20 литрийн гурван савтай шингэн бодис байжээ.

Савтай бодисуудын нэг нь задарч, газар нэвчсэн байсан гэнэ. Химийн бодисын нөлөөгөөр тэнд ажилласан албаны хүмүүсийн толгой эргэж, нүд нь хорсчээ. Юу болохыг хятадуудаас асуухад, эхлээд “тарган цавуу” гэж мэдүүлсэн гэнэ. Дараа нь, мал амьтны халдварт өвчний үед ариутгалын зориулалтаар хэрэглэдэг “формальдегид” гэсэн байна. Эргэлзээтэй мэдээлэл өгч, яриа нь зөрж байсан учраас энэхүү химийн хорт бодисыг шинжлүүлэхээр дээжийг нь Гаалийн төв лабораторид шинжлүүлэхээр илгээжээ.

Эх сурвалжийн яриагаар энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж. Химийн бодис булсан хятадууд “Yong Та Shin” компанид ажилладаг гэнэ. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Х.Төмөр гэдэг монгол залуу ажилладаг бөгөөд өөрийн компаниа “Шинэ зуун” компанийн охин компани гэдгийг хэлжээ. Мөн “Манай ажилчид химийн бодис булж байгааг би мэдээгүй. Ийм заавар чиглэл өгөөгүй” гэж тайлбарласан байна.

Бид энэ хэргийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Цацраг, химийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Дамбадаржаагаас тодрууллаа.

-Химийн бодис булсан гэсэн мэдээллийг хэн, хэдэн цагт өгсөн бэ? 

-Шуурхай удирдлагын төвийн утсанд тухайн өдрийн 09.30 цагт "Б" гэдэг хүн уг мэдээллийг өгсөн. Эндээс би, Аврах ангийн захирагч, дэд хурандаа Дамдинсүрэнтэй хамт очсон. Шуурхай бүлэг 105-ынхан Төв аймагт ажилтай байж тараад, бидний дараа ирсэн. Биднийг очиход хагарсан нэг сав нь ил гарчихсан байсан. Үлдсэн бодисуудыг булсан хүмүүсээр нь гаргуулж чингэлэгт хийж битүүмжилсэн байгаа. Онцгой байдлын 18 дугаар ангийнхан ирж газар дээр нь хамтарч ажилласан.

-Тэр бодисуудыг ямар зорилгоор булсан гэж хэлсэн бэ?

-Бидэнд компаниа дөнгөж сая худалдаж авсан. Барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа явуулдаг гэж хэлсэн. Компаниа авахад хашаанд нь тэр бодисууд байсан. Хэрэглэх шаардлагагүй учраас газарт булсан гэж тайлбарласан. Тэгсэн мөртлөө өмнөх компанийх нь нэрийг мэдэхгүй гэж өөрсдөөсөө зайлуулж байна лээ.     

-Энэ бодис нь энгийн химийн бодис уу, хортой бодис уу?

-Химийн хортой бодис. Химийн бодисыг ТЭЦ-IV-ийн хажуугийн цэвэр усны далангийн хооронд булсан байсан. Ойрхон гүний худаг байгаагүй ч тэр хэсгээр цэвэр усны шугам явдаг юм билээ. Бодисуудыг булсныг мэдээгүй бол сав нь задарсан тохиолдолд оршин суугчдын эрүүл мэндэд яаж нөлөөлөхийг таах аргагүй. Биднийг тэнд ажиллаж байхад хоолой, нүд хорсч байсан. Арьсанд бас нөлөөлж байна лээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.